sonin.mn

Шатрын 2026 оны дэлхийн аварга цолны төлөө халз тоглож буй Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу, Узбекистаны их мастер Жавохир Синдаров нар гуравдахь өрөгт дахин хайнцлаа.


Швейцарын Женев хотноо болж буй тус тоглолтын III өрөг өчигдөр буюу 11 дүгээр сарын 26-нд болж, Гукеш хараар, Синдаров цагаанаар тоглов. Тоглолтын 60 дахь нүүдэл дээр байрлал гурван удаа давтагдсан тул өрсөлдөгчид хайнцахаар тохиролцсон байна. Ингэснээр гурван өргийн дараах байдлаар онооны харьцаа 1.5:1.5 боллоо. 


Личесс /Lichess/ шатрын цахим платформын үнэлгээгээр, хоёр их мастерын тоглолтын нарийвчлал буюу оновчтой байдал адилхан 98 хувьтай байсан нь тэд алдаа гаргаагүй, анхаарал нь сарниагүй гэсэн үг юм.Синдаров гарааны шинэ нүүдэл болох 9.Вxe5-ыг сонгосон нь өрсөлдөгчөө гайхшрууллаа. Энэ нүүдэл өмнө нь шатрын мастеруудын тэмцээний мэдээллийн санд ганцхан өрөгт л таарч байсан юм. Тэрбээр 21.c3 гэсэн нүүдлийг хийхдээ хамгийн их цаг буюу 16 минут зарцуулсан байна. Өрөг дуусах хүртэл Узбекистаны их мастерт 14 минут 7 секунд, Гукешт 16 минут 46 минутын хугацаа үлдсэн байсан бөгөөд тоглолт 4 цаг 49 минут үргэлжиллээ. Дараагийн дөрөв дэх өргийн тоглолт 28-ны өдөр Ташкентын цагаар 19:00 буюу Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхэлнэ.



Б.Адъяахүү