“УИХ-ын гишүүн П.Батчимэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө” гэсэн энэ бичил нийтлэл миний загатнасан газрыг ёстой маажих шиг боллоо. Хэлсэн болгонд нь би өөрийн тайлбараа дагалдуулчих уу?
Ингэж хариу өгөх 4 шалтгаан, зөвтгөл надад байна.
1.Ард түмний амьдралыг өөд татахгүй 36 жил юугаа хийж байсан улс төрчид вэ гэж хоёр гол нам руу хандуулж ам асууя. Гэхдээ ньюанстай. Өөрсдийг нь өөрсдийнх нь шударга, бүтээлч хөдөлмөрөөр өөд нь татуулах талаар юу ч хийгээгүй!
2.Монголын Төр бүх иргэдээ арчаатай болгох, байлгах тал дээр ажиллаагүй, ажиллахгүй байна гэсэн шүүмжлэлээсээ би буцахгүй.
3.Гэхдээ ард түмэн ядуу дорой байгаагийн муугийн муугийн 10% нь олхиогүй улс төрөөс, үлдэх 90% нь МОНГОЛ ХҮН Таны өөрийн чинь хөдөлмөрийн хүмүүжил, боловсрол, ГОЛ нь ХҮМҮҮЖЛЭЭС чинь шалтгаалсан гэдэгтээ би итгэлтэй. Маргавал маргая.
4.Нүднээ үл үзэгдэх коммунист гинжнээс чинь салгаж, эрх чөлөөт амьдралаа өөрөө сонго гэж Цагаан морин жилийн хувьсгал нийтээрээ (эсэргүүцсэн нь хэн бэ?) хийсэн биз дээ. Гэтэл ядуурал, гуйлгачлал, золбирол, залхуурлын сонголт хийсэн нь МОНГОЛ ХҮН Таны л буруу!
- Гэр хороололд ардууд бүр үнэхээр өрөвдмөөр байна. Юу идэж хонодог нь ойлгомжгүй. Гадаанаа түлш байхгүй. Яаж хоног өнгөрөөж байна. Улстөрчид яваад хар л даа. Очиж хараад яах юм? Түлээ нүүрс гадна нь буулгаж өгөөд зуухыг нь галлаж өгөх ёстой юм уу? Ам руу нь хоол халбагадаж өгөх үү, УИХ-ын гишүүд? Энэ чинь л жинхэнэ жүжиглэл, томруулбал найгүй популизм болж харагдана. Хайр биш шүү! Гэр хороолол гэдэг энэ ТАМ-ыг энэ 36 жилд хоёр гол нам л бүтээсэн нь худлаа юм уу? Эрх чөлөөгөө хэт эдлэсэн хөдөөний арчаагүй ардууд нийслэл рүү нүүдэллэж, нийслэлдээ ДАРАМТ учруулах жингийн цуваа үргэлжилсээр байна. Таслан зогсоох эрх нь Та нарт (улс төр-УИХ, Засгийн газар, Хууль хүчний ба хяналтын олон байгууллага!) байсан уу, байсан. Гэтэл гэр хорооллыг өрөвдмөөр байдалд оруултал нь эрх чөлөөг нь хязгааргүй эдлүүлсэн нь эрх барьсан МАН, АН-д хамаагүй гэж үү? Таслан зогсоохыг оролдсон гэх ганц баримт дурдаж, өмнөөс минь маргана уу.
-Гэр хорооллоор явдаг улстөрчид байгаа юм уу? Би Өлзийт хорооллын хэдэн малтай айлуудаар очиж хардаг. Үнэхээр өрөвдөлтэй. Толгой шийр, гэдэс дотроо авах үнэ нь ч дийлдэхгүй болсон. Мах битгий хэл дотор гэдэсний үнээ дийлэхгүй болсон.
Явж яах юм. Арчаагүй олхиогүй иргэдийг “Хохь чинь” гэж тавлах гэж явах юм уу? Нийслэлд ирчихээд ийм “Үнэхээр өрөвдөлтэй. Толгой шийр, гэдэс...” гэдэг дээрээ тулсан юм бол тэр аймаг, сум руугаа буцаж нүүгээч ээ. Нүүцгээгээч ээ! Хөдөөгүүр хяналтгүй их тархан бэлчсэн 70 сая малаа бараадаж, мал сүргээ эдийн засгийн эргэлтэнд оруулж аз жаргалтай амьдраач ээ, гэр хорооллын хөдөөний ардууд аа!? Өвөр Монголд очиж хөлсний мал маллахаа болиоч ээ. Хот Та нарт ТАМ болчихсон байна шүү дээ, Та нарт ээлгүй байна. Хөдөө чинь Та нарт АЗ ЖАРГАЛ юм шүү?
-Төр ажлаа хиймээр байна. Өвөл боллоо. Тог тасарвал яах юм? Шатахуун түлшний очер хэвээрээ байна. Ард түмэн сүүлдээ мөнгө босгоод ард түмний колонк хийх юм ярьж байна. Тэднийг буруутгаад яах юм.
Дахиад л би маргах уу? Тог хүрэлцэхгүй болтол нь, шатахуун хүрэлцэхгүй болтол нь, авто зам нь ТАМ болтол нь яах гэж ингэж их нийслэлдээ чигжүүлсэн юм бэ? Яах гэж ингэж зоргоор нь тавьсан юм бэ, улс төрчид ба МАН, АН аа? Эрх чөлөөг нь хэт эдлүүлсэний л ГАЙ шүү дээ. Эрх чөлөө нь хэтрэхлээрээ ТАМ болдог нийгмийн жам ёсны үзэгдэл Монголд нүүрлэчихээд байна. Өөр гаргалгаа алга. Өөрт тохиосон, миний харсан саяхны явдал. Баянгол рестораны өлгүүрчин нь монгол хэл мэдэхгүй зүүн өмнөд азийн нэг нөхөр, Ханбүргэдэйн цэвэрлэгч нь монгол хэл мэдэхгүй зүүн өмнөд азийн хэдэн бүсгүй, Баруун Хараад бангладеш ажилчид, Хэнтийд бангладеш ажилчид, нийслэлээр дүүрэн вьетнам засварын газрууд... Нэрлээд байх уу, цааш нь? Одоо бүр нүднээ даслаа. МОНГОЛ ХҮН Таны ажлын байр булаагджээ. Ганц л дүгнэлт. Хохь чинь гэж тавлах ёстой юм уу?
“Үнэхээр өрөвдөлтэй. Толгой шийр, гэдэс дотроо авах үнэ нь ч дийлдэхгүй” байгаа тэр гэр хорооллын МОНГОЛ айлуудынхаа МОНГОЛ залуус, идэрчүүд, ахмадуудыг (бараг бүгд эрүүл саруул, эрхтэн бүтэн!) булаагдсан ажлын байрнуудад нэн даруй албадаж хүчлэж тавихгүй бол П.Батчимэг гишүүний жишгээр улс төрчдийн үглээн дуулаан, гомдол хэдэн арван жилдээ тасрахгүй байх шүү. Анхааруулчихъя. Маргавал маргая!
-Ард түмэн уурлаж бухимдахаас өөр юмгүй болоод сууж байна. Засгийн газар үнэ барих бодлого, хөтөлбөр гаргах ёстой. Тэгэхгүй бол энэ цаашаагаа яваад л байна. Засгийн газар дураар нь орхичихлоо. Арга ядсан хүмүүс ингэвэл яах бол, тэгвэл яах бол гээд янз бүрийн арга ухаан хайж байна.
Арга ядсан тэр хүмүүс минь! Та нар хэрэв эрүүл саруул, эрхтэн бүтэн бол гадаадын цагаачдаас ажлын байрнуудаа булааж ав л даа. “Ажил хийвэл ам тосдоно” гэдгээ сэргээл дээ. Бүтээн байгуулах эрх чөлөөгөө эдлэ л дээ. Хэн хориод байгаа юм? Маргавал маргая. П.Батчимэг гишүүнээ, бусад гишүүдээ, МОНГОЛ иргэдээ. Ам асууя. Бид капитализм байгуулж байгаа шүү дээ, тийм үү? ҮНЭ зах зээлийнхээ жам хуулиар л зохицуулагдана. Засгийн газар оролцоод эхэлбэл нөгөө социализм чинь амилаад, популизм чинь дийлдэхээ болино. Үнэ чөлөөлөхгүй бол (бүх ҮНЭ!) энэ ард түмэн чинь Төрөөр халамжлуулах тэнэглэл рүүгээ тоормосгүй жирийлгэнэ. Эрхээрээ хатсан, ажлын байранд тэнцдэггүй, бас ажил голомтгой түг түмэн ажилгүй хүний өмнө улс төр нь ямагт бөхөлзөнө. Ажилгүй олхиогүй ардуудаараа ажил хийлгэж хэвшүүлэхгүй бол наад улс төрийн популизм чинь XXI зууны хөгжлийн эринд онигоо шившиг болгох нь байна, эх орныг маань. Эцэст нь лут судалгаа биш, зүгээр л ажигласнаа, ажиглаж явдгаа, өдөр тутам ажиглаж байгаагаа хэлчихье. Юу гээч, МОНГОЛ ХҮН өөртөө зовлон бүтээж амьдардаг (санамсаргүй?), эсвэл зовлон худалдаад (санаатайгаар?) авчихдаг. Үлдсэн насаа тэр зовлонтойгоо тэмцэж өнгөрөөдөг.
Өөртөө зовлон бүтээчихсэн түг түмэн иргэдээ Төрийн нүүрээр, Төрийн мөнгөөр халамжлуулчих санаатай П.Батчимэг гишүүн сайхан сэтгэлээ илэрхийлснийг би буруутгаж байгаа юм биш үү, эрхэм дүү бүсгүй, хүлцэнэ үү.
Би бол хөдөөний хүнийг үзэн ядагч биш. Хөдөөдөө сайн сайхан амьдралаа босгочихсон олон сайхан найз нөхөд надад байна. Хөдөөнөө арчаатай, унхиатай, овсгоотой байж чадаагүй бол нийслэл хотыг бараадаад бүр золигтоно, хог дээр гарна, энэ бол жам ёсны үзэгдэл гэдгээ л би бичдэг. Хөдөө арчаатай байж чадаагүй бол хотод ирээд аяндаа арчаатай болчихдоггүйг л П.Батчимэг гишүүн маань “Гэр хороололд ардууд бүр үнэхээр өрөвдмөөр байна. Юу идэж хонодог нь ойлгомжгүй. Гадаанаа түлш байхгүй. Яаж хоног өнгөрөөж байна”, “Үнэхээр өрөвдөлтэй. Толгой шийр, гэдэс дотроо авах үнэ нь ч дийлдэхгүй болсон. Мах битгий хэл дотор гэдэсний үнээ дийлэхгүй болсон” гээд хэлчихсэн байна шүү дээ. Төр төмөр нүүрээ харуулж байж улсаа хөгжүүлдэг, улс нь хөгждөг бэлээхэн туршлага Та нарын хамгийн сайн мэддэг ба байнга очдог тэр Солонгост чинь “Хуваалцая, манайхаас суралц аа!” гээд байж байгаа бус уу? Маргавал маргая.
Д.Баярхүү
Даваа - 11 сарын 16,
2026
Сэтгэгдэл0