Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ёсоор биш, амьдралаар тогтоогдсон. Зуны нууц уулзалтуудаар юу ярина, намрын улс төр түүгээр өрнөдөг. Ер нь бол, энэ зуны нууц уулзалтууд жил хүрэхгүйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, жил гаруй үргэлжилж байгаа улс төрийн зөрчилтэй холбоотой “сэдэв”-үүдийн дор үргэлжилж байна.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль албан ёсоор эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Жилийн дараах өдийд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тодорчихсон, тангаргаа өргөж, анхныхаа наадмыг нээсэн байх ёстой. УИХ таван намтай. Таван нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. МАН, АН-ын тухайд нэр дэвших хүсэлтэй улстөрчид цөөнгүй байгаа нь хотоос гадагш, энд тэнд, орон нутагт болж буй улс төрийн зуны нууц уулзалтуудаас харагдаж байна. Түүнчлэн жил гаруйн өмнөөс зарим улс төрийн нам, тухайлбал эрх баригч МАН-д эхэлсэн дотоодынх нь үл ойлголцол, зөрчил “түр намдалт”-ын байдалд байна. Сөрөг хүчин АН ч дотооддоо зөрчил ихтэй. Саяхан С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэнтэй холбоотой АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийгээд л хэрэлдээд эхэлсэн. АН-ын гурван байр хаашаа хаашаа алга болсныг ярьцгааж, эзэн холбогдогчийг нь тогтоох эрэл сурал болцгоогоод унасан. Тэр зуурт, ужиг болсон үл ойлголцол нь дэлбэ үсэрч харагдана лээ. Эндээс харвал тус намын доторх үл ойлголцол бугшаатай хэвээр байгаа нь тодорхой байна.
Энэ зуны улс төрийн нууц уулзалтын хамгийн том нь баяр наадмын дараахан Хөвсгөл далайн тахилга тааруулж, түүнтэй давхцаж Хэнтийн Дадалд болсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын голдуу 70-аад оны Ерөнхийлөгчид өрсөлдөх насныхан, нөгөөтэйгүүр жил гаруйн өмнө МАН хоёр тасрахад 38-ын бүлгийг бараадсан улстөрчид Хөвсгөлд уулзалджээ. Хөвсгөлийн уулзалтад Ерөнхийлөгч оролцсон. Харин Хэнтийн Дадалд МАН-ын УИХ дахь талцлын 30-ын бүлэгт харьяалагддаг залуучуудын бүлэг гэгддэг улстөрчид цугласан байна. Тэнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар очсон гэдэг. Тэдгээр уулзалтаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд хэн үзэх вэ, намрын улс төрийг хааш нь яаж чиглүүлэх вэ гэдэг дээр эцэслэн шийдээгүй ч дор бүрнээ талуудын байр суурийг тандах, тестлэх маягийн зүйлүүд болжээ. Аль аль бүлэг фракцыг чиглүүлдэг улстөрчид нь байр сууриа ойлгуулж, нөгөөдүүл нь зүг чигээ олж авчээ. Эх сурвалжуудын мэдээллээр Хөвсгөлийн уулзалт Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын албан бус сунгаа хэдийнэ эхэлснийг харуулжээ. Уг сонгуулийг сонирхсон “Тулах цэг өгвөл...” гэх маягтай МАН-ын Г.Занданшатар, С.Бямбацогт, Я.Содбаатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нараас эхлээд 10 шахам улстөрч байгаа юм байна. Хэнтийн Дадалын уулзалтаар “Д.Сумьяабазар, С.Амарсайхан хоёрын нэгийг нэр дэвшүүлэх гээд үзвэл ямар вэ гэж ярьсан” гэх мэдээлэл бий. Уулзалтуудын нөгөө “сэдэв” болох намрын улс төрийн тухайд ах нар нь хамгаалж, дүү нар нь довтлох тухай ярьсан байна. Ийм уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр Сутай хайрханы бэл, Хэрлэн голын хөвөө хавиар үргэлжилжээ. Учир нь Сутай хайрханы тахилга болж, түүгээр далимдуулан тус нутаг оронтой хамаатай, хамааралгүй УИХ-ын гишүүн голдуу улстөрчид очиж “үндсэн болон дэд” түвшний уулзалтуудад оролцсон байна. Мөн Хэнтий аймгийн төвд Морин спортын холбооны ой, Монгол Улсын заан цолны мялаалга наадам болж, түүнтэй давхцуулан улстөрчид Хэнтий рүү давхиж уулзалтуудад “суугаад” иржээ. Сутай хайрханы тахилгын үеэрх уулзалтын “босс” нь УИХ-ын дарга С.Бямбацогт байсан бол Хэрлэн голын хөвөөнд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хамтдаа очсон байв. Тэдний уулзалтын сонин сайхан улс төрийн хүрээнд өнөөдрөөс яригдаж эхлэх биз ээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 08 сарын 30,
2026
Сэтгэгдэл4
Хүмүүс уулзаа л биз. Нэг л бөөн хардалт. Та нар улс орныхоо хөгжил дэвшлийн талаар юм мэддэг бол түүнийгээ л ярилцаж хэлэлц. Юу ч мэдэхгүй ,чадахгүй бол битгий дээшээ цорвойж албан тушаал горьдож бай!!
Дадал сум Хэрлэнгийн хөвөөнд нүүгээд очсон юм уу ?
Шашны солиотнуудад эзлэгдсэн Иран Афганистан улс гэж байдаг шиг МАН ын дээрэмчидэд эзлэгдсэн Монгол улс гэж нэг улс Төв Азид байдаг юм ! Ёстой наалдан пад гэдэг чинь эд нар бөгөөд мөддөө салахгүй ! Нэг дээрэмчин Нямбаатар нь 32 их наядын төслөөс 2 их наяд 300 тэрбумыг дээрэмдээд гадаад ру зугтчихсан ! Дээрэмчидын толгойлогч гамингийн бага дарга цагтаа хунхууз явсан хар мантуу Хүүк нь өөрийн гар хөлүүдээ төр засгийн бүх мeстинд тавьсан бөгөөд өөр дээрмийн бүлгийг оруулахгүй байхыг хичээж байгаа юм ! Дээрэмчид үё үё үё үёээрээ зуны цагт цугладаг бөгөөд цаашдын дээрмээ хэлэлцдэг юм ! Их замын шударга дээрэмчинээс долоон доор цагаан захтан цагаан гартан дээрэмчид бөгөөд ингэж цуглаж байхад бөмбөг тавьчих аавын хүү олдоосой ! Би даанч хөгшидөөд байна !!
Хардагаа больё. Ажлын хамт олон хэсэг бөөнөөр амарч болно биз дээ. Эвтэй найртай, хар хоргүй амар амгалан аьвдарья. Гол нь эвтэй байя. гадныхны идэш болж машадгүй шүү. Хятад.