sonin.mn

Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний Өвөр Монголын зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Өвөр Монголоос хэт өндөр хүчдэлийн шугамаар бусад бүс нутагт дамжуулсан цахилгаан эрчим хүчний нийт хэмжээ 1 их наяд киловатт цагийг давжээ. Ингэснээр Өвөр Монгол нь хэт өндөр хүчдэлийн шугамаар дамжуулсан цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан хэмжээгээрээ 1 их наяд киловатт цагийн босгыг давсан Хятадын анхны мужийн түвшний засаг захиргааны нэгж боллоо.


Өвөр Монгол нь Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн томоохон бааз төдийгүй “Баруунаас зүүн тийш цахилгаан дамжуулах” төслийн гол бүс нутгийн нэг юм. Тус бүс нутгаас дамжуулсан 1 их наяд киловатт цаг цахилгаан нь ойролцоогоор 885 сая хүний нэг жилийн ахуйн хэрэглээг хангах хэмжээтэй тэнцэж байна. Энэ нь Хятадын хойд болон зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний тогтвортой хангамжийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.


2016 онд анхны хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулснаас хойш Өвөр Монголд нийт найман шугам байгуулжээ. Ингэснээр бусад бүс нутагт цахилгаан дамжуулах нийт хүчин чадал нь 48.7 сая киловаттаас давсан байна. Эдгээр шугамаар Бээжин, Тяньжинь, Шаньдун, Жянсү зэрэг бүс нутагт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.


Нийт дамжуулсан цахилгаан эрчим хүчний 20 хувийг цэвэр эрчим хүч эзэлжээ. Мэдээлэлд дурдсанаар, цахилгаан дамжуулалтын үр дүнд ойролцоогоор 303 сая тонн стандарт нүүрсний хэрэглээг хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 808 сая гаруй тонноор бууруулсантай дүйцэх үр дүнд хүрсэн байна.


Энэ нь Хятадын нүүрстөрөгчийн ялгарлыг оргил түвшинд хүргэсний дараа үе шаттай бууруулж, улмаар нүүрстөрөгчийн саармагжилтад хүрэх “хос нүүрстөрөгч”-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Г.Бямба