sonin.mn

Америкийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг “Nvidia”-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Женсен Хуаныг албан тушаалд нь эргүүлэн томилохыг шаардсан цахим өргөдөлд 170 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.


“Stand With Jensen” нэртэй энэхүү санаачилгад тус компанийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид болон технологийн салбарын нэр хүндтэй бизнес эрхлэгчид нэгдсэн байна. Өргөдөлд гарын үсэг зурсан хүмүүсийн 90 мянга гаруй нь өөрсдийгөө “Nvidia”-гийн хувьцаа эзэмшигч, 8800 орчим нь тус компанийн ажилтан хэмээн бүртгүүлжээ. 




Женсен Хуан энэ сарын 12-нд “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаасаа огцорсон юм. Түүний хувийн харилцаатай холбоотой мэдээлэл хэвлэлээр цацагдаж, улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдсөний дараа тус компанийн удирдлага хараат бус шалгалт эхлүүлсэн байна.

Тодруулбал, Ж.Хуаныг Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй бизнес эрхлэгч Элис Хуантай хувийн харилцаатай байсан тухай мэдээлэл гарчээ. Гэхдээ уг сэжигтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа бөгөөд тагнуулын үйл ажиллагаанд оролцсон нь эцэслэн тогтоогдоогүй байна. 

Ж.Хуаныг дэмжигчид түүнийг хангалттай тайлбар хийх боломж олголгүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тэд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хандан хараат бус шалгалтыг шударгаар явуулах, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг олон нийтэд тайлбарлах, шалгалтын дүн гарах хүртэл Ж.Хуаныг гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилохыг шаарджээ.


Энэхүү санаачилгыг “Tesla”, “SpaceX” компаниудын тэргүүн Илон Маск дэмжиж, өргөдөлд гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн “Epic Games” компанийн гүйцэтгэх захирал Тим Суини, “Y Combinator”-ийн тэргүүн Гарри Тан зэрэг технологийн салбарын нөлөө бүхий эрхмүүд дэмжигчдийн эгнээнд багтжээ. 




Женсен Хуан 1993 онд “Nvidia” компанийг хамтран байгуулж, 33 жилийн турш удирдсан бөгөөд тус компанийг график процессорын үйлдвэрлэлээс хиймэл оюун ухааны тооцооллын технологийн дэлхийн тэргүүлэгчдийн нэг болгон хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Түүнийг огцорсны дараа компанийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж эхэлсэн байна. Харин Ж.Хуаныг эргүүлэн томилохыг шаардсан хөдөлгөөн өргөжиж байгаа ч “Nvidia”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл одоогоор түүнийг буцаан томилох асуудлыг хэлэлцэхгүй байгаа талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.

Тус компанийн удирдлагын өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөөд байна.



Г.Бямба