Английн “Ливерпүүл” багт тоглож буй Египетийн шигшээгийн довтлогч Мохамед Салах энэ улирлын төгсгөлд тус багаас явахаар шийдсэн тухайгаа Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдэгджээ. Тэрбээр 2025 оны дөрөвдүгээр сард байгуулсан гэрээний дагуу 2026/27 оны улирлыг дуустал “Ливерпүүл”-д тоглох ёстой байсан юм.
“Харамсалтай нь явах цаг иржээ. Би улирал дуусмагц “Ливерпүүл”-ээс явахаар шийдлээ. “Ливерпүүл” бол зөвхөн хөл бөмбөгийн клуб биш ээ, энэ бол түүх, энэ бол үзэл санаа. Бид хамтдаа ялалтуудаа тэмдэглэж, гол чухал шагналуудыг хүртэж, хамгийн хүнд хэцүү үеүдэд хамтдаа даван туулж байлаа.
Намайг энд байх хугацаанд энэ клубийг бүрдүүлж байсан нэг багийнхан, хөгжөөн дэмжигчиддээ талархаж байна” гэж М.Салах Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Өдгөө 33 настай Салах 2017 оноос хойш “Ливерпүүл”-д тоглож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр хоёр удаа Английн аварга болсноос Английн цом, Английн лигийн цом, Английн Супер цомыг хүртэж, Аваргуудын лигийн тэмцээн, УЕФА-гийн Супер цомын тэмцээн, клубүүдийн ДАШТ-д түрүүлжээ. Энэ улиралд Салах 34 тоглолтод оролцож, 10 гоол оруулаад байна.
Б.Адъяахүү
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл1
Манчёстир ситид тоглож буй Норвёгийн үнэг Хооланд л жинхэнэ од шүү дэ ! Энэ жилийн дэлхийн аваргад Норвёгийн баг үзүүлээд өгнө дө ! харж л байгаарай !