Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Япон Улсын Мэйтокү Гижүкү олон улсын спортын ахлах сургуулийн захирал Хироаки Сакимотог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголын спортын салбарын хүний нөөцийг бэлтгэн төлөвшүүлэх, хоёр улсын спорт, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын Үндэсний Олимпын Хорооны дээд шагнал болох “Олимпын алдар” одонгоор шагнав.
Уулзалтад Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г.Ерөөлбат нар оролцов. Мэйтокү Гижүкү олон улсын спортын ахлах сургууль нь 1995 оноос эхлэн Монгол Улсын сурагч, тамирчдыг хүлээн авч суралцуулж эхэлсэн бөгөөд тус сургуулийн анхны монгол төгсөгчдийн дундаас Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд амжилттай барилдаж, ёкозүна цол хүртсэн их аваргууд төрөн гарсан түүхтэй.
Өнөөдрийн байдлаар тус сургуульд Монгол Улсын 200 гаруй сурагч, тамирчин суралцсан бөгөөд одоогоор 45 монгол сурагч, тамирчин спортын төрөл бүрээр боловсрол, бэлтгэлээ үргэлжлүүлэн эзэмшиж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Мэйтокү Гижүкү олон улсын спортын ахлах сургуульд суралцуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяаслаг залуу тамирчдад олон улсын түвшний боловсрол, спортын мэргэжлийн бэлтгэл эзэмших боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.


Даваа - 07 сарын 27,
2026
Сэтгэгдэл0