Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадам Япон Улсын Айчи муж болон Нагоя хотод 2026 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ нь Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй тохиолдол бөгөөд өмнө нь Токио 1958, Хирошима 1994 наадмуудыг хүлээн авч байсан.
Зохион байгуулагчдын албан мэдээллээр тус наадамд нийт 43 спортын төрөл багтаж, тэмцээн уралдаанууд 53 байгууламжид явагдана. 2026 оны 7-р сарын 6-ны хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарт нийт 71 спортын төрөл, 469 багц медалийн төрөл тусгагджээ.
Энэ удаагийн наадмын онцлох шинэчлэлүүдийн нэг нь Холимог тулааны спорт Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаж байгаа явдал юм. Холимог тулаан нь жюү-жицү, курашийн хамт комбат спорт ангилалд орж, нийт 6 медалийн төрлөөр явагдахаар төлөвлөгдсөн байна. Мөн крикетийн T20 төрөл “Айчи-Нагояа 2026”-ийн спортын хөтөлбөрт багтаж, эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдана.
Хамгийн сүүлийн байдлаар эрэгтэйчүүдийн тэмцээнд Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка шууд хасагдах шатанд орох бол Афганистан, Хонконг, Япон, Малайз, Балба, Оман урьдчилсан шатанд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн тэмцээн 8 багтай, шууд шөвгийн наймын шатнаас эхлэхээр байна.
И-спортын төрөл энэ удаагийн наадамд мөн медалийн хөтөлбөрт багтаж, Айчи Sky Expo-д зохион байгуулагдана. Албан спортын хөтөлбөрт Street Fighter 6, TEKKEN 8, THE KING OF FIGHTERS XV, Pokémon UNITE, Honor of Kings, League of Legends, PUBG MOBILE Asian Games Version, Mobile Legends: Bang Bang, Identity V Asian Games Version, Naraka: Bladepoint, Gran Turismo 7, eFootball, Puyo Puyo Champions зэрэг цахим спортын төрлүүд тусгагдсан байна. Зохион байгуулах хороо 2026 оны 6-р сарын 16 болон 7-р сарын 6-нд тэмцээний хуваарь, спортын хөтөлбөрт өөрчлөлт орсон талаар албан ёсоор мэдээлсэн. Иймээс одоогийн спортын хөтөлбөр нь хамгийн сүүлийн шинэчилсэн хувилбар боловч наадам эхлэх хүртэл тодорхой техникийн болон хуваарийн өөрчлөлтүүд гарах боломжтой.

Даваа - 07 сарын 27,
2026
Сэтгэгдэл0