Энэ өдрүүдэд Олон улсын Монголч эрдэмтдийн XIII Их хурал Улаанбаатар хотноо чуулж байгаа билээ. Хуралд дэлхийн 30 гаруй орны 600 гаруй эрдэмтэд оролцож, Монголын түүх, археологи, хэл бичиг, утга зохиол, угсаатны зүй, хууч судлал, улс төр, эдийн засаг, гадаад харилцааны өргөн хүрээтэй асуудлуудаар судалгааныхаа үр дүнг танилцуулан хэлэлцэж байна. Энэ удаа бид Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Я.Ганбаатартай уулзаж ярилцлаа. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн монголч эрдэмтэд чуулж байна. Олон улс орноос Монгол судлаачид ирсэн байна. Энэ удаагийн хурлын талаар Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Хурал амжилттай сайхан болж байна. Оролцсон эрдэмтдийн тоо, хэлэлцүүлж байгаа илтгэлүүдийн тоо, салбар хуралдаанууд зэрэг олон үзүүлэлтээрээ урьд өмнө болж байгаагүй далайцтай том хурал болж байна.
Эрдэмтэд ам сайтай, сэтгэл хангалуун байна. Дэлхийн Монгол судлаачид урьд өмнө таван жил тутамд нэг чуулдаг байсан. Энэ удаагаас эхлэн гурван жил тутамд чуулж байхаар болсон. 2024 онд хуралдсан өмнөх Их хурлаас хойш ийнхүү дахин цуглацгааж байна. Таван жилд нэг хуралддаг байхад бие биенээ бараг мартах шахдаг байсан. Одоо бол ойр ойрхон цуглаж, хийсэн судалгаа, бүтээлээ харилцан мэдээлж, солилцож, тэр чинээгээр Монгол судлалыг урагшлуулан хөгжүүлж байгаа нь ёстой нүдээ олсон шийдвэр юм аа. Яагаад гэвэл Монгол судлалд асар их судлагдахуун байна, хийх ажил маш их байна. Ийм судлал дэлхийд олон биш гэж хэлмээр байна. ОУМС урт настай. Хүмүүс янз янзаар авч үздэг л дээ. Албан ёсоор 1830-аад оны үеэс Оросын Казань хотын Их сургуульд Монгол судлалын тэнхим байгуулагдсанаар эхэлсэн гэж үздэг. Гэхдээ бүр 1700-гаад оны дунд үеэс, бүр цаашлаад 1600-гаад оны сүүлч хагаст үндэс суурь нь тавигдсан гэж үзмээр ч байдаг. Дурдан буй цаг үеүд бол Монгол судлал үндэслэгдэж, үүсч, өргөжин тэлж, олон улсыг хамран хөгжиж ирсэн үе шатууд нь юм аа.
-Монголч эрдэмтэд гэдэг бол насаараа Монголыг ажил мэргэжил, амьдрал үйлсээ болгон сонгосон хүмүүс байдаг байх. Ямар ямар орны хэн гэдэг нэрт эрдэмтэд ирсэн байна?
Өө, тэгэлгүй яахав. Үе үеийн монгол судлаачид нэгэн насны амьдрал, үйлээ Монгол судлалд, энэ жижигхэн Монгол үндэстний өнгөрсөн агуу их түүх, соёлыг судлахад хувиршгүй нэгэн үзүүрт сэтгэлээ зориулсан хүмүүс байдаг. Тэр бүгдийг эхнээс нь тоочихын аргагүй. Би зөвхөн Олон улсын Монголч Эрдэмтдийн Их хурал, Холбоо байгуулагдсанаас хойших өөрийн мэдэх хэмжээний цөөн хэдийг дурдьяБи 1992, 1997 оны Их хуралд нь албан бусаар өөрийн номын багш проф.Чой.Лувсанжавыгаа даган цүнхийг нь барьж явсан юм аа.
Тэр цагт сайд дарга нарын цүнхийг барих ойлголт байсангүй, харин эрдэмтэн багшийнхаа гарынх нь шавь болсон хүн тэгж ном судар дүүрэн чихсэн цүнхийг нь барьж гарыг нь амрааж явдаг байсан юм. Одоо бол цүнх барихын цаад зорилго огт өөр болсон шүү дээ.
Тэгэхэд Японы Шигео Озава, Австралийн Игорь де Рахевильц, Германы Вальтер Хайссиг, Оросын В.М.Солнцев, Америкийн Фрэнсис Клийвз, Хангины Гомбожав, Хятадын Чингэлтэй, Унгарын Жорж Кара гээд Монгол судлалын аваргуудыг дэргэдээс нь харж, биширч явлаа. Дараа нь Их хуралд албан ёсоор оролцож илтгэл хэлэлцүүлэх болсон 2002 оны үеэс өнөөгийн Олон улсын Монгол судлалын ачааг үүрэлцэж яваа олон сайхан эрдэмтэдтэй танилцсан даа.
-Энэ удаад хэн хэн ирээд байна?
Энэ удаад дэлхийн Монгол судлалын үйлсэд идэвхийлэн зүтгэж байгаа олон эрдэмтэн судлаач нөхөд маань иржээ. Тэд өөр өөрийнхөө улс оронд Монгол судлалыг авч яваа, урагшлуулан хөгжүүлэх хүндтэй үүргийг биелүүлж байгаа хүмүүс ээ. Японы Окада Хидехиро, Шиотани Шигеки, Танака Кацухико, Кимура Аяако, Оросын Анна Цендина, А.Железняков, М.Петрова, Хятадын Сэцэнцогт, Ван Мандуга, Ван Хао, Дулаан, Германаас миний шавь Инес Штольпе, др.Хурцбаатар, Францаас проф.Жак Легран гээд олон судлаач ирсэн байна. Цөөн хэдийг нь нэрлэлээ. А.Железняков бид хамаатан садан улс. Монголд төрж өсч, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн. Аав нь Самдангэлэг генерал гэж Увсын Тэс сумын уугуул баяд хүн байсныг жар, далаад оныхон андахгүй дээ.
Халимагийн Ерөнхийлөгч Асан Кирсан Улымжинов, др.Д.Уламбаяр бид
Францын нэрт монголч, “Монголын нууц товчоон”-ыг франц хэлээр орчуулсан др.Жак Легран болоод франц хэлнийхэнтэй хамт
Оросын др.Мария Петрова Алтан гадас одон хүртлээ.
Хоёр шавь нь Баянсан багштайгаа хамт
-Таны энэ удаагийн илтгэлийн тухай сонирхоё. Ямар сэдвээр илтгэл тавив?
Миний тавьж хэлэлцүүлж байгаа сэдэв бол “МНТ бол Шүтээн судар мөн” гэсэн нэртэй. Энэ илтгэлийнхээ гол санааг би хэвлэл, сайтуудад хэд хэдэн удаа тавьж, монголчууддаа хүргэж ирсэн. Товчхон хэлэхэд, МНТ бол монгол үндэстний шүтээн судар юм аа. Энийг зөвхөн өнөөдөр л би хэлж байгаа юм биш, харин зуу зуун жилийн тэртээгээс монголчуудын дунд болоод гадаадынхны дунд, тухайлбал МНТ-ныг орчуулан, хадгалж ирсэн хятад хүмүүсийн дунд, сүүлдээ өрнөдийнхний дунд ч ийм үзэл, ойлголт бий болсон байдаг.
“Монголын нууц товчоон” бол гайхамшигтай, жигтэй хувь заяатай агуу их бүтээл туурвил шүү дээ. Хүнээр ярих юм бол зүгээр л, гал усны гашуун зовлон туулсан, хоригдож дарагдсан, дээдлэн шүтэгдсэн эмгэнэлт, ээдрээт, адал явдалт, бахдан бахархам хувь төөргийг туулан, устаж үгүй бололгүй мөнхөрч үлдсэн байдаг.
Тийм учраас түүнийг мэдэх хүмүүсийн дунд “Энэ бол хувилгаан судар юм аа, шүтээн судар юм аа, түүнийг сахиус хамгаалж байдаг юм байна” гэсэн үзэл ойлголт аажмаар бий болсон байдаг. Үүнийг гэрчлэх түүхэн мэдээ баримт арав шахмыг олж цуглуулан судалсан энэ илтгэлээ Монголч эрдэмтэн нөхдөдөө хүргэлээ. Шинжлэх ухаанд алив нэг зүйлийг нотлоход зөвхөн ганц гэрч баримт хангалтгүй гэж үздэг. Тэгвэл би МНТ-ны найман зууны намтар түүхэн дэх үе үеийн арав шахам гэрч баримт олж нэгтгэн хэлэлцүүллээ.
МНТ судлалыг яаж шинэ шатанд гаргах вэ?
Би энд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Олон улсын Монгол судлал ингэж улам идэвхжин ураглан хөгжиж байгаа нь баярлууштай, сайхан хэрэг. Олон улс орон дахь Монгол судлалын үйл ажиллагаа бол товчхон хэлэхэд Зөөлөн хүчний бодлогын нэг талбар шүү дээ. Монгол Улс хүн ам цөөнтэй, эдийн засаг өчүүхэн, батлан хамгаалах хүч чадал буурай. Ийм нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа бол Зөөлөн хүч юм аа. Манай улс Зөөлөн хүчний бодлогоо улам идэвхжүүлэн дэлхий дахинд хүргэн сурталчилж байх ёстой. Үүний хамгийн гол хөдөлгөгч хүч бол Дэлхийн Монгол судлал мөн. Нэг үгээр хэлэхэд, Монгол үндэстний дэлхийд танигдсан орчуулгагүй ганцхан үг бол “Чингис хаан” гэдэг нэр мөн. Олон улсын Монгол судлалын үндэс нь XIII зуун судлал, XIII зуун судлалын оргил нь Чингис судлал, Чингис судлалын оргил нь “Монголын нууц товчоон” судлал юм. XIII зуун бол Монголын зуун байсан, Монголын зуун бол Дэлхийн зуун байсан учраас тэр. МНТ судлал дуусашгүй. Энэ судлал найман зууны түүхтэй. Өнөөдөр МНТ судлал шинэ шатанд гарч идэвхжин урагшилж байна гэж хэлж болно.
-Та уг нь Хятад судлаач мэргэжилтэй хүн биз дээ?
Би МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид сурж байгаад Хятад судлалын ангид шилжин суралцсан юм аа. Их сургууль төгссөн диплом дээр минь “Хятад судлаач, Хятад хэлний орчуулагч, багш” гэсэн мэргэжлийн нэр байдаг. Гэхдээ би Хятад судлаач, бас Монгол судлаач. Намайг Монгол судлалын ажилд сургасан багш минь агуу их Б.Ринченгийн шавь нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав байлаа. Монголын түүх, Хятадын түүхийг нэрт түүхч Ч.Далай, Н.Ишжамц, Э.Чимидцэрэн нараар, Хятадын эртний уран зохиолын түүхийг ахмад дипломатч Р.Нямаасүрэнгээр заалгасандаа би өөрийгөө их азтай гэж боддог.
Эд чинь бүгд Бээжингийн Их сургуульд суралцсан, шинэ Монголын шилдэг сэхээтнүүд байсан юм шүү дээ.
За тэгээд, монгол бичгийг Д.Чойжилсүрэн багш, Ш.Чоймаа багш, түвд хэлийг Х.Гаадан хамба, Ш.Чоймаа багш, манж хэл бичгийг Ц.Шархүү багш, эртний хятад хэлийг Лу багш, орос хэлийг С.Галсан доктор, германыг Г.Лувсан багш, англи хэлийг Сумьяа, Дамдин, Эрдэнэцэцэг, за тэгээд англи, орос багш нараар заалгасан. Би сайн багшийн муу шавь учраас заримыг нь мартчихсаан. С.Мөөмөө, Ж.Баянсан, Ж.Лувсандорж, Ц.Сүхбаатар, С.Дулам гээд Монгол судлалын аваргуудаас номын дуу сонсох хувьтай байсандаа баярлаж явдаг даа. Миний өдий зэрэгтэй яваагийн минь ач чухам эдний маань хичээл сургаал мөн. Манай ангид арван оюутан байсан. Биднийг Монгол-Хятадын харилцааны салбарт ажиллуулах гэж, Монгол судлалын салбарт ажиллуулах гэж төр засгийн бодлогоор бэлтгэсэн юм аа. Намайг оюутан болсон 1977 онд Монгол судлалын гурван их хүн Б.Ринчен гуай нас барсан, гэхдээ би гэгээн дүрийг нь харж байсан. Ш.Лувсанвандан гуай тэтгэвэртээ гарч, сургуулиар үе үе ирж багш, оюутнуудтай уулзалт, лекц хийдэг байсан. Ц.Дамдинсүрэн гуай мөн гэртээ, хааяа Их сургуулийн гудамжаар алхаж явахтай нь таардаг байлаа.
Гадаадын олон орны Монгол судлалын нэрт эрдэмтэд бүгд Хятад судлаачид байсан юм. Тэд Хятадыг судлах явцдаа тэнд Монголын түүх, соёл гэж түүнээс дутуугүй гайхалтай юм байгааг олж харж энэ судлал руу орсон байдаг.
820-иод оны үеийн Оросын Я.Бичурин, 1870-аад оны үеийн Палладий Кафаров, 1890-ээд оны үеийн А.Позднеев, за тэгээд XX зууны Б.Панкратов, И.Зограф, Францын А.Мостерт, Америкийн О.Латимор, Ф.Клийвз, Австралийн И.Рахевильц, Францын П.Пелио, Германы Э.Хэниш, Японы Кобаяши Такаширо гээд маш олон Монголч эрдэмтэн угтаа Хятад судлаачид байсан юм аа. Нэмж хэлэхэд, би насаараа төрд ажиллаж Монгол-Хятадын харилцааны тэргүүн шугаманд зүтгэсэн. Нэгэн үеийн харилцааны түүхийг бичилцсэн гэж боддог. Үүнийхээ хажуугаар Хятадын түүх бичлэгт байдаг Монголын, Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн мянга мянган жилийн түүхийг судалж, орчуулж, монголчуудынхаа, Монголч эрдэмтдийн хүртээл болгохыг зорьж ирсэн, өнөөдөр ч үүнийгээ л хийж явна. Хятадын юман дотор Монголын юм, Нүүдэлчдийн түүх, соёлын маш их юм байдаг. Тэр далай шиг их юмнаас дуслын төдийг наашаа авах нь миний хүсэл зорилго төдийгүй, миний багш, багшийн багшийн гэрээс юм аа.
Намайг оюутан байхад тэртээ наяад оны үед л Лу багш хэлдэг байсан: “Одоо хүний өөрийн данс харааг салгах цаг болсон” гэж Ри багш захьдаг байсан юм шүү. Хятадын юман дотор Монголын юм маш их бий, тэр бүгдээс жаахныг ч гэсэн авчирвал Монгол судлаач болсныхоо хэргийг гаргана шүү” гэдэг байж билээ. Би 2025 онд “Хүннүгийн түүх, соёл” номоо гуравдахь удаагаа хэвлүүллээ. “Гүрний их нийслэл Дайду-Хаанбалгас” ном маань энэ жил англи хэлээр хэвлэгдэн гарлаа. Сүүлийн жилүүдэд Монголын Юань улс, Хубилай хаан, “Монголын нууц товчоон”-ыг судалж байна. Эдгээр судалгааны ажлын маань эхний үр дүн болох “Хятад дахь Монголын нууц товчоон судлалын тойм” нэртэй номоо сая 6 дугаар сард хэвлүүллээ. Хятад бол МНТ-ныг хадгалж, орчуулж, судалж ирсэн найман зууны түүхтэй. Найман зууны судалгаа гээд бодохоор л, ямар их юм байдгийг нь төсөөлж байгаа биз дээ. Энэ ном бол дэлхийн Монголч эрдэмтдийн чуулганд миний барьж буй нэг бэлэг юм даа. Өвөр Монгол нөхөд хэлж байна лээ: “Та чухал бүтээл хийжээ. Ийм ном Хятадад, Өвөр Монголд хийгээгүй шүү. Хөххотод худам монголоор хэвлэе” гэж байна.
-Одоо та ямар судалгаа хийж байна?
Одоо “Хубилай хаан ба Юань улс”, “Монголын нууц товчооны шинэ судлал” нэртэй номууд бичээд дуусч байгаа. Сүүлчийн хяналт засалтаа хийж байна. Ээлж дараагаар ирэх онуудад гаргана аа. Цаашид “Монголын нууц товчоон” судлал дээр тогтож ажиллах байх. “Орос дахь МНТ судлалын тойм”, “Өрнө дахины МНТ судлалын тойм” хийх их санаа бий. Гадаадын эрдэмтэд маш ихийг хийсэн байдаг.
Тэр бүгдийг олж үзэж, орчуулж монголчилж гэмээнэ, МНТ судлал бүрэн бүтэн болно. Энэ дашрамд хэлэхэд, өнөөдөр МНТ-ныг судлахад үндсэн хоёр арга барил голлож байна. Нэгдэх нь МНТ-ныг монголоор нь уншиж судлах, хоёрдахь нь түүнийг гадаадын эрдэмтэд хэрхэн судалсныг нь гадаад хэлүүдээр нь үзэж судлах явдал.
Үүнд, хятад, орос, япон, герман, франц, англи зэрэг хэлүүдээр өмнөх үеийн эрдэмтэд маш ихийг хийсэн байдаг. Тухайн хэлүүдээр хийгдсэн судалгааны он дарааллаар нь би хэлж байна шүү. Тэдний судалгаа гайхалтай, зүгээр л гайхамшигтай гэж хэлье. Жишээ нь, МНТ-ныг дэлхийд таниулсан мөнхийн гавьяатан Оросын П.Кафаров Хятадад 33 жил, Б.Панкратов 17 жил, Бельгийн А.Мостерт 43 жил, Японы К.Такаширо, И.Шинобу, Америкийн Ф.Клийвз, К.Атвууд гээд Хятадад ажиллаж, амьдарч, хятад хэл бичгийг, өөр бусад хэлүүдийг ч академик түвшинд төгс эзэмшсэн, тэр хэрээрээ МНТ-ныг гүнзгий судалсан хүмүүс. Мөн Хятадын Яо Цун-Ү, Чэнь Юань, Хан Рулин гээд олон эрдэмтэн өнгөрсөн зууны эхээр Өрнөдөд суралцаж, шинжлэх ухаанч судалгааны онол, арга зүйд суралцсан байдаг. Тэдний судалгааг олж үзэхгүйгээр МНТ судлал шинэ шатанд гарахгүй.
Энэ дашрамд дурдахад, Яо Цун-Ү бол 1930-аад оны үед манай их зохиолч Д.Нацагдоржтой хамт Германд суралцаж байсан хүн. Яг Нацагдоржтой зэрэгцэн Германы нэрт Монголч эрдэмтэн, МНТ судлаач Эрих Хэнишд шавилан суралцаж байж.
Эрих Хэниш тэднийг герман хэл, өрнөдийн шинжлэх ухаанч судалгааны онол, арга зүйд сургаж, эргээд өөрөө монгол хэл, хятад хэл заалган, Монгол судлал, МНТ судлал, Хятад судлалын мэдлэгээ зузаатгаж байжээ. Д.Нацагдорж 1926-1929 онд Германд суралцаж ирээд, Судар бичгийн хүрээлэнд Дуун ухааны тасаг, Түүхийн тасгийн эрхлэгчээр ажиллаж, Монголын түүх, хэл бичиг, уран зохиолын чиглэлээр ихийг хийсэн хүн байжээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд би энэ тухай илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэ илтгэлээрээ би Д.Нацагдорж бол Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч мөн, бас орчин үеийн Монгол судлалын үндсийг тавилцсан гавьяатан юм байна гэсэн саналыг дэвшүүлсэн.
-Маш сонирхолтой байна. Танд баярлалаа, таны судалгаа бүтээлийн ажилд амжилт хүсье.
Баярлалаа.
Ярилцсан: Зохиолч, орчуулагч Мө.Батбаяр, 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр.
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл0