
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио дөрвөн жилийн өмнө “Эв нэгдлийн сүм” гэж нэрлэгддэг шашны байгууллагатай холбоотой байгууллагын Япон дахь салбарын тэргүүнтэй уулзсан талаараа огт мэдээгүй гэж мэдэгджээ.
Японы Asahi Shimbun сонинд даваа гарагт гарсан мэдээллээр, К.Фүмио болон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингрич нарын 2019 оны 10 дугаар сард Японд болсон уулзалтад тус байгууллагын дарга байлцсан байна. Уг байгууллагыг “Universal Peace Federation” /UPF/ гэж нэрлэдэг байна.
Тухайн үед К.Фүмио эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ Бодлогын судалгааны зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Уулзалт ЛАН-ын төв байранд болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Харин К.Фүмио даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Н.Гингричтэй Гадаад хэргийн сайд асны хувиар уулзсан хэмээгээд, түүнийг олон хүн дагалдан явж байсныг санаж байгаа боловч хэн хэн байсныг нь мэдэхгүй байна гэж хэлжээ
“Эв нэгдлийн сүм”-тэй ямар харилцаатай талаараа дэлгэрэнгүй тайлбар өгөхийг ЛАН-ын бусад хууль тогтоогчдод уриалсаар ирсэн хүний хувьд өөрөө энэ асуудлыг шалгах бодолтой байгаа эсэх талаар нэгэн сэтгүүлч К.Фүмиогоос асуужээ.
Тэрбээр энэ асуудлыг хянан шалгаж ирсэн боловч Төлөөлөгчдийн танхимын дарга асныг дагалдан явсан хүн бүрийн талаар мэдэхгүй байна гэж хэлсэн байна.
Түүнчлэн Н.Гингричтэй хамт явж байсан хүмүүстэй нэрийн хуудсаа солилцсон гэх мэдээлэл байгаа талаар нэгэн сурвалжлагч К.Фүмиод хэлсэн байна. Харин Ерөнхий сайд тэдэнтэй нэрийн хуудас солилцсон эсэхээ санахгүй байна гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0