sonin.mn

Пакистан, Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, уул уурхайн салбараа хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах өргөн боломж бүхий хөгжиж буй орнууд юм. Гэхдээ газрын ховор элементийн арвин нөөцийнхөө ачаар Монгол Улс олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр Пакистанаас илүү ахиц гаргажээ.


Олон улс Монголын газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Үүний нэг жишээ нь Өмнөд Солонгос юм.


Монгол, Өмнөд Солонгосын газрын ховор элементийн салбар дахь хамтын ажиллагаа 2026 онд илүү бодитой болж, хоёр улсын Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр буюу CEPA болон чухал ашигт малтмалын стратегитай нягт уялдах болжээ. Мэдээлэлтэй эх сурвалжуудын хэлснээр Монгол Улс Өмнөд Солонгост газрын ховор элементийг агаарын тээврээр нийлүүлж эхэлсэн байна. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалт, олборлолтын технологи авахын хариуд тус улсад газрын ховор элементийг хямд үнээр худалдаж байгаа аж.


Монгол Улс АНУ, Өмнөд Солонгос, Япон, Их Британи зэрэг “гуравдагч хөрш”-тэйгөө түншлэх замаар газрын ховор элементийн салбараа хөгжүүлэхийг эртнээс зорьж ирсэн. Гэвч сүүлийн үед АНУ-ын Монголд чиглэсэн визийн бодлогод ихээхэн дургүйцэж, тус улсыг найдвартай түнш биш гэж үзэх болсноор Өмнөд Солонгостой газрын ховор элементийн олборлолтын чиглэлээр хамтран ажиллахад түлхүү анхаарах болжээ. Энэ алхам богино хугацаанд бодит ахиц авчирсан байна.


Өмнөд Солонгосын Засгийн газар ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тус улсад хандсан бодлого, мэдэгдлүүдэд сэтгэл дундуур байгаа бөгөөд АНУ тэргүүтэй чухал ашигт малтмалын эвсэлд нэгдэх хүсэлгүй байна. Иймээс Монголтой газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллахад анхаарлаа хандуулах болжээ.


АНУ-ын Засгийн газар өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн бодлогоо байнга өөрчилж, давамгай байр сууриа бусад улсын эрх ашгийг хохироох замаар өөртөө ашигтайгаар хэрэглэдэг. Үүний улмаас олон улс АНУ-аас хамаарах хамаарлаа бууруулахыг эрмэлзэж байна. Тиймээс Монгол Улс АНУ тэргүүтэй чухал ашигт малтмалын эвсэлд нэгдэх нь зөв сонголт биш юм. Пакистан, Монгол Улс аль аль нь ашигт малтмалынхаа олборлолтод бие даасан байдлаа хадгалах ёстой. Байгалийн баялгаа хэрхэн ашиглаж, салбараа ямар чиглэлээр хөгжүүлэхийг шийдэх эрх улс төрчдөд бус, ард түмэнд байх учиртай. Учир нь зарим улс төрч хувийн ашиг хонжооны төлөө улс орон, ард түмнийхээ эрх ашгийг худалдахаас ч буцдаггүй.


Зохиогч: Миан Иштиак Али