Хятад улс саран дээр хүн буулгах хөтөлбөрийнхөө хүрээнд хоёр пуужин хөөргөж, сансрын хөлгүүдийг Сарыг тойрсон тойрог замд залгах технологийг ашиглахаар төлөвлөжээ. Тус улсын хүнтэй сар судлах хөтөлбөрийн судалгаа, туршилт, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг аравдугаар сарын 31-нд нээгдсэн Сансрын нисэгчтэй нислэгийн эрдэм шинжилгээний VII бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Хятадын Сансрын нисэгчтэй нислэгийн хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгчийн орлогч, Сар судлах хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч Ван Шяны танилцуулснаар, уг ажиллагаанд хоёр пуужин ашиглаж, “Мэнжөү” хүнтэй сансрын хөлөг болон “Ланьюе” саран дээр буух төхөөрөмжийг тус тусад нь хөөргөнө. Эдгээр төхөөрөмж Сарыг тойрсон тойрог замд уулзан залгагдсаны дараа сансрын нисэгчид “Мэнжөү” хөлгөөс “Ланьюе” төхөөрөмжид шилжин сууж, Сарны гадаргад буун шинжлэх ухааны судалгаа хийх юм.
Энэхүү технологийн шийдэл нь Хятадын өнөөгийн сансрын технологийн чадавхад нийцэхийн зэрэгцээ хүнтэй сансрын хөлөг болон саран дээр буух төхөөрөмжийг тус тусад нь хөгжүүлж, турших боломж олгож байгааг Ван Шян онцолжээ.
Төслийн хамгийн чухал үе шатуудын нэг нь Дэлхийгээс 380 мянга орчим километрийн зайд, Сарыг тойрсон тойрог замд хоёр төхөөрөмжийг өндөр нарийвчлалтай уулзуулж, залгах ажиллагаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд сансрын хөлгүүдийн удирдлага, чиглүүлэлт, холбоо болон залгах системийн найдвартай ажиллагааг хангах цогц туршилтуудыг хийж байна.
Одоогоор хөтөлбөрийн үндсэн техник хэрэгсэл болох “Чанжэн-10” зөөгч пуужин, “Мэнжөү” хүнтэй сансрын хөлөг, “Ланьюе” буух төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэл ахицтай үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн сансрын нислэгийн үеэр осол гарсан тохиолдолд нисэгчдийг аврах систем, саран дээр буух болон буцаж хөөрөх төхөөрөмжийн ажиллагаа, пуужингийн нам өндрийн туршилт зэрэг техникийн чухал сорилтуудыг хийж дуусгажээ. Мөн пуужингийн хэсгийг агаар мандалд дахин оруулж, буцаан татан авах туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн талаар хурлын үеэр мэдээлсэн байна.
Цаашид “Чанжэн-10” пуужин, “Мэнжөү” сансрын хөлөг болон “Ланьюе” буух төхөөрөмжийн анхны нислэгүүдийг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хятад улс саран дээр хүн буулгах зорилтоо хэрэгжүүлэхийн тулд сансрын хөлөг, зөөгч пуужин, буух төхөөрөмж болон тэдгээрийн удирдлагын системийг цогцоор нь хөгжүүлж байгаа бөгөөд эдгээр туршилтын үр дүн нь хөтөлбөрийн дараагийн үе шатанд чухал ач холбогдолтой юм.
Г.Бямба
Даваа - 11 сарын 02,
2026
Сэтгэгдэл0