sonin.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд янзын гоё нэмэлт өөрчлөлт оруулна гэж цээжээ дэлдээд л байна. Хуулийн төслөө тавдугаар сарын 26-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж.


Тэгэхдээ: Уг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2014 оноос хойш буюу сүүлийн 12 жилийн турш УИХ, Засгийн газрын түвшинд багагүй ярьсан бөгөөд Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, УИХ-аас баталсан тогтоолуудын хүрээнд богино хугацаанд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан гээд баахан уянгалж.


Эндээс авмаар нь: Г.Дамдинням хуулийн төслөөр 40 гаруй хувийн өөрчлөлт оруулж буйг хэлж. Жишээлэх нь ээ:


-Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон АМНАТ-ийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан гэж.


-Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдаг асуудлыг хязгаарлахын тулд тусгай зөвшөөрлийн хугацааг нь хоёр дахин багасган зургаан жил болгож, төлбөрийг нь нэмэгдүүлж.


-Чухал ашигт малтмалын судалгааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлийг нутагшуулах, бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын дэд бүтэц, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх боломж нээнэ гэж.


-Гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмалыг хяналтгүйгээр худалдан авч хууль бус олборлолтыг өөгшүүлэх, татвараас зайлсхийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэж байгаа гажуудлыг арилгана гэж.


-Төсвийн тухай хуульд заасан АМНАТ-аас төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх болон АМНАТ-өөс Орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлнэ гэж.


-Зэсийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах АМНАТ-ийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчилнө гэж.


Эдгээр бол өөрийнх нь онцолж, олонд таниулахыг хүссэн төслийн өөрчлөлтүүд. Гэвчиг Г.Дамдиннямын энэхүү нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн баригдаад л шүүмжид өртөж байна. Тэр зөв хэрэг. Ерөөс: Г.Дамдинням энэхүү нэмэлт өөрчлөлтийг боловсруулахдаа л мордохын хазгай болгосон.


-Боловсруулах үйл явц нь Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон шаардлагад нийцэхгүй. Хуулийн төслийг яамныхаа интернэт хуудаст байршуулсан байх боловч машинаар унших боломжгүй байсан.


-Үзэл баримтлал, холбогдох судалгааг нээлттэй болгоогүй. Өргөн баригдах хүртэл нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулаагүй.


-Хуулийн төслийг хөдөөх 21 аймагт хэлэлцүүлсэн боловч уур уурхай бүхий сумын иргэд буюу хуулийн үйлчлэлд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудын саналыг тухайлан авах шаардлагад нийцэхгүй.


-Хуулийн төсөлд 2023 онд хийгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагын тандан судалгаанаас өөр тайлан алга. Энэ нь нэмэлт өөрчлөлтийн төслийн агуулгатай нийцэхгүй. Судалгааны төрөл нь тохирохгүй.


-Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ нь ч 2023 онд боловсруулсан шинэчилсэн найруулгын төсөлд хийгдсэн үнэлгээтэй.


Тиймийн учраас дор хаяж: Хуулийн төслийг өргөн барихаас өмнө Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг заавал хангах шаардлагатай байсан.


Нэмээд: Энэхүү нэмэлт өөрчлөлтөөс болоод төсвийн эрсдэл нэмэгдэж, АМНАТ буурна. Зэсийн баяжмал болон хүдэрт ногдох өсөн нэмэгдэх АМНАТ-ийн хувь хэмжээг хэт өндөр гээд багасгахаар тусгасан. Эдийн засагчид энийг дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байх үед улсын төсөвт төвлөрөх орлогыг бууруулж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулж байна.


Басхүү: Уул уурхайн том төслүүд хөдөлснөөр эдийн засаг тэлэх цаг ирэхэд энэнээс болоод орлого, үр өгөөж нь ард нийтэд хэрхэн шууд хүрэх нь тодорхойгүй болно. АМНАТ-ийг аймаг, сумдад илүү хуваарилна гэж байгаа ч ямар шалгуураар оновчтой зарцуулах нь бүрхэг. АМНАТ-ийг бууруулж, хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн нь асуудал. “Орано”-гийн гэрээ АМНАТ дээр тогтож буй. Монголын том ордуудыг эзэмшигчид Засгийн газартай АМНАТ-өөр тооцоо бодохоор ярьж байгаа. Цаашаагаа Монголд орж ирдэг бүх татвар тооцоо АМНАТ-өөр яригдах нөхцөл бүрдсэн. Гээд бод.


Г.Дамдиннямынхаа хэн бэ гэдгийг ард нийт тэр чигтээ биш гэхэд уул уурхайнхан бол аргагүй гадарлана. Нуль ашиг сонирхол. Яасхийж байгаад уул уурхай, эрдэс баялаг хариуцсан сайд болчихсон юм бол гэж үзэгддэг.


Г.Дамдиннямын хамааралтай хөрс хуулж, нүүрс олборлодог “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл туучихсан нь илэрч, юм болж байсан нь саяхан. Тэрийг нь ярьсан гишүүн рүү чуулган дээр салаавч гаргаад сууж байсан этгээд.


Мөнхүү: Сайд болуутаа “Вертекс майнинг партнерс” ХХК-ийнхаа ажил олгогч, Монголын том компанид АМНАТ-аар давуу байдал олгосон гэх асуудалд холбогдсон.


Гэтэл нь: Ашигт малтмалын тухай хуулийн олон салаа асуудал байтугай АМНАТ-ийг Г.Дамдинням гэдэг хүнээр оролдуулаад суух нь Монгол Улсаараа тоглуулж буйтай яг адил. Энэ Монгол чинь гагц уул уурхайгаасаа мөнгө олж амь зуудаг улс. Өнгөрөгч олон 10 жилийн түүхийг санах нээ Ашигт малтмалын хууль 1 л алдаа хийдэл гарахад тэрийгээ засаж чадалгүй алдагдал хохирлыг олон 10 жил амсаад ирсэн гашуун сургамж бидэнд байгаа. Ядаж эднийгээ бодвол яагаад ч ашиг сонирхлын нүүр царай болсон Г.Дамдиннямаар Ашигт малтмалын хуулийг оролдуулж боломгүй. Ядах нь ээ уул уурхай мэддэг гишүүд нь энэхүү төслийг ухаж уншиж үзэх хэрэгтэй. Хэрэвзээ баталж гаргавал ард нь амаа л барина. Алдагдал хохирлыг Г.Дамдинням биш, ард нийтээрээ, улсаараа үүрнэ…



Ө.БАТБИЛЭГ