sonin.mn

2026–2027 оны хичээлийн жилд Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авч, Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн (бакалавр 40, магистр 20) эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийв. 


Тэд: “Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал танаа, бид 2026–2027 оны хичээлийн жилд Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авч, Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн (бакалавр 40, магистр 20) эцэг эхийн төлөөлөл байна.


Засгийн газрын 2025-04-30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд Боловсролын Сургалтын Байгууллагын Суралцагчид Тэтгэлэг, Зээл, Буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын шаардлага хангасан хүүхдүүдэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэж заасан байдаг.



Боловсролын сайд асан П.Наранбаяр нь 2026-02-28-ны А/67 тоот тушаалаараа 2026 онд Дэлхийн ТОП100 их дээд сургуульд түвшинд суралцах урилга/эрхээ авсан иргэдэд олгох тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн 2026 оны хяналтын тоог 10, магистрын тоог 20 болгож баталсан.



Ийнхүү өмнөх онуудтай харьцуулахад Магистрт олгодог байсан тэтгэлгийг болиулж, гадаадад зээлээр суралцагчдын тоог 90% орчим хувиар огцом бууруулсан байгаа нь тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын хайхрамжгүй, сэтгэлгүй хандлага, төрийн бодлогын тогтворгүй, уялдаагүй байдаг гэдгийн жишээ, мөн энэ 2026 оны хүүхдүүдэд төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар тэгш боломжийг хязгаарлан ялгаварлан гадуурхаж буй үйлдэл юм. 


Бид Монгол улсаа төлөөлөн дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах эрхээ авч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгаа боловч сургалтын төлбөрийн санхүүжилт тодорхойгүй байгаагийн улмаас суралцах эрхээ алдах, их сургуулийн элсэлтээ баталгаажуулж чадахгүй болох, улмаар олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл нь талаар өнгөрөх эрсдэлтэй нөхцөл байдал бодитоор үүсээд байна.


Одоогийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан хяналтын тоо, төсвийг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт танилцуулж, Засгийн газраас 2026 оны 250 дугаар тогтоол баталсан нь бодлогын түвшинд энэхүү асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тодорхойлсон ч зөвхөн "2027 оны улсын төсөвт тусгана" гэсэн агуулга нь 2026 онд сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай байгаа суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор хамгаалах хангалттай баталгаа болж чадахгүй байна.


Иймээс бид дараах шаардлагыг хүргүүлж байна: 


1. Хяналтын нөөцөд бүртгэгдсэн 40 бакалавр, 20 магистр, нийт 60 суралцагчийн санхүүжилтыг бүрэн шийдвэрлэсэн Засгийн газрын тодорхой шийдвэрийг 2026 оны 08 дугаар сарын 15-ний дотор гаргаж өгөхийг шаардаж байна. Эх үүсвэрийг Засгийн газрын нөөц хөрөнгө, боломжит бүх эх үүсвэрээс шийдвэрлэх. Ерөнхий сайд та үүнийг шийдэх бүрэн эрхтэй хүн. Бид маш тодорхой хариу өгч Асуудлыг шийдвэрлэх хүртэл Төрийн ордны гадаа суулт хийх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 


"Монголын ирээдүйг дэмжих боловсролын бодлогоо хэрэгжүүлэх ёстой"


Энэ бол зөвхөн хэдэн оюутны сургалтын төлбөрийн асуудал биш. Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй боловсролын бодлого, залуусын суралцах эрх, төрийн шийдвэрийн хэрэгжилт, иргэдийн төрд итгэх итгэлтэй холбоотой асуудал юм.


2. 2027 оны улсын төсөв батлагдах хүртэл суралцагчид суралцах эрхээ алдахгүй байх түр санхүүжилт, эсхүл төрийн баталгаат зохицуулалтыг хэрэгжүүлэх. Үүнд намрын улирлын төлбөрийг нөхөн санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, гадаадын их сургуульд хүлээн зөвшөөрөгдөх төрийн баталгааны бичиг олгох асуудлыг хамруулах. Оюутнуудын суралцах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах.


3. Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж, шаардагдах 6.8 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсвийн төсөлд бүрэн хэмжээгээр тусган 09 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.


4. Энэхүү асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд эцэг эхийн төлөөллийг оруулан, хэрэгжилтийн явцыг суралцагчид болон эцэг эхийн төлөөлөлд тогтмол мэдээлж байх. Энэ нь зөвхөн нэг оюутан, нэг гэр бүлийн асуудал биш бөгөөд цаашид монголын төрийн боловсролын бодлого, залуусын суралцах эрх, төрийн хүлээсэн үүрэг, иргэдийн хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой ноцтой асуудлыг нэг бүр шийдэх ёстой хамгийн чухал асуудал юм.



Эдгээр суралцагч дэлхийн шилдэг 100 их сургуулиудын хатуу шалгуурыг давж, суралцах эрхээ өөрсдийн хөдөлмөр, чадвараараа авсан. Тэд журмын бүх шаардлагыг хангаж, ил тод сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд тэдний зүгээс ямар ч алдаа гаргаагүй.



Эдгээр залуус ирээдүйд Монгол Улсдаа мэдлэг, туршлагаа авчрах хүн капиталын үнэт нөөц болно гэдэгт бид итгэлтэй байна.


Өнөөдөр нэг оюутны сургалтын төлбөрийг шийдэхгүй байх нь маргааш Монгол улсын хөгжлийн боломжийг алдах эрсдэлтэй юм. Бид 2026–2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авч, Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн эцэг эхийн төлөөллийн хувьд асуудлыг бодитоор шийдвэрлэх хүртэл шаардлагатай бүх аргаар тэмцэл хийж дуу хоолойгоо хүргэж хугацаагүйгээр тэмцлээ үргэжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. 


Аливаа гарах хариуцлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Ня-Осорын Учрал танаас нэхэмжлэх болно.” гэв.