sonin.mn

Цахим орчинд “алтны захиалга эхэллээ”, “алтан эдлэл захиалга”, “10 грамм алтны захиалгад 1 грамм алт бэлэглэнэ” зэрэг агуулга бүхий зар, сурталчилгаа нийтэлж, иргэдээс мөнгөн хөрөнгө урьдчилан авах замаар хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдол удаа дараа гарах боллоо. Иймд иргэд та бүхэн цахим орчинд алт болон тэдгээрээр хийсэн эдлэлийг худалдан авах, захиалахдаа тухайн эдлэлд Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягталж шалгах мөн худалдаалж буй этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэхийг заавал нягталж, шалгахыг зөвлөе. Түүнчлэн, зөвшөөрөлгүй этгээдийн дансанд урьдчилан төлбөр төлөх, аливаа нэгэн гүйлгээ хийхгүй байхыг анхааруулж байна. Иргэд та бүхэн хэт өндөр урамшуулал, ашиг амласан болон бусдыг татан оролцуулахыг санал болгосон аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, сэжигтэй үйл ажиллагааны талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлнэ үү.


ИРГЭД ТА БҮХЭН:


  • Зөвшөөрөлтэй эсэхийг шалгах;
  • Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягталж шалгах;
  • Худалдагчийн нэр, хаяг, холбоо барих мэдээллийг нягтлах;
  • Хувь хүний дансанд урьдчилан мөнгө шилжүүлэхээс зайлсхийх;
  • Хэт өндөр урамшуулал, ашиг амласан зар сурталчилгаанд болгоомжтой хандах;
  • Сэжигтэй тохиолдолд баримт, цахим хуудасны мэдээлэл, дансны дугаар болон холбогдох бусад мэдээллийг хадгалж, эрх бүхий байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.


!!ӨӨРИЙН МӨНГӨ, ЭРХ АШГАА ХАМГААЛЖ, ЦАХИМ ОРЧНЫ ХУДАЛДАА, ЗАХИАЛГАД БОЛГООМЖТОЙ ХАНДАНА УУ!!


Санхүүгийн Зохицуулах Хороо