УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.05.08/ ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг танилцуулав. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд чухал асуулт, хариултыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Гадаад зээл ашиглалтын хууль эцэслэн батлах шатандаа уналаа. Үүнтэй холбоотойгоор төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хэвээр хэлэлцэх нь утгагүй юм. Төсвийн зарлагын хувь хэмжээг өөрчлөх талаар санаачилга гарга, Ерөнхий сайд аа. Нэгэнт босгосон зээлүүдээ яаж ашиглах гэж байна вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Эдийн засаг агшиж байгаа бол мөчлөгийг сөрж, тодорхой алдагдал үүсгэхдээ санхүүжих эх үүсвэр тодорхой байвал эдийн засгийг халааж идэвхжүүлнэ. Эдийн засаг тэлж байхад бид хуримтлал хийж чадаагүй. Алдагдалгүй төсөв сайн, алдагдалтай нь муу гэдэг ойлголтоор олон удаа төсөв баталж иржээ.
Өмнө нь 33.5 их наядын орлого, зарлагатай төсөв батлаад их сайн төсөв баталчихлаа гэж ярьдаг байсан. Мөчлөг яг сөрнө гэвэл энэ цаг мөч л гэж харж байгаа. Эх үүсвэр нь тодорхой байгаа тохиолдолд гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлэх ёстой юм.
Засгийн газрын явуулж буй “Чөлөөлье” бодлого чинь эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой. Н.Алтаншагай нарын гишүүдийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь эх үүсвэр бэлэн байгаа зээлээ ашиглая, хурдан хугацаанд төслүүдээ явуулъя гэж Их хурлаар оруулж ирсэн төсөл гэж харж байгаа. Төсвийн тусгай шаардлага, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бид чандлан барьж буй учраас энэ удаа оруулж ирсэн төсвийн хүрээний мэдэгдэл тогтвортой байдлын шаардлагад бүрэн нийцсэн.
Сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх нь чухал. Гадаад зээл дээр орон зай бий. 2027 онд 4, 2028 онд 3.8, 2029 онд 3.5 гэхээр 11.3 их наядын орон зай байгаа.
Төсвийн энэ хүрээнд Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэр зэрэг төслүүдээ үргэлжлүүлээд явуулна. Манай төсвийн 75 хувь нь урсгал зардал. Найман их наядын дөрөв нь нийслэлд, 1.3 нь шинэ, 1.3 нь зээл, үлдсэн нь үргэлжлэх санхүүжилт. Гадаад зээл ашиглалтын тухай хууль чухал байсан ч нэгэнт унасан учраас Засгийн газар батлагдсан төсвийн хүрээндээ бүтээн байгуулалтын ажлаа хийгээд явна. Төсвийн төсөөллийг хэлэлцээд өгчихвөл ирэх оны төсвөө хязгаартаа багтааж оруулж ирээд батлуулаад явна. Сахилга батын хүрээнд зарим төслүүдийг хойшлуулж, эрэмблээд явахаас өөр аргагүй. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөв явж байгаа. Гадаад зээлийн ашиглалт орчих байсан ч уначихлаа гээд төсвийн хүрээний мэдэгдлээс хасна гэж байхгүй.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Гадаад зээл ашиглалтын тухай хууль унаснаар Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэрийн төсөлдөө төсөвт тавигдсан гадаад зээлээ түлхүү ашиглана гэсэн үг. Бусад буюу орлогод нийцсэн орон сууц, шинээр баригдах сургууль, цэцэрлэг, 17 аймгийн эрүүл мэндийн төвийн төсөл, 10 аймгийн дулааны станц, бүс нутгийн бүх автозамын төсөл, хил боомтын үйлчилгээ сайжруулах төслүүд хэрэгжих боломжгүй боллоо. Бид 18.3 тэрбум ам.долларын гадаад зээлийн гэрээтэй. Жилдээ 30-40 тэрбумыг төлдөг. Уг нь нэн хөнгөлөлттэй сайн зээлүүд.
Цалин, тэтгэврийн нэмэгдлээс шалтгаалж улсын төсвийн урсгал зардал нэмэгдэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардал 2027 онд танагдана. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэсэн үг.
Хуучин хэрэгжиж байснаас нэн тэргүүний хэсгийг таслаад 2.2 их наядад багтааж үргэлжлүүлнэ. Уг нь гадаад зээлээ таслаж аваад хуулиа гаргаад ирсэн бол 4 орчим их наядын санхүүжилтээр хөнгөлөлттэй, амлагдсан зээлээ санхүүжүүлсэн бол та бидний амлалт хэрэгжих байсан юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газраас таны Засгийн газрын ялгагдах зарчмын шинжтэй, стратегийн гол ажлууд чинь юу байх вэ. Эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд юунаас татгалзаж, юуг дэмжих юм. Болж өгвөл боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвөөс битгий хасаарай?
Ерөнхий сайд Н.Учрал: 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Их хурлаар батлуулсан. Энд мега төслүүдийг эрэмбэлж, Г.Занданшатар Ерөнхий сайдын үед дахин шинэчилж эрэмбэлсэн. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг та бүхэн харж болно.
Эдийн засаг агшиж буй энэ үед төрийн оролцоог хумих, хувийн хэвшлээ дэмжих бодлого явуулна. Зах зээлд байгаа ажлын байр нэмэгдүүлэхээс гадна хадгалах бодлого баримтлах юм.
Төр, хувийн хэвшлийн оролцоотой үйлдвэр барьж байгуулах дүрэм журам, саад тээгийг арилгана. Ийм цаг үед аж ахуйн нэгжүүдэдээ итгэж урагшлах л зам байна. Гангийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүдийг төсвөөс санхүүжихгүйгээр хувийн хэвшилд боломж олгож барьж байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт гэхэд таван нарны станцын төслийн сонгон шалгаруулалтыг зарлачихлаа.
Гадаад зээлийн ашиглалт өнгөрсөн жил гэхэд 1.2 их наядаар батлагдсан. Газрын тос руу 145, Эрдэнэбүрэнд 83 тэрбум гарчихсан. Энэ оны төгсгөл рүү буюу долоон сараас хойш гадаад зээлээ ашиглаж чадахгүй болчихлоо.
Төслүүдээ эрэмбэлчихсэн учраас энэ хоёр төслийн санхүүжилтийг үргэлжлүүлээд явна. Ирэх жилийн төсөв нэлээд хумисан, урсгалыг нэмэгдүүлсэн байхаас өөр замгүй. Гол нь ажлын байрыг хадгалж үлдэх үүднээс Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилаа. Ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг Хөрөнгө оруулалтын хуультай хамт өргөн барина.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Засгийн газрын тэргүүлэх бодлого бол боловсрол, эрүүл мэнд. Тэр хүрээнд цалин хамгийн өндөр нэмэгдлээ. Гадаад зээлийн ашиглалт, улсын төсвийн хөрөнгө оруулалт ч үүнд чиглэж байна. Монголд эрчим хүчний нөөц, газрын тосны нөөц байна. Энэ бүхнээ ашиглая гээд гаднаас зээл олоод ирэхээр ашиглуулахгүй гээд унагачихлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Гадаад өр 2027 онд 51 их наяд байна гэсэн чинь сая оруулж ирэхдээ 57 их наяд буюу зургаагаар нэмэгдүүлээд ороод ирлээ. Төсвийн зардлаа 36 их наяд буюу хоёроор нэмчихэж. Сахилга бат хаана байна вэ. Инфляц хоёр оронтой тоо руу орсон шүү. Ахмадуудыг битгий хуураад байгаарай?
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн хүрээ гэдэг бол хязгаар. Бүх зүйлийг санхүүжүүлнэ гэсэн үг биш. Засгийн газрын өрийг 2027-2028 онд ДНБ-ий 50, 2029 онд 45 хувьтай байхаар оруулж ирсэн. Тусгай шаардлага нь 60 биз дээ. Бид бол дээд хязгаараа л 50 гэж оруулж ирсэн. Ирэх оны төсвийг хязгаар дээрээ багтааж оруулж ирнэ. Тэтгэвэр, багш, эмчийн цалин нэм гэдэг. Ирэх онд гэхэд багш, эмч нарын цалингийн нэмэгдэлд 1.3 их наядыг төсөвлөнө.
Нэмээд байж болох ч хязгаараа давчихаад байдаг төвөгтэй асуудал бий. Тэтгэврийг инфляцтай уялдуулаад индексжүүлэхээр багадаа 9 хувь нэмэх ёстой.
Төсвийн тэнцлийг алдагдалтай, ашигтай батлах тухайд мөчлөг яг хаана байна вэ гэдгээс шалтгаалж төлөвлөгөө гаргаж явах нь бодлогын хувьд зөв юм. Мөчлөг муудсан үед алдагдалтай оруулж ирж байж л эдийн засгийн цусны эргэлтээ сайжруулна. Агшаагаад байх юм бол улам л борц болоод хатчихна биз дээ. Татварын хуулийг эдийн засгаа идэвхжүүлэх зорилгоор өргөн барилаа. Хурдан батлах л хэрэгтэй. Нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр тодорхой арга хэмжээ аваад явж байна. Эрэлтийн гаралтай инфляц эрсдэл багатай байгаа. Тэтгэврийг 10 хувиар нэмэхэд 300 тэрбум төгрөг. Жигд нэмэх гэхээс илүү итгэлцүүрээр шийдэх хэрэгтэй. Итгэлцүүр шийдэхэд 900 тэрбум. Индексжүүлэлт нэмэх хуулиа хийгээд итгэлцүүрээ шийдээд урагшлахгүй бол бүгдийг жигд нэмнэ гэдэг нь шударга бус.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Төсвийн хүрээний мэдэгдэл сонгуулийн цикл руу орсон байх вий. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хүчингүй болгохоор оруулаад ирсэн. Яагаад зардлаа танахгүй иргэдийн буцаан олголтыг цуцлав. Гурван сарын хязгаарыг яагаад авч хаях гэж байгаа юм бэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн хүрээг батлуулснаас хойш төсвийг гурван сарын дотор барь гэдэг бол ямар ч логикгүй зүйл. Ирэх оны төсөв дээр бол асуудалгүй хязгаар тавьж болно. Тодотгол яагаад хийх шаардлага үүсдэг вэ гэхээр хэрэгцээ шаардлага гарч байна гэсэн үг.
Эдийн засгийн бодлогын хувьд мөчлөг сөрөх шаардлагатай байна гээд зарим зардлаа танана. Хэрэгцээ шаардлага үүсчихээд байхад гурван сарын хязгаараа хүлээгээд суувал тэр тодотголын шаардлага байхгүй биз дээ.
Тухайн цаг үетэйгээ зэрэгцээд хариу арга хэмжээ авах яаралтай асуудал шүү дээ. Ирэх жилийн төсөв хязгаарт орж ирнэ. Тодотгол хязгаарт баригдах шаардлагагүй. Долоо, найман сард юу болохыг бид мэдэхгүй шүү дээ. Эдийн засгийн өсөлтийг ирэх онд 5.8 гэж тооцож байгаа. Нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 58-60 хувиар нэмэгдчихлээ. Ирэх онд 95 сая тоннд хүргэнэ. Төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэнэ.
Оюутолгойн зэсийн баяжмал дахь агуулга нэмэгдэнэ. Зэс болон төмрийн үнэ нэмэгдэх сайн мэдээ бий. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хууль хэрэгжиж орлого 1.6 их наядаар буурна.
Үүний оронд зах зээлд байгаа ажлын байрыг хадгалж үлдэх бодлого явуулна. Хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжих зорилгоор Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. НӨАТ-ын босгыг нэмлээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Төсвийн урсгал зардлыг багасах, төрийн албаны чиг үүргийн давхардлыг арилгах талаар юу хийж байна вэ. Чиг үүргийн шинжилгээг хийж олон яамдаа цөөлөх үү. Намар өргөн барих төсвөөс өмнө Гүйцэтгэх засаглалаа цомхон болгох уу?
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Чиг үүргийн давхардлын дүн шинжилгээ одоо ч хийгдэж байна, өмнө нь ч хийгдсэн. Сүүлийн хоёр удаагийн Засгийн газрын хурлаар шинжилгээний дүнтэй танилцаж, аргачлалаа өөрчилье гэж шийдсэн. Төрийн яам агентлаг дээр тийм их хэмнэлт гарахгүй юм билээ. Гэтэл Монголбанкинд гэхэд 100 орон тоог танахад 15 тэрбумын хэмнэлт гарсан. Төрийн өмчит компаниуд дээр хяналт, шалгалт хийж байна. Засгийн газрын үндсэн чиг үүрэгтэй давхардсан маш том бүтцийг бий болгоод хотын төвийн оффис түрээсэлсэн байдалд шалгалт хийлээ. Тэд төсвөөс жилдээ 55 тэрбумыг түрээсэнд гаргадаг. Эсрэгээрээ таван тэрбумын орлого олдог. Тиймээс түрээстэй холбоотой журмыг цэгцэлнэ. Төр өөрийнхөө өмчийг хямдаар түрээслээд эргээд маш үнэтэй байр түрээсэлдэг.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд орж ирсэн тоонуудыг маш өөдрөг төсөөлжээ. Гэтэл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал чинь ийм өөдрөгөөр төсөөлөх шалтгаан болох уу. Юунаас ийм өөдрөг төсөөлөл гараад ирэв?
Ерөнхий сайд Н.Учрал: Тэгж их өөдрөг төсөөлөөгүй. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл. Экспорт сайжирсан ч импорт сайжрахгүй байгаа. Эрэлтийн гэхээс илүү нийлүүлэлтийн гаралтай инфляц эрсдэл дагуулж байна. Гадаад валютын 7.3 тэрбумын өсөлтийг тогтвортой хадгалснаар эндээс шалтгаалах инфляцийг бууруулж чадна. Худалдааны эргэлтийг сайжруулна. Дэд бүтцүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Хил гааль, тээвэр, логистикийн асуудал дахиж гаргахгүй байхад анхаарна. Шатахууны асуудлаа шийдвэрлэж чадлаа. Хүнсний салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдээ үргэлжлүүлнэ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Хил дамнасан дэд бүтцийн холболтуудын ажил дуусаж, 2027 онд ашиглалтад орно. Нүүрсний экспорт тэр дундаа боловсруулсан нүүрсний экспорт нэмэгдлээ. Оюутолгойн цэвэр цэсийн агуулга нэмэгдэнэ. Төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэнэ. Хүнсний хувьсгал, Цагаан алтын үр дүн хадгалагдана. Евроазийн хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Эрчим хүчний гол төслүүд хэсэгчлэн ашиглалтад орох, том төслүүд эхлэх гээд эдийн засаг өсөж байгаа. Тиймээс төсөөлөл ингэж гарсан. Олон улсын байгууллагууд 5.3-аас 6 хувь гэж дүгнэлтээ гаргасан байгаагаас нэг их зөрөөгүй.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: Төсвийн зардал, урсгал зардал чинь өсөөд байгаа нь Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөөр дамжиж орж ирлээ. 1.7 их наядын алдагдал бол том тоо. Халамж хавтгайрлаа. Хэдэн хүнийг халамжаас гаргаж ажил хийдэг болгов. Торгууль бичдэг өвөө л ажлаа сайн хийж байна. Бусад бүх бизнес хүндэрчихлээ. Үүний эсрэг юу хийв?
Ерөнхий сайд Н.Учрал: Багш, эмч нарын цалинг нэмсэн нь урсгал зардлыг өсгөж байгаа хэрэг шүү. Гүйцэтгэл хангалттай биелээгүй. Өнгөрсөн жил Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирэхдээ алдагдлыг 1 их наядаар оруулж ирсэн юм. Ингэж байж эдийн засгийн өсөлт саарахаас сэргийлсэн. Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг зургаа гэж үзлээ.
Бид 5.8-аар оруулж ирлээ. Энэ өсөлтөд хүрэхийн тулд тодорхой алдагдал үүсгэж, гадаад зээлээ санхүүжүүлж, хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалах ёстой.
Эдийн засгийн өсөлтийн тоонд хүрэхийн тулд идэвхжүүлэлт явна. Г.Занданшатар сайдын үед хэрэгжсэн 2.3 их наядын хэмнэлт бол цаг үеэ олсон зөв хэмнэлт байсан. Гэхдээ дөрвөн сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.4 их наяд гарчихлаа. Бид батлахдаа алдагдлаа 1 их наядаар баталчихсан шүү дээ. Ийм цаг үед хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй.
ХНХ-ын сайд Т.Аубакир: Дэлхийн улс орнууд халамж шаардлагатай иргэдээ халамжлаад л явдаг. Таны хэлж байгаа зардал дотроос яг алийг нь хасах юм. Өнгөрсөн жил бид 2.3 их наядыг халамжид зарцуулсан. Тэр дотор хүүхдийн мөнгө ч явж байдаг. Тэр халамж юм уу. Монголын төр хүн амзүйн бодлогоо заавал аваад явна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Улсын эдийн засгийг урлах, удирдах ёстой юм. Сүүлийн жилүүдэд урсгалаараа л явж байна. Болохгүй болохоор бусад хуулиа нураадаг. Энэ байдал нь төлөвлөх шаардлагагүй болгочихож байгаа юм. Батлагдаагүй хуулийг хүртэл төслийн танилцуулгадаа үндэслээд асуудал оруулж ирж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд олсныхоо хэрээр үрсэн гэдэгт тантай санал нэг. Төсвийн сахилга бат алдагдсан нь үнэн. Үүнийг зөв болгохын төлөө явна. Тавдугаар сарын 31-нээр тендер хаагдсаны дараа шаардлагатай бол тодотгол хийнэ. Тэр үеэр урсгалаа танах, зардлаа бууруулах, гадаад зээлүүдээ эрэмблэх, төрийн албан хаагчдын янз бүрийн цалингийн системийг цэгцлэх зэрэг ажлуудаа хийнэ. Гадаад зээлийн ашиглалтын хууль батлагдсан батлагдаагүйгээс үл хамаараад зайлшгүй явах ёстой төслүүдээ ирэх оны төсөвт тавиад л явна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Монгол Улсын нийт өрийн хэмжээ сүүлийн таван жилд 7 тэрбумаар өссөн. Нийт өр нэмэгдэх шалтгаан Оюу толгойтой холбоотой. Оюу толгойн хэлэлцээр дээр таныг амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа шүү?
Ерөнхий сайд Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалт 2025 онд 3.8 тэрбум ам.доллар, түүний 50 хувийг Оюу толгой бүрдүүлж байна. Эдийн засгийн өгөөжтэй төсөл мөн. Гэхдээ зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөр, арбитр дээр үүсээд байгаа маргааны асуудал, түр хорооны тогтоолоор чиглэл өгсөн Онтрэгийн хөрөнгө оруулалтын гэрээ гээд энэ бүхэн бүхэлдээ Монголын ард түмэн 50 хувийн өгөөжөө хүртэх асуудал руу чиглэж байгаа. Тиймээс Засгийн газраас ЗГХЭГ-ын даргаар ахлуулан Сангийн сайд, Хуульзүйн сайд, Аж үйлдвэрийн сайд багтсан ажлын хэсгийг ажиллуулж байна. Хэлэлцээр 12-ноос үргэлжилнэ. Хэлэлцээр хийхэд бид удирдамжтай байгаа. Тэр нь таны ахалсан Түр хорооны тогтоол юм. Түүнийг барьж хэлэлцээр хийнэ. Бид бүх боломжоо дайчилж, хичээж ажиллах болно. “Эрдэнэс Оюу толгой” дээр олон улсын хэлэлцээр орох мэргэжлийн багийг сонгон шалгаруулна. Мөн хэл устай, мэргэжлийн захиралтай болох сонгон шалгаруулалт зарласан байгаа. Стратегийн орд эзэмшигчидтэй уулзсан. Ирэх долоо хоногт ордуудын өгөөжийг тооцох хуулийн төслийг өргөн барина. Ингэвэл хэлэлцээр хийхэд амар болох юм билээ. Ажлын байр нэмэгдүүлж байгааг хүртэл өгөөж гэж үзэх ёстой гэж тэд ярьдаг учраас ойлгомжтой эрхзүйн орчин бий болгож өгөх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Эдийн засаг хумигдлаа гэвэл Засгийн газраас хэрэгжүүлэх хамгийн чухал гурван төсөл нь юу байх вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Ажлын байр нэмэгдүүлэх долоон төслийг сая Гадаад явдлын яамны уулзалтын үеэр зарласан. Төсвөөс санхүүжихгүй. Боловсруулах үйлдвэр нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх төслийг мөн явуулсан. Бага орлоготой иргэдээ дэмжих Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилаа. Энэ хэцүү үед ажлын байраа хадгалах, шинэ ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо барина.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Эрчим хүчний төслүүдээ явуулна. Баян, Бөөрөлжүүлт, Шивээ, Эрдэнэбүрэн зэрэг төслүүд тэргүүн ээлжинд явна. Түүхий эдийн боловсруулалтад онцгой анхаарна. Ган хайлах, Нүүрс баяжуулах зэрэг төслүүд. Нефть боловсруулах үйлдвэрээ явуулна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Нүүрсний экспорт арай бага уу. Хил холболтын дэд бүтэц чинь ашиглалтад орчихвол экспорт өсөхгүй юм уу?
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Хил холболтын ажил идэвхтэй санхүүжилт тасралтгүй явж байна. 2027 ондоо багтаж ашиглалтад оруулна. Монгол Улсын коксжих нүүрс урд зах зээлд идэвхтэй өрсөлдөж байгаа. Том орон зайг Монгол Улс эзэлдэг ч гэлээ зах зээл хязгаартай. Бусад орны нүүрс орж ирнэ. Том улсын бодлого явж байгаа шүү дээ. Тэгэхээр 100 сая тонн дээр л барих бодлого явна. Түүнийгээ чанаржуулах, үнэ өсгөх зэрэг бодлого бариад зохистой хэмжээнд сайн үнээр барих бодлого барина.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Гадаад зээл ашиглалтын хууль мэдээлэл дутуу байснаас унасан. Тэгэхээр дахин энэ хуулийг өргөн барих уу. Ирэх гурван жилд цалин, тэтгэврийн өсөлтөд хэчнээн төсөв тусгагдах вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Энэ хуулийг дахин өргөн барих чиглэлээр ажиллана. Нэмээд гадаад зээлийг Хөгжлийн банкаар дамжуулах асуудлыг хуульд давхар оруулж ирэх ёстой юм билээ. Ингэснээр Хөгжлийн банк хариуцаад явна. Цалин хөлсийг тогтоож байгаа бараг 30 гаруй хууль байна. УИХ-ын Тамгын газар өөр. ЗГХЭГ-ынхан өөр гэх мэтээр ялгаатай. Багш, эмч нарын цалинг нэмснээр төсөвт ачаалал ирсэн нь үнэн. Тодотгол өргөн барихдаа цалингийн асуудлыг дагалдуулж өргөн барина. Тэтгэврийг индексжүүлж нэмэх ёстой. Хуулийн төслийг тодорхой болгоно.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, ЭМДС-ын асуудлыг 2027 оны төсвийн мэдэгдэлд яаж тусгасан бэ. Зарим эмнэлгүүдэд он дамжсан өр байсаар байгаа.
Ерөнхий сайд Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт тодорхой шинэчлэлүүд хийгдэнэ. Эрүүл мэндийн яам Даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцож хурлаа хийгээд санхүүжилтийн тогтолцоогоо эргэж харна гэдгээ надад мэдэгдсэн. Тухайлбал, фитнесс төвд санхүүжилт өгөх ёстой юу. Эсрэгээрээ нэн чухал эмнэлгүүдийн он дамжсан өрүүдийг төлүүлэх чиглэлд явна. Эмийн жагсаалтыг шинэчилж, 260 гаруй эмийг хасаад ард түмний өргөн хэрэглэдэг эмүүдийг жагсаалтад бичнэ. Нэг өвчтөнд ногдох санхүүжилтийг нэмэгдүүлснээр он дамжсан өрийн асуудал цэгцрэх байх. Өрхийн болон анхан шатны эмнэлгүүдийн хүртээмж нэмэгдэх юм.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих чиглэлд ямар ажлууд хийгдэх вэ. Махны үнийн нэмэгдэлд ямар арга хэмжээ авах вэ?
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: 2026 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” гэж зарлаад 106 тэрбумыг төсөвлөөд зарцуулаад явж байна. Хөдөлмөр эрхлэх бүх боломжтой чадвартай хүмүүст энэ төсөв зарцуулагдана гэсэн үг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл өрхийн эцэг, эхийг хөдөлмөр эрхлэхийг дэмжих хүрээнд хоёр дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилах, асрах төв шинээр байгуулж байна.
2027 онд ашиглалтад орно. Ингэснээр ээж, аавууд ажил хийх боломж бүрдэх юм. Хүүхдийн асаргааг төр хариуцахаар ажил хийх хүмүүс нэмэгдэнэ шүү дээ. 21 аймаг, есөн дүүргээс гадна алслагдсан сум, аймагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2027 оны төсөвт тусгайлан мөнгө тусгах саналаа өгсөн.
Ерөнхий сайд Н.Учрал: Махны үнийг захиргааны аргаар барих нь буруу. Хөдөө аж ахуйн биржийг дэмжих чиглэлд ажиллана. Хөдөө орон нутагт нөөцийн мах бэлтгэх боломж бий. Ган зудны нөхцөл байдлаас шалтгаалж улирлын чанартай өсөлт байгаа нь үнэн.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Халамжийн нийт төсвийн 70 хувь нь халамжийн гэхээс илүү хүн амзүйн бодлогыг дэмжих буюу хүүхдийн мөнгө, жирэмсэн ээжүүдийн мөнгө гэх мэт чиглэлд явдаг. Үүнийгээ хэзээ салгах вэ. Халамж хавтгайрсан гэдэг гол ярианы сэдэв болоод байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмадууд л халамж хүртээд байгаа юм шиг яригдаад байна?
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Ирэх жил 2.8 их наядыг Монгол Улс халамжид зарцуулна. Бодлогын яамнаас хүн ам зүйн бодлого руу чиглэсэн мөнгөө гэр бүлийн хөгжлийн зардал руугаа авна. Хүүхдийн мөнгө гэх мэтийг салгана гэсэн үг. Ингэснээр халамж руу жилдээ 600 орчим тэрбум төгрөг л зарцуулагдана. Халамжийн зардал манайх өндөр байгаа юм шиг харагдаж буй нь хүн амзүйн бодлогоо дэмжих төсөв нэг байдгаас шалтгаалдаг.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Тэтгэврийг 1.5 сая болго гэж ахмадууд жил гаруйн хугацаанд жагсаж байна. Энд манай Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Тэтгэврийг 10 хувиар нэмэхэд 300 тэрбум, ирэх жил бүтэн нэмэхэд 600 тэрбум зарцуулагдана. Багш эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд л 2.2 их наядын зарлага гарна. Тэгэхээр ирэх жил хөрөнгө оруулалтуудаа танах байдлаар асуудлаа шийдээд явна. Худлаа яриад яах юм.
Шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудаа хойшлуулах, агентлаг нэгтгэх гэх мэт өөрчлөлтүүд хийнэ. Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая хүргэх боломжгүй.
Шууд тэгж хавтгай нэмэхэд шударга бус байдал бий болгоно. Эхлээд итгэлцүүрээ шийдэх ёстой. Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг УИХ батлах ёстой. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь Засгийн газрын бодлого мөн ч гэлээ ид шидтэн гарч ирээд ч доод хэмжээг 1.5 болгох боломж одоогоор алга. Даварсаар даварсаар дагвын оронд гэдэг шиг хууль гаргаж ирээд том төсөл унагалаа гэж хэлж болохгүй. Наад хуультай, хуульгүй чинь төслүүд явна гэдгийг энэ дашрамд онцолъё.
...Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа нэр бүхий гишүүд үг хэлснээр 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
Dear Mongols: Long story in short:Make the people rich and happy period Despair is not an option. Failure to do is unacceptable period I do have two allies Wisdom and Power. Sincerely Iron Leader the Great