sonin.mn

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой эрүүгийн хэргийг хянаж хэлэлцээд гаргасан шийдвэрийн тоймыг шүүхийн веб сайтад байршуулсан ба уг шийдвэр /магадлал/-ийг боломжит богино хугацаанд бичгээр гаргаж, нийт хэргийн оролцогч нарт гардуулж, шүүхийн цахим санд олон нийтэд нээлттэй байршуулах болно. 


Улсын Дээд шүүхээс хэргийг өмнө нь хянан хэлэлцэж, улмаар Н.Алтанхуяг болон бусад нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.


Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “…шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан. 


Тодруулбал, Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан тухайн тохиолдолд доод шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа, зөрчил” нэг бүрийг дахин давтах ёсгүй байдаг.  


Гэвч анхан шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн шийдвэрт зааснаар хүчингүй болсон, нотолгооны чадваргүйд тооцогдсон “тус давж заалдах шатны шүүхийн өмнөх дүгнэлт”-ийг зөрүүгүй байдлаар хуулбарлан бичсэн, өөр бусад байдлаар хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.  



Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх ноцтой алдаа, зөрчлийг зөвтгөх, таамаглан дүгнэх эрхгүй учраас дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.  



Энэ нь шүүгдэгч нарыг гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш, харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн алдаагаа засварлах, хэргийн бодит байдлыг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэн шийдвэрлэх асуудалтай хамааралтай болохыг тодотгож байна.     


 Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогч нарын хэн боловч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх нээлттэй.


 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ