АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр: "Ерөнхий сайд Н.Учралын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдад ажлаа танилцуулаад гарч ирлээ. Хангалт, нийлүүлэлтийн маш том бэрхшээлийг дэлхий даяар туулцгааж байна. Ачилт жоохон багасахад л хүндрэл учраад яваад байгаа. Энэ бол зөвхөн Монгол улсад тохиолдсон асуудал биш юм. Бидний хувьд огт таслахгүйг хичээж ажиллаж байна.
ОХУ-ын хувьд хоёр хоногийн өмнөөс экспортын мэдээллээ нууцлах захирамж гаргасан. Монгол улсад сард 70 орчим мянган тонн шатахуун нийлүүдэг байсан бол одоо 54 орчим мянган тонн шатахуун нийлүүлж байна.
Гэхдээ нийлүүлэлтээ таслахгүй байна. Мөн БНХАУ-аас шатахуун авах тал дээр тогтмол ажиллаж байна. Хүссэн хэмжээгээрээ биш ч гэсэн бага ч хамаагүй бусад орнуудаас авч байна. Дэлхий даяар маш хүнд нөхцөл байдалтай байна. Олдоц ховор, үнэ нь өсөөд байдаг. Шагийн бензинтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгах байх.
Жагсаж байгаа иргэдийн шаардлагыг хүлээж авч уулзана. Гэхдээ гадаад нөхцөл байдалтай холбоотой асуудлыг бид шийдэх боломжгүй. Өмнө нь очоод гэрээ хийгээд шууд авчихдаг байсан бол гадаад нөхцөл байдал одоо тийм боломжгүй болоод байна. Үнэнийг хэлэхэд 500 тонн, 1000 тонн гэхгүйгээр араас нь явж гэрээ хийж, аж ахуйн нэгжүүдээ холбох ажлыг хийж байна. Нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй байгаа ард иргэддээ талархаж байна.
ОХУ, Украины дайн, АНУ болон Ирантай холбоотой үүссэн асуудлууд хэзээ намжих вэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Сөрөг хүчний гишүүд улстөржих ёстой. Улстөрийн асуудал ярьж байгааг нь ойлгож байна. Л.Мөнхбаясгалан гишүүн үүн дээр улстөр хийж байгааг ойлгож хүлээж авч байгаа.
Шатахуун оруулж ирэх тал дээр АҮЭБЯ нээлттэй байгаа. Аж ахуйн нэгжүүд бага хэмжээгээр оруулж ирж, тодорхой хэмжээгээр асуудлуудаа шийдэж байгаа зүйл бий. Шатахуун байгаа хэр нь өгөхгүй гэх асуудал гараагүй болов уу гэж бодож байна. Намайг огцруулаад дэлхий даяар үүсээд буй асуудал, дайн дажин хэвийн болно гэвэл би шууд ажлаа өгөхөд бэлэн байна. Боломжтой бүх чадлаараа ажиллаж байна." гэсэн юм.
М.Чой
Баасан - 10 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
No War гэсэн пайз урдаа тавьдаг хүнтэй иванууд хэлэлцээ хийх үү?!