sonin.mn

БНХАУ-ын бие даан зохион бүтээсэн, 10 тоннын ангиллын цахилгаан хөдөлгүүрт зорчигч тээврийн CE-25A онгоц арваннэгдүгээр сарын 14-нд Шаньдун мужийн Биньжөү хотод анхны нисгэгчтэй туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.


Туршилтын нислэгт хоёр нисгэгч, нэг нислэгийн туршилтын инженер оролцсон бөгөөд нийт 57 минут 46 секунд үргэлжилжээ. Үүнээс онгоц агаарт 16 минут 38 секунд нисэж, 60.4 километр зам туулсан байна. Нислэгийн явцад онгоцны бүх систем хэвийн ажиллаж, техникийн үзүүлэлтүүд төлөвлөсөн шаардлагыг бүрэн хангасан гэж мэдээлжээ.


CE-25A онгоц энэ оны хоёрдугаар сарын 2-нд анхны нисгэгчгүй туршилтын нислэгээ амжилттай хийсэн бөгөөд энэ удаагийн нисгэгчтэй нислэг нь төслийн хөгжүүлэлтийн дараагийн чухал үе шат болж байна.


CE-25A нь Хятадын Иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорацын зохион бүтээсэн анхны цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц юм. Хот хоорондын богино зайн зорчигч тээвэрт ашиглахаар төлөвлөсөн уг онгоц 19 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.


Онгоцны хөөрөх үеийн хамгийн их жин 10 тонн, аяллын хурд цагт 300 километр, нислэгийн өндөр 2400 метр, нэг удаагийн цэнэглэлтээр туулах зай 400 километр аж.


CE-25A онгоцыг Хятадын Иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорац CATL буюу Ниндэ эрин эрчим хүчний технологийн компани, Шанхайн Жяотун их сургууль зэрэг байгууллагатай хамтран бүтээжээ.


Одоогийн байдлаар тус онгоц нисгэгчгүй, бие даасан нислэгийн нийт 19 удаагийн туршилт хийсэн байна. Мөн Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газар CE-25A загварын онгоцонд төрлийн гэрчилгээ олгох хүсэлтийг хүлээн авчээ.


Энэхүү туршилт нь Хятадын цахилгаан хөдөлгүүрт нисэх онгоцны технологийг хөгжүүлэх, богино зайн агаарын тээвэрт цахилгаан хөдөлгүүр ашиглах чиглэлд гаргасан чухал ахиц болж байна.


 Г.Бямба