sonin.mn

Реппер Энэрэлийн уран бүтээлийг сонсоход нэг зүйл тодорхой мэдрэгддэг. Тэр сонсогчдоо алмайруулах гэж хэт хичээдэггүй. Амьдралын тухай том философи ярьж, өөрийгөө хүчээр “гүн сэтгэгч” мэт харагдуулахыг ч оролддоггүй. Харин бидний өдөр тутамдаа мэдэрдэг хэрнээ үгээр илэрхийлж чаддаггүй тэр жижигхэн мэдрэмжүүдийг дуу болгодог. Тиймээс Энэрэлийн дууг сонсож байхад түүний амьдралыг сонирхохоос илүү өөрийнхөө амьдралыг эргэн санах үе олон. Энэ бол түүний хөгжмийн хамгийн том давуу тал.


Хүрч чадаагүй хайр


“Зүрх зүсэм бялуу” бол Энэрэлийн уран бүтээлийн ертөнцийг ойлгоход тун тохиромжтой дуу.


“Хүсэж байвч үнсэж чадахгүй

Хүнийх гэдгээс чинь өөр юу ч мэдэхгүй”


Энд хайр дурлалын тухай сүртэй тайлбар алга. Ердөө л хүсэж байгаа ч хүрч болохгүй хүний тухай хоёр мөр. Гэтэл энэ энгийн өгүүлбэрийн цаана олон хүний амьдралд дор хаяж нэг удаа тохиолдсон мэдрэмж бий. Хамгийн сонирхолтой нь Энэрэлийн дуун дахь өгүүлэгдэж буй хайр бүрт “чамайг өөрийн болгоно” гэсэн эзэмших хүсэл байдаггүй. Заримдаа хайртай хүнээ өөрөөсөө хол байсан ч аз жаргалтай байгаасай гэж хүснэ.


“Сайн хүнтэй байхыг чинь харахсан”


Энэ мөр “Зүрх зүсэм бялуу”-ны гунигийг улам тодруулдаг. Хүрч чадаагүй хайр боловч хорсол биш. Гомдол боловч үзэн ядалт биш. Тиймээс дуу дуусахад хүнд гуниг гэхээсээ илүү зөөлөн харамсал үлддэг.


Репперийн доторх шүлэгч


Энэрэлийн бичлэгийн өөр нэг тал “Шүлэг” дээр илүү тод харагдана.


“Хувь дутсан дурлалаар өвдөж

Хуурын чавхдас шиг хөг орж”


“Хувь дутсан дурлал” гэх хэллэг өөрөө монгол хүний сэтгэлгээнд ойр. Харин түүнийг “хуурын чавхдас”-тай холбох үед реп хэллэг гэнэт яруу найргийн дүрслэл болж хувирдаг.


Удалгүй: “Зүсэрсэн бороо шиг дурлал” гэж хэлнэ.


Энэ бол Энэрэлийн гунигийн мөн чанарыг бараг тодорхойлчихсон зүйрлэл. Түүний дуун дахь гуниг аадар бороо шиг хүчтэй асгардаггүй. Зүсэрсэн бороо шиг аажмаар норгодог.

Сонсож байхдаа анзаарахгүй өнгөрч болох ч дуу дууссаны дараа мэдрэмж нь үлдэнэ.

Энэрэл зөвхөн сонгодог яруу найргийн хэлээр бичдэггүй. Харин ч эсрэгээрээ түүний онцлог нь яруу найргийн хэл болон орчин үеийн залуусын ярианы хэлийг нэг дуунд зэрэг оруулж чаддагт бий.


“Send Zurh”-ийн:


“Хэрэв намайг ойлгож байвал send зүрх”


гэдэг мөрийг дангаар нь харвал яруу найраг гэхэд хэцүү.


Гэхдээ энэ бол тухайн үеийн залуусын харилцааны маш бодит дүр зураг.


Захидал бичиж хайраа илэрхийлдэг байсан үе өнгөрч, emoji, message, story, like-аар сэтгэлээ мэдэгддэг болсон үеийн дурлал. Энэрэл тэр өөрчлөлтийг зориуд тайлбарлаагүй. Зүгээр л үеийнхнийхээ хэрэглэдэг хэлээр дуулсан.

Тиймээс түүний зарим дуу он цаг өнгөрөх тусам тухайн үеийн Улаанбаатарын залуусын амьдралын жижигхэн баримт шиг сонсогдож болох юм.


“Байгаагаараа” байх гоо сайхан


“Pacific”-ийн хамгийн энгийн мөрүүдийн нэг:


“Чи байгаагаараа

Байгалиараа

Гайхамшигтай”


Энд Энэрэл эмэгтэй хүнийг хэт төгс дүрээр зурсангүй. Харин байгаагаараа байхыг нь сайхан гэж харжээ.


Харин дараа нь: “Чиний нэр дээр хамаг сэтгэлээ хадгалуулсан” гэхэд өдөр тутмын энгийн яриа гэнэт содон дүрслэл рүү шилжинэ.

“Сэтгэлээ хадгалуулах” гэдэг хэллэгт Энэрэлийн бичлэгийн нэг онцлог бий. Тэр заримдаа хэдэн мөр энгийн ярьж байгаад ганцхан өгүүлбэрээр дууны бүх мэдрэмжийг зангидаж чаддаг.


Энэрэлийн хоёр ертөнц


Энэрэлийн дуунуудыг олон талаас нь сонсоход нэг сонирхолтой зөрчил ажиглагдана. Нэг талд нь “send зүрх”, “good”, “bad”, “cool” гэх мэт орчин үеийн залуусын ярианы хэл бий.Нөгөө талд нь “хувь дутсан дурлал”, “хуурын чавхдас”, “зүсэрсэн бороо” бий.Нэг талд нь хотын гудамжны реп. Нөгөө талд нь яруу найраг.

Энэ хоёрын уулзвар дээр Энэрэлийн өөрийн өнгө төрх бий болдог.

Тиймээс түүнийг зөвхөн реппер гэж тодорхойлоход багадах үе бий. Түүний шилдэг бүтээлүүдийг битэн дээр бичигдсэн хотын залуусын богино шүлгүүд гэж харж ч болохоор.


Дуунаас илүү дурсамж


Энэрэлийн уран бүтээлийн гол сэдэв хайр дурлал мэт харагдавч үнэндээ түүний дуунуудын цаана үргэлж дурсамж явж байдаг. Хайрлаж байсан хүн. Хэлж амжаагүй үг. Хамт алхсан гудамж. Хариу ирээгүй мессеж.

Бороотой орой.Хүрч чадаагүй хайр.

Эдгээр нь нэг хүний амьдралын асар том үйл явдлууд биш. Гэхдээ эргээд бодоход залуу нас маань яг ийм жижиг зүйлсээс бүтсэн байдаг.


Тийм болохоор Энэрэлийн дуу сонсогчидод “ямар гоё үг вэ” гэхээс илүү “надад бас ийм үе байсан” гэсэн мэдрэмж төрүүлдэг.


Энэ бол сайн уран бүтээлчийн чухал чанар.

Учир нь уран бүтээлч өөрийнхөө тухай бичиж болно. Харин тэр бүтээлээс сонсогч өөрийнхөө түүхийг олж сонсож эхлэх мөчөөс тухайн дуу зөвхөн зохиогчийнхоо бүтээл байхаа больдог.

Энэрэлийн зарим дуу яг ийм чадвартай.

Тэр өөрийнхөө дурлалын тухай дуулж эхэлдэг. Харин дуу дуусахад сонсогч өөрийнхөө дурлалыг санаж үлддэг.

Магадгүй Энэрэлийн уран бүтээлийн сонсогчдод өгдөг хамгийн том мэдрэмж нь энэ юм.



У.Анударь