ТАЙБЭЙ, 2026 оны тавдугаар сарын 8 /Kyodo/. Тайваньд үйлдвэрлэсэн анхны шумбагч онгоцноос торпед харваж туршсан нь Хятадын тэнгисийн цэргийн флотын эсрэг тогтоон барих хүчин чадлыг нэмэгдүүлэх, дайн гарсан тохиолдолд тэнгисийн гол замуудыг хамгаалахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Хятад улс өөрийн газар нутаг гэж үздэг Тайвань нь зэвсэгт хүчнээ шинэчлэх хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд дотоодын шумбагч хөлөг онгоц бүтээх төслийг хөтөлбөрийнхөө гол цөм болгожээ.
Учир нь Бээжин тус арлыг өөрийн эзэмшлийнх гэдгийг бататгах зорилгоор бараг өдөр бүр цэргийн сургуулилалт хийж байгаа юм. Дипломат харилцааны хувьд тусгаарлагдмал Тайванийн хувьд шумбагч онгоц бүтээх хөтөлбөр нь томоохон дэвшил болсон бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхдээ АНУ, Их Британи зэрэг хэд хэдэн орны технологи, туршлагад тулгуурласан байна.
Найман шумбагч онгоц бүхий флоттой болох хөтөлбөрийг тэргүүлэн хэрэгжүүлж буй Тайванийн "CSBC Corp" компани пүрэв гарагт мэдээлэхдээ, "Narwhal" хэмээн нэрлэсэн анхны шумбагч онгоцноос торпед харвах анхны туршилтыг лхагва гарагт явуулжээ.
Туршилтын явцад байг илрүүлэх, дагах, буудлагыг удирдах болон торпедыг чиглүүлэх зэрэг байлдааны системийн ажиллагааг шалгасан байна. Уг шумбагч онгоцыг өнгөрсөн нэгдүгээр сард усан доор туршсан байна. Тайвань 2027 он гэхэд дотооддоо бүтээсэн хоёр шумбагч онгоцыг зэвсэглэлдээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид бүтээх шумбагч онгоцнуудаа пуужингаар тоноглохоор төлөвлөж байна.
Нийт 49.36 тэрбум тайвань долларын (1.57 тэрбум ам.доллар) өртгөөр бүтсэн анхны шумбагч онгоцыг АНУ-ын "Lockheed Martin" компанийн байлдааны системтэй, Америкт үйлдвэрлэсэн хүнд ангиллын "Mark 48" торпедоор зэвсэглэсэн байна.
"Narwhal"-ыг 2024 онд тэнгисийн цэргийн флотод хүлээлгэн өгч, 1980-аад онд Нидерландаас худалдаж авсан хоёр шумбагч онгоцны бүрэлдэхүүнд нэгтгэхээр төлөвлөж байсан ч төслийн явцад саатал гарч, хойшлогджээ. Тайванийн зэвсэгт хүчин Хятадын ардын чөлөөлөх армитай харьцуулахад харьцангуй жижиг хэвээр байна. Хятад улс одоогоор нисэх онгоц тээвэрлэгч гурван хөлөг онгоц, баллистик пуужин тээгч, цөмийн хөдөлгүүртэй хэд хэдэн шумбагч онгоцтой бөгөөд радарт үл үзэгдэгч сөнөөгч онгоцуудыг бүтээж байгаа юм.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
Япон зэвсгийн экспорт хийж, япон тайваныг зэвсэгжүүлж байгаад хятад маш айдастай байна.