Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьж буй сэтгүүлч Б.Даваахүүгийн хэргийн талаар прокурорын зөвшөөрсөн хүрээнд албан ёсны мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 2026 оны есдүгээр сарын 24-нд төрийн албан тушаалтнуудын гэрэл зургийг ашиглан хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн 3 минут 45 секундийн дүрс бичлэг цахим орчинд нийтлэгджээ. Улмаар арваннэгдүгээр сарын 2-нд “Todhar.mn” фэйсбүүк хуудсаар улс төрийн албан тушаалтнуудын эвлүүлсэн гэрэл зургуудыг түгээсэнтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
ЦЕГ-ын тайлбарласнаар, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Д буюу Б.Даваахүүг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтны хууль ёсны эрх ашиг, сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлэх” гэмт хэрэгт холбогдсон гэж үзжээ.
Түүнийг арваннэгдүгээр сарын 5-нд хойшлуулшгүйгээр баривчилж, мөн сарын 7-нд яллагдагчаар татсан байна. Улмаар нотлох баримтыг устгах, гэмт хэргийн ул мөрийг баллах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй гэж үзэн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт дөрвөн иргэнийг (Д, А, Л, Б) холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цахим орчинд олон тооны хуурамч хаяг ашиглан мэдээлэл түгээдэг зохион байгуулалттай сүлжээний үйл ажиллагааг илрүүлсэн талаар ЦЕГ мэдээлэв.
Тодруулбал, хэрэгт холбогдуулан шалгаж буй иргэн М нь 100 гаруй сим карт ашиглан нийгмийн сүлжээнд 2000 орчим хуурамч буюу “тролл” хаяг үүсгэсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллага өглөө. Мөн “Төрийн радар”, “Шидэт кинонууд”, “Хэн ч ярихгүй”, “Todhar.mn” зэрэг олон дагагчтай фэйсбүүк хуудсыг худалдан авч, мэдээлэл түгээх зорилгоор ашиглаж байсан гэжээ.
Түүнчлэн БНХАУ болон Вьетнам улсад бүтээсэн тусгай программ хангамж ашиглан цахим мэдээллийн хандалтыг зохиомлоор өсгөх, нэг нийтлэлийн дор 500 орчим хуурамч хаягнаас сөрөг сэтгэгдэл автоматаар бичүүлэх систем ажиллуулж байсныг хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн хэмээн тайлбарлав.
Хэрэгт холбогдуулан шалгаж буй иргэн Б нь 2026 оны есдүгээр сарын 11-нд Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон тул Интерполын шугамаар эрэн сурвалжилж байгаа аж. Мөн хуурамч хаягийн сүлжээг удирдаж байсан гэх этгээд гадаад улсад байгаа учраас түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг зохион байгуулж буйг мэдээллээ.
Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Б.Даваахүүг мэргэжлийн үйл ажиллагааныхаа улмаас цагдан хоригдсон эсэхийг тодруулахад ЦЕГ-ын төлөөлөгч үүнийг үгүйсгэлээ.
Тэрбээр “Иргэн Б.Даваахүүг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж шалгасан зүйл огт байхгүй. Тэрбээр дээрх зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүдтэй өмнө нь болон одоо хамтран ажилладаг, бие биенээ таньдаг, хууль бус мэдээлэл түгээх ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон тул шалгаж байна” хэмээн мэдэгдэв.
Ийнхүү ЦЕГ-аас Б.Даваахүүг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааных нь төлөө бус, нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгааг онцоллоо.
С.Сарнай
Пүрэв - 11 сарын 19,
2026
Сэтгэгдэл1
Хүрэлсүхтэй нийлж авлигал аваад гадаадад зугатсан Удаанжаргалыг хэзээ баривчилж авчрах тушаалаа ЦЕГ гаргах вэ?