sonin.mn

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маскийн хөрөнгө дахин нэг их наяд ам.долларын босгыг давж, тэрбээр “их наядтан” статусаа эргүүлэн авчээ.

Bloomberg Billionaires Index-ийн тооцоогоор аравдугаар сарын 5-ны байдлаар Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 65 тэрбум ам.доллароор нэмэгдэж, нийт хөрөнгө нь 1.04 их наяд ам.долларт хүрсэн байна.


Түүний хөрөнгө ийнхүү огцом өсөхөд SpaceX болон Tesla компанийн хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөлжээ. Аравдугаар сар гарснаас хойш SpaceX-ийн хувьцааны ханш 13 орчим хувиар, Tesla-гийнх 6.7 хувиар өссөн байна. Маскийн нийт хөрөнгийн дийлэнх хэсэг нь эдгээр компанид эзэмшдэг хувьцаа, эзэмшлийн үнэлгээнээс бүрддэг.


Илон Маск 2026 оны зургаадугаар сард SpaceX хөрөнгийн биржид гарсны дараа хувийн хөрөнгө нь нэг их наяд ам.долларын босгыг давсан түүхэн дэх анхны хүн болсон юм. Гэвч удалгүй SpaceX болон Tesla-гийн хувьцааны ханш буурснаар түүний хөрөнгө нэг их наяд ам.доллараас доошилсон билээ.


Харин сүүлийн өдрүүдэд SpaceX-ийн хувьцааны ханш эрчимтэй өсөж, Tesla-гийн борлуулалтын үзүүлэлт шинжээчдийн таамгаас давсан нь Маскийн хөрөнгийг дахин түүхэн босго давуулахад хүргэв.


Ийнхүү Илон Маск ердөө хэдхэн сарын дотор “их наядтан” статусаа эргүүлэн авлаа. Гэхдээ түүний нэг их наяд ам.долларын хөрөнгө нь бэлэн мөнгө гэсэн үг биш юм. Хөрөнгийнх нь дийлэнх хэсэг SpaceX, Tesla болон бусад компанид эзэмшдэг хувьцаа, эзэмшлийн үнэлгээнд тулгуурладаг тул зах зээлийн ханшийн хөдөлгөөнөөс шалтгаалан богино хугацаанд хэдэн арван тэрбум ам.доллароор өсөж, буурах боломжтой.


Өдгөө Маск дэлхийн хамгийн баян хүний байр сууриа хадгалж байгаа төдийгүй нэг их наяд ам.долларын хөрөнгийн босгыг давсан анхны хүн гэсэн түүхэн амжилтын эзэн хэвээр байна.


М.Чой