sonin.mn

Ардчилсан намын ээлжит “4:11” хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр АН-ын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай мэдэгдэл, авлигын эсрэг тэмцэл болон төрийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.


АН-ын дарга О.Цогтгэрэл: “Монгол Улсын иргэдийн шударга ёсны төлөөх зүй ёсны шаардлага, авлигажсан төр, албан тушаалтнуудыг шүүмжилсэн байр суурь, үүнийг илэрхийлсэн АН-ын шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнууд хүлээн авч, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдэж байгаа нь нэг алхам урагшилсан, талархууштай үйл явдал юм.


АН авлигын эсрэг тэмцлээ эцсийн үр дүнд хүртэл үргэлжлүүлнэ. Арван жилийн турш бий болгосон авлигын хана хэрэм, авлигажсан тогтолцооны жүжиг цаашид үргэлжлэх ёсгүй. Нэг хэсэг нь шалгуулсан нэр зүүж, нөгөө хэсэг нь буюу АТГ, прокурор, шүүхийн байгууллага шалгасан нэрээр жүжиг тоглодог байж болохгүй. Энэ бүхнийг таслан зогсоохын төлөө АН тууштай зогсоно.



Монголын төрийн тогтолцоонд дүгнэлт хийх цаг иржээ. Манай улсад Ерөнхийлөгч албан тушаалаа хашиж байхдаа дарангуйлагч, ажлаасаа буусныхаа дараа авлигач, хулгайч болдог жишиг тогтлоо.



Эрх мэдэлтэй байхдаа хонгил угсарч, албан тушаалаасаа буусныхаа дараа өөрөө буруутгагддаг. Гүйцэтгэх засаглал нь парламенттайгаа зөрчилддөг энэ тогтолцоог цаашид хэрхэх вэ гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн олон өөрчлөлт хийх хэрэгтэй байна.


Намын дарга УИХ-ын дарга байх ёсгүй гэсэн шаардлагыг Н.Учралд тавьсан нь зөв байсныг цаг хугацаа харуулж байна. Ерөнхийлөгч улс төрийн намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байх ёстой. Гэтэл одоо нэг намын Удирдах зөвлөлийн гишүүн, тухайн намын эрх ашгийг хамгаалагч хүн хэдхэн цагийн дараа төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх гэж байна.



110 сая ам.долларын асуудлаар нэн даруй ажлын хэсэг байгуулна гэж байна. Битгий ингэж дүр эсгэ. Олон оффтейк гэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжтэй. Эдгээр гэрээг нууцад хамааруулах үндэслэл болсон ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох хэрэгтэй.



Энэ бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал биш. Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал та тэр зөвлөмжийг ил болго. Үгүй бол ингэж дүр эсгэх хэрэггүй” хэмээн мэдэгдэв.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: “Жоомоо алах гээд төрөө шатаав гэдэг үг бий. Иргэд төрийн тогтвортой байдал чухал гэдгийг хэлж байна. Бурууг шүүмжилсэн хүнийг эргээд буруутгадаг байдал ч бий. Явсаар байгаад АН-ынхан өөрсдөө буруутан болж хувирах вий гэсэн болгоомжлол байна.


Ерөнхийлөгч АН-ын шаардлагыг хүлээн авсан нь улс төрийн шинэ соёлын илэрхийлэл. Гэхдээ нөгөө талаас энэ бүхэн улс төрийн жүжиг байх вий гэсэн болгоомжлол бий. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 100 хувь дэмжих байр суурьтай байгаа” гэв.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мөн Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, улс төрийн намтай харилцах харилцааг шинэчлэх шаардлагатайг онцоллоо.


Тэрбээр “Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хязгаарлах үзэл баримтлалд тулгуурлан боловсруулагдсан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бүрэн эрхийн нэг хугацаа буюу зургаан жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй байх зарчим туссан.



Манайд "Ерөнхийлөгчтэй намын зовлон" гэдэг үзэгдэл бий. Ерөнхийлөгч болсон хүн эргээд намаа самардаг. Энэ нь АН-д ч, МАН-д ч байсан.



Ерөнхийлөгч намаа буцаан гартаа авах зорилгоор "хонгил" угсарч, улс төрийн өрсөлдөгчдөө замаасаа зайлуулахыг оролддог. Үүнийг зогсоохын тулд Ерөнхийлөгчийн институцийг ‘Тэхийн зогсоол’ болгох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ албан тушаалаас буусны дараа дахин албан тушаалд тэмүүлэх шунал байж болохгүй.


Эрх мэдэлтэй байхдаа дарангуйлагч, эрх мэдлээсээ буусны дараа хулгайч болдог байдлыг дөрвөн Ерөнхийлөгчийн хувь заяанаас харлаа. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн албан тушаалаасаа буусныхаа дараа ард түмнийг хагалан бутаргадаг байж болохгүй. Тиймээс намын дотоод сонгуульд нэр дэвших, Ерөнхийлөгчийн институцийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хязгаарлах шаардлагатай.


Ийм зохицуулалт бүхий Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих товыг хүлээж байна” гэлээ.



М.Чойжал