sonin.mn

БРАЗИЛИЯ, 2024 оны хоёрдугаар сарын 22 /Anadolu/. “Хорийн бүлэг”-ийн /G20/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Бразил улсын Рио-де-Жанейро хотноо эхэллээ. 


Энэ удаагийн уулзалтаар дэлхий дахинд үүссэн хурцадмал нөхцөл байдал, Орос-Украины дайн, Израил, ХАМАС-ын мөргөлдөөн зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн олон талт байгууллагуудыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон ядууралтай тэмцэх, дэлхийн засаглалын механизмыг шинэчлэх зэрэг асуудлуудыг хөндөнө.


"G20"-ийн хэлэлцээнд Бразилын төлөөлөн оролцогч Маурисио Лирио уулзалтын өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ: "Бид засаглалгүй дэлхийд амьдарч, урьд өмнө хэзээ ч байгаагүй мөргөлдөөний үеийг туулж байна. Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх засаглал хангалтгүй байна” гэв.


Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өргөжүүлэх, шинэчлэхийг дэмжиж байгааг илэрхийлээд хориг тавьсан орнуудын эсэргүүцлийн улмаас зөвшилцөлд хүрч чадахгүй байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Үүний сацуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар 2023 оны гуравдугаар сарын 2-нд Шинэ Дели хотод уулзсанаасаа хойш дахин нүүр тулан уулзах төлөвтэй байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орныг нэгтгэдэг G20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх 11 дүгээр сард Рио-де-Жанейро хотноо болно.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг