sonin.mn

БНХАУ, Бүгд Найрамдах Перу Улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх тухай протокол арваннэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн нөхцөл бүрдэж байна.


Хятад, Перу улс 2018 оны арваннэгдүгээр сард чөлөөт худалдааны хэлэлцээрээ шинэчлэх хэлэлцээг эхлүүлж, зургаан жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сард шинэчилсэн протоколд гарын үсэг зурсан юм.


Шинэчлэлийн хүрээнд барааны гарал үүслийн дүрэм, гаалийн журам, худалдааг хөнгөвчлөх зохицуулалт, оюуны өмчийн хамгаалалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг өмнө нь мөрдөж байсан долоон бүлгийн зохицуулалтыг боловсронгуй болгожээ. Түүнчлэн цахим худалдаа, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, байгаль орчин ба худалдаа зэрэг шинэ чиглэлийг хамарсан таван бүлэг нэмж тусгасан байна.


Мөн үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хязгаарлалт тогтоосон үйл ажиллагааны жагсаалт буюу сөрөг жагсаалтын зарчмаар цаашид хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Энэ нь хоёр улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтад учирч буй саад тотгорыг бууруулахад чиглэж байна.


Хятад, Перугийн чөлөөт худалдааны анхны хэлэлцээр 2010 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд түүнээс хойш хоёр улсын худалдааны харилцаа эрчимтэй өргөжжээ. Тухайлбал, 2009 онд 6.4 тэрбум ам.доллар байсан хоёр талын худалдааны эргэлт 2025 онд 50.4 тэрбум ам.долларт хүрч, бараг найм дахин өссөн байна.


Шинэчилсэн протокол хүчин төгөлдөр болсноор худалдааны үйл ажиллагааг илүү шуурхай, ил тод болгох, бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих боломж нэмэгдэхээр байна. Ялангуяа цахим худалдаа, үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжих төлөвтэй байгаа нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.