sonin.mn

Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хуультай зөрчилдсөн, Монгол Улсын иргэдийн эзэн эрхийг боомилсон шинжтэй байгаа гэж үзэн, ШИНЭ намаас мэдээлэл хийлээ.


Энэ үеэр ШИНЭ намын гишүүн, эрхзүйч Б.Баярмаа, эрхзүйч М.Сайнбаяр, эдийн засагч Б.Мөнхжаргал, эдийн засагч Т.Баярхүү нар мэдээлэл өгөв.

Тус намын албан мэдэгдэлд: "Үндсэн хуулийн 6.2-т “...Байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл ҮБСтХ-д “Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхийг хориглоно.“ гэж заасан нь Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөж байгаа юм. 



Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьцааг зөвхөн хөрөнгө бэлтэй хувь хүн, компаниуд л худалдан авах буюу баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн биш хэсэг бүлэг олигархиуд л хүртэх нөхцөлийг бүрдүүлж байна. 



Бусад улс төрийн нам, Иргэний нийгмийн байгууллага, нийгмийн бүлгүүдтэй зөвшилцөлгүйгээр нэг нам дангаараа боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь баялгийн жинхэнэ эзэн болох иргэдийн мэдэх эрх болон бодлого, шийдвэрт оролцох, хянах, нөлөөлөх, хариуцлага тооцох эрхийг хумьсан бөгөөд хэт ерөнхий, тойм төдий томъёологдсон, хэтэрхий товч, нарийвчилж зохицуулаагүй, хэрэгжих арга механизм тодорхой бус гэхчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 заалтыг зөрчсөн байна. 

 Монгол Улс 2009 онд “Хүний хөгжлийн сан” байгуулсан ч МАН, АН-ын сонгуулийн амлалтыг биелүүлэхэд ашигласаар өр, зээлдээ баригдаж, улмаар татан буулгасан. Дараа нь 2016 онд “Ирээдүйн өв сан”-г байгуулж, 2030 он хүртэл хуримтлалд нь “гар хүрэхгүй” байхаар хуульчилсан ч тус сангаас “Хүүхдийн мөнгө”-ийг олгох болсон. Энэ мэтчилэн өмнөх сангуудыг дампууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ардын нам дангаараа засаглаж байгаа энэ цаг үед, тэр тусмаа бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй одоогийн парламентаар ҮБСтХ-ийг хэлэлцүүлж болохгүй гэсэн байр суурийг ШИНЭ нам илэрхийлэв. 


Бид зөвхөн шүүмжлэх бус тодорхой саналуудыг дэвшүүлж байна. Үүнд: 


1. Баялгийн жинхэнэ эзэн-иргэдээр хэлэлцүүлж, саналыг тусгах;

2. Баялгийг авлигачдаас хамгаалах зорилгоор “хамгаалалтын тойрог” байгуулж баялгийн орлогыг хулгайлах, идэж шамшигдуулах, буруу зарцуулахаас сэргийлэх;

3. Газар, Хөрөнгө оруулалт, Ашигт малтмал, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хууль зэрэг шууд уялдаа холбоотой хуулиудтай хамт хэлэлцэх;

4. Улс төрийн зөвшилцлөөр шийдэх;

5. Шинээр байгуулах УИХ-аар батлуулах;

6. Улс төрөөс хараат бус, бие даасан 100% “Ард түмний баялгийн сан” байгуулах;

7. Хамгийн шилдэг хуульч, судлаач, эрдэмтэн, эдийн засагч, стратегичдээс сонгон шалгаруулж, менежментийн баг бүрдүүлж, санг удирдуулах;

8. Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх арга механизмыг нарийвчлан тодорхойлохыг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс шаардаж байна. " гэжээ.


Энэ үеэр эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: "Засгийн газраас өргөн баригдаж байгаа хууль бүрийн цаана, төсөл бүрийн цаана ОУВС байдаг. ОВУС-ын цаана долларын эзэд буюу Рио Тинто зэрэг нөхдүүд бий. 2019 онд бидний маргалдаж, тэмцээд байсан Үндсэн хуулийн 6.1-р ард түмний мэдэлд, 6.2-р төрийн өмч байсан зүйлийг ард нь нийтийн гэдэг үг оруулаад, нийтийн гэдэг нь дэлхий даяар байгаа мөнгөний эздийн оффшор бүсүүдээр дамжаад, хөрөнгө оруулалтын сангаар, хөрөнгийн биржээр дамжаад Монголын ард түмэнд байгалийн баялаг хэзээ ч ирэхгүй, неоколончлоийн тогтолцоо руу орох гээд байна гэж сануулсаар байтал хэн ч тоогоогүй.



Өнөөдөр тэр нь баталгаажиж байна. Үүний нэг баталгаа нь Монголын хөрөнгийн биржийг хувьчилж авч эхэлсэн байна. Өнгөрсөн жилийн наадмын үеэр дэлхийн хамгийн том долларын эзэн болох "BlackRock" хөрөнгө оруулалтын сан Монгол улсад ирэх үед хэн ч анзаараагүй.



Хэдэн триллион долларын эргэлт бүхий хөрөнгө оруулалтын сан ирнэ гэдэг нь өнөөдөр хамгийн багадаа 3 триллион доллараар үнэлэгдэж байгаа Монгол улсын байгалийн баялаг Монголын ард түмэнд ямар ч хүртээлгүй, долларын эздийн оффшор бүсүүдээр дамжиж, гараас гарт зарагдаж, бид өөрсдөө нутагтаа эзэн байж чадахгүй, өмчлөгч байж чадахгүй, үеийн үед тэдний боолын боол, босгоны шороо нь болох ноцтой хуулийн төслийг бидний хардаж байгаагаар ОУВС шахаад, сонгуулийн өмнө яаралтай оруулж байна.



Учир нь энэ удаагийн сонгуулиар эрх баригч МАН ялах магадлал бага, олонхи болохгүй байх магадлал өндөр учраас чоно борооноор гэдэг шиг яаралтай батлуулах гэж байна.



Үүний хор хохирол бол Монголын ард түмэн 5,5 тэрбум жилийн настай байгалийн тогтоц, баялгаа дахиж хэзээ ч ирэхгүйгээр, хөрөнгийн биржээр дамжаад, дотоодын луйварчин банкны эзэд, тэдний байгуулсан хөрөнгө оруулалтын сангуудад ашиглагдаад, цаад талд нь дэлхийн долларын эздийн захирдаг компаниудад захирагдах нь тодорхой болчихлоо. Үүнийг эрс эсэргүүцэж байна. " гэв.



М.Чой