sonin.mn

Бүгд найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ой тэмдэглэсэн энэ өдрүүдэд тусгаар тогтнолоосоо татгалзахаар завдсан ээдрээт түүхийг хойч үедээ сануулахуй 

 

Хожмын өөр нэг баримт. Өөр өнцгөөс дүгнэх хэрэгтэй. 1976 онд МАХН-ын XVII их хурал өөр хувилбараар “Зөвлөлт Холбоот Улс ба Социалист бусад оронтой БНМАУ бүх талаар ойртон нягтрах явдал бол манай орны хөгжлийн бодит зүй тогтол мөн” гэсэн философи гаргаж иржээ. Нөхөр Ю.Цэдэнбалаас МАХН-ын XVII их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлийн IV бүлэг нь яг ийм гарчигтай.


Энэ нь Холбооны БНУ-ын хэлбэрээс олон шат ахиж дэлхийн нийгэм-эдийн засгийн нэгдмэл нэг лагерийн хүрээний сэтгэлгээнд тулж очсон ба Лениний зөгнөснөөр, ерөнхий төлөвлөгөөгөөр жолоодох дэлхийн бүхэл бүтэн нэгдмэл аж ахуй буюу хоорондоо ойртож интернационалжсанаар ирээдүйд интернационалч аж ахуй бүхий дэлхийн коммунист хамтын нөхөрлөл байх ажээ. 1976 оны төсөөллөөр бол харьцангуй хоцорч буй БНМАУ нь коммунист нийгэм байгуулах замд ах дүү социалист орнуудтай аль болох нэгэн үед орохоор төсөөлөгдөж байв. Энэ бүх санал санаачилгууд 1990 онд түүхэн жамаараа замхарсныг энд түүхчлэх хэрэггүй. 1990-ээд оноос Монгол Улс жинхэнэ эзэн мэдсэн, хэнээс ч үл хамаарах тусгаар тогтнолоо эдэлж эхэлтэл харин хөршүүдийн зүгээс нөгөө “Эрмэлзэх 10 зүйл”-ийг бидэнд эргэж сануулсан этгээд хачин саналууд албан бус сувгаар (эрдэмтэд) дэвшигдэж, орон зайн ба геополитикийн элдэв хувилбар руу түлхсэн. Эдний заримыг жишээлбэл:

 

“Их Лимитроф”-руу шингээх тухай оросын эрдэмтэн В.Цымбурскийн үзэл санаа. Тэрхүү хязгаарлагдмал орон зайн зах хүрээ:

 

 “Монгол-Түвдийн Холбооны улс” ирээдүйд бий болгох тухай оросын эрдэмтэн А.Дугины санал нь нөгөөх “Эрмэлзэх 10 зүйл”-ийн орчин цагийн хувилбар:

 

“Байгаль нуурын Эдийн засгийн хамтын нөхөрлөл” буй болгох тухай оросын эрдэмтэн хурандаа И.Николайчукийн санал:

 

 “Их Хятадын эгч дүүс 7 Холбооны улс” байгуулж Тайванийн хоёр эргийн харилцааг сайжруулах тухай Тайванийн 1988-2000 оны Ерөнхийлөгч Ли Дэнхуйн үзэл санаа бол


“Эрмэлзэх 10 зүйл” яг тэр чигээрээ явж байна уу гэлтэй: 


Бүр дордоод Монголыг шууд Хятадад шилжүүлье гэсэн дээрэнгүй үзэл бодол мэр сэр байсан ба одоо ч байна. Энэ нь Гадаад Монголд газар нутаг хэрэггүй, амьдрах орон зай нь хүрэлцээтэй учраас өмнө талаас хүч түрэн тулж ирж буй Хятадтай наймаалцах хэрэгтэй гэсэн санаа. Гол төлөөлөгчид нь оросын улс төрч, эрдэмтэд Г.Каспаров, А.Венгеровский, Н.Нартов, В.Жириновский, А.Митрофанов гэх мэт. Эдний араас ийм бодолтой дахиад хэд хичнээн хүн гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг нийгэмд амны зоргоор юу гэж ч ярьж хэлж болно.


Аль дээр үед Монголыг СССР-т нэгтгээд авах минь яалаа гэсэн харуусал “Какие страны могли войти в состав Советского Союза?” гэсэн гарчгаар оросын zen.yandex гэх сайтын “Дайн” гэсэн буланд бичээтэй байна. Дөрвөн улсын нэр бичээтэй байгаагийн магнайд Монгол гэжээ. 1991 он гэхэд дэлхийн бөмбөрцөгийн хуурай газрын 1⁄6 хэсгийг эзэлж асан СССР нь хүн төрөлхтөний түүхэнд хамгийн том нутаг дэвсгэр бүхий төр-улсыг байгуулсан ба холбооны 15 бүгд найрамдах улсыг нэгтгэж байлаа гээд эхэлжээ. “Харин дахин 4 улс энэ том гүрэн рүү нэгдэе нийлэе гэж хүсч тэмүүлж байсныг тэр бүр мэдэхгүй. Ингэхэд юун улсууд билээ, Зөвлөлтийн удирдлага тэдний нэгдэн нийлэх хүслээс яагаад татгалзав, жишээ нь Монгол” гэж цаашаа хүүрнэжээ. Zen.yandex-аас л би хөрвүүлж байна. БНМАУ-ыг 1924 онд тунхагласан, Зөвлөлт Холбоот Улсын удирдлагын шууд оролцоо, халамж зүтгэлээр энэ улс хөгжсөн. Монгол бол үлэмж найрамдалт, бас үлэмж хараат улсын нэг байсан тул түүнийг Зөвлөлтийн 16 дахь БНУ гэж байнга нэрлэдэг байлаа. Монголчууд дэлхийн II дайны үед СССР-т чадлаараа туслаж, 1939 ба 1945 онд японы цэргийг бутцохиход оролцож байлаа.


Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд элсэж орохоор БНМАУ нь 1944 онд Туватай нэгэн зэрэг өргөдөлөө өгсөн. Туваг Москва хүлээн авсан, гэтэл Монголыг үгүй гэж татгалзсан. Сталин Монголыг хэргээр СССР, Хятадын завсарт буфер улс болгож үлдээсэн. Учир нь Хятад ч энэ бүс нутагт тодорхой ашиг сонирхолтойг Сталин харгалзсан гэжээ.

 

Монголын араас Болгарыг нэрлэжээ. Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд нэгдэн оръё хэмээн Болгар нь хоёр удаа, 1963 ба 1971 онд өргөдөлөө өгч байжээ. Хүсэл илэрхийлэгч ба санаачилагч нь болгарын лидер Тодор Христов Живков. Живков тэгж хүсэхдээ улсынхаа эдийн засгийн асуудлыг шийдэх, бас засгийн эрхээ бэхжүүлэхийг зорьжээ. Живковын айдас нь ч шалтгаантай. 1965 онд БКН-ын зарим гишүүд эргэлт хийж, СССР-ээс холдож, маоист чиглэлийн дэглэм тогтоох гэж оролдсоныг хүчээр нухчин даржээ. Живковын саналд эхний удаад нь Никита Хрущев татгалзсан хариу өгөхдөө Өрнөдийн гүрнүүдийн нүдэн дээр Болгарыг өрөөр дарамталсан гэж харагдахгүйг хичээсэн бол хоёр дахь хүсэлт дээр нь Леонид Брежнев хариу өгөхдөө АНУ-тай тогтоосон харилцаагаа сүйтгэх хүсэлгүй гэжээ. Хэрэв Болгарыг СССР-т нэгтгэж гэмээнэ НАТО-тай шинэ зөрчил маргаан үүсгэж намжмал байдал баларна гэж айжээ. Болгарын энэ хүсэлт талаар өнгөрсөнгүй, харин ч хожжээ. Нефтиэ Болгарт бүх холбоотын дотоод үнээрээ дараа төлбөртэйгээр худалдах болжээ гэхчлэн бичжээ. Би нэг баримт нэмчих үү? СССР-т эх орноо нэгтгэе гэж ихэд хөөцөлдсөний шанд нь Тодор Живков “Зөвлөлт Холбоот Улсын Баатар” эрхэм цолоор 1977 онд шагнуулсныг сайн санаж байна. “Манай Цэдэнбалд өгчихөөгүй юм даа, энэ оросууд” хэмээн манай сэхээтнүүд халаглан ярьж байсныг би чихээрээ сонссон шүү.


Zen.yandex-ын нэрлэсэн дараагийн улс нь хаа байсан Баруун өмнөд Африкийн Ангол улс гэсэн байх юм. XX зууны II хагаст Анголд шил шилээ харсан иргэний дайн тасрахгүй үргэлжилж байлаа. Эхэндээ энэ дайн Португалаас тусгаар тогтнолоо салгаж авахын төлөө байсан бол сүүлдээ засгийн эрхийн төлөө дайсагнагч дотоодын бүлэглэлүүдийн өвөр хоорондын дайн болж салбарлажээ.


Анголын анхдугаар Ерөнхийлөгч Агостиньо Нето нь зөвлөлтийн тал баримтлагч МПЛА (Хөдөлмөрийн Нам) бүлэглэлийн лидер 1975 онд Зөвлөлт Холбоот Улсын туслалцаатай засгийн эрх авсан. Бусад бүлэглэл болох УНИТА,  ФНЛА-г нь АНУ дэмжсэн тул тэд бууж өгөлгүй дайтсаар байжээ.


Анголыг СССР-т нэгтгэе гэх асуудал хөндсөн яриа хэлэлцээний мэдээ байхгүй, гэхдээ МПЛА нам иргэний дайндаа ялсан 1970-аад оны сүүлчээр тийм саналаа Москва руу илгээжээ. Кремль шууд татгалзжээ. Геополитикийн өнцөгөөс татгалзах шалтгаантай. Хаа байсан хэдэн мянган км-ийн цаана алслагдсан Африкийн түгшүүртэй нэг хязгаар, явж явж Варшавын гэрээний байгууллага ба НАТО-гийн зэвсэгт сөргөлдөөний шинэ полигон, тэгээд ч Зөвлөлтийн удирдлагад мөргөлдөөний тийм шинэ фронт огт хэрэггүй гэж үзжээ.


Zen.yandex-ын нэрлэсэн 4 дэх нь бүр гайхалтай. Манай өмнөд хөрш байж байх нь тэр. БНХАУ-ыг 1949 онд Зөвлөлт Холбоот Улсын оролцоотой тунхагласан. Хятадын удирдагч Мао Зэдун нь Сталины шууд дэмжлэг зөвшөөрлөөр засгийн эрх авсан. Мао нь Сталиныг үзэл санааныхаа лидер гэж хардаг, Зөвлөлтийн удирдлагад гүн хүндэтгэлтэй ханддаг.


Хятадад зөвлөлт засаг тогтсоны дөнгөж дараахан нь  Хятад улсаа Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Холбооны БНУ-ын эрхтэйгээр оруулах хүслээ Мао дарга илэрхийлжээ. Их залуурч маань татгалзсан хариу Москвагаас авчээ.


ХКН-ыг Дорно дахинд бие даасан улс төрийн хүч байх хэрэгтэй хэмээн Зөвлөлтийн удирдлага шийджээ. Сталины айдас бас цухалзаж байна. Маог өөртэйгээ дүйцэхүйц улс төрийн хүчтэй өрсөлдөгч гэж харжээ. Хэтдээ Мао нь Зөвлөлт Холбоот Улсад засгийн эрх авч магадгүй гэж айжээ. Хэрэв Хятад нь СССР-ийн бүрэлдэхүүнд орчихсон бол түүх яаж өөрчлөгдөх байсныг хэн мэдлээ? Сталины зөв ч байсан юм бил үү хэмээн Zen.yandex сайтад бичжээ. Утга алдалгүй, шинэ санаа нэмэлгүй орос хэлнээс буулгахад ийм байна.

  


Д.Баярхүү