sonin.mn

АН-ын ЕНБДаргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт мэдээлэл хийв.


Тэрээр: "Намын даргын зүгээс Үндэсний бодлогын хорооны хурал дээр нэр дэвшүүлсэн хүн олонхийн санал авч чадаагүй. Иймээс өнөөдөр болсон Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар миний нэрийг санал болгон оруулж, дийлэнх гишүүд дэмжсэн тул АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр боллоо.


Өмнөх хугацаанд манай нам албан ёсны Ерөнхий нарийн бичгийн даргагүй, дандаа түр орлон гүйцэтгэгчтэй явж ирсэн. Мөн үүрэг гүйцэтгэгчийн хугацааг тодорхой заагаагүйгээс урт хугацаанд ажилласан тохиолдлууд бий.


Харин Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмийн дагуу энэ удаа үүрэг гүйцэтгэгч нэг сарын хугацаанд ажиллана. Үндэсний бодлогын хорооны зүгээс тавдугаар сарын 15-наас өмнө энэ асуудлыг бүрэн цэгцлэхээр төлөвлөж байна. Манай нам 5 дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулна. Өнөөдрийн хуралдаанаар үйл ажиллагааны гурван үндсэн журмын танилцуулга, мөн Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор тус бүр дээр нь ажлын хэсгүүд байгуулсан.


Тухайлбал: Бодлогын ерөнхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж, таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. УИХ-ын гишүүн З.Нарантуяа даргатай 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөн байгуулагдсан.


Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Түвшин ахалж, таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо. Ингэснээр намын Улс төрийн зөвлөл бүрэлдэн ажиллаж эхэлж байна. Намын бүлгийн үйл ажиллагаатай холбоотойгоор намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийж, намын дарга болон бүлгийн даргын албан тушаал тусдаа байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийснээр намын Улс төрийн зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. " гэлээ.


Б.Төгсбаясгалан