Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жорже Жезуштай зөрчилдсөөр буй Криштиану Роналду өөрийг нь үдэх хүндэтгэлийн тоглолтод оролцохоос татгалзах бололтой гэж Португалын Observador цахим сонинд мэдээлжээ.
Өчигдөр буюу пүрэв гарагт Роналду шигшээ багт цаашид тоглохгүй гэдгээ мэдэгдсэний дараа Португалын хөл бөмбөгийн холбоо /FPF/ түүнд зориулж үдэлтийн тоглолт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Роналду, Жезуш нар FPF-ийн ерөнхийлөгч Педру Проэнсагийн зуучилснаар өчигдөр утсаар ярилцах ёстой байсан боловч Роналду ярихаас татгалзсан байна. Тэд 9 дүгээр сарын 30-наас хойш хоорондоо харилцахгүй байгаа ажээ. 9 дүгээр сарын 30-ны өдөр Роналду шигшээ багийн цугларалтын үеэр бэлтгэлийн баазыг орхин явжээ. Энэ нь шигшээгийн ахлах дасгалжуулагч Жорже Жезуш өөрт нь өгсөн амлалтаа хоёр удаа биелүүлээгүйтэй холбоотой гэж тэрбээр ярьсан байна. Роналду Үндэстнүүдийн лигийн тэмцээний Уэльстэй /1:0/ хийсэн тоглолтод оролцсон бол Норвегийн багтай хийсэн тоглолтыг /2:1/ сэлгээний сандалд суусаар өнгөрүүлжээ. Норвегичуудтай хийсэн тоглолтын үеэр дасгалжуулагч нь 30 минутын дараа талбайд гарах ёстойг сануулсны дараа Роналду бие халаалт хийж эхэлсэн боловч түүнийг тоглолтод оролцуулаагүй байна.
Дараа нь Португалын хөл бөмбөгийн холбоо Роналдугийн шигшээ багт тоглох эрхийг нэг сарын хугацаагаар хасаж, 255 еврогоор торгожээ. Ингэснээр Роналду 11 дүгээр сарын 14 ба 17-ны өдрүүдэд болох Үндэстнүүдийн лигийн тэмцээний Дани, Уэльсийн шигшээ багуудтай хийх тоглолтуудад оролцохгүй юм.
Өдгөө 41 настай Роналду хөлбөмбөгчний замналдаа 985 гоол оруулаад байгаагаас 150 нь шигшээ багийн бүрэлдэхүүнд, 835 нь клубүүдэд тоглохдоо оруулсан гоолууд юм. Тэрбээр 2022 оны 12 дугаар сараас хойш Саудын Арабын “Аль-Наср” багт тоглож байгаа билээ.
Б.Адъяахүү
Баасан - 11 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
Тэр ахлах дасгалжуулагч гэсэн тэнэг жижиг нөхрийн дагзыг нь хага цохих юм байна да фанатууд нь !