sonin.mn

Транспэрэнси интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийг дэлхий нийтэд зарлалаа. Олон улсад хэд хэдэн хөгжлийн болон эрх чөлөөний индексүүд жил бүр шинэчлэн гардагийн нэг нь Авлигын төсөөллийн индекс юм.


31 дэх удаагийн АТИ-ийн тайлангаар манай улс сүүлийн таван жилд төдийгүй түүхэндээ байгаагүй хамгийн муу үнэлгээ авч, 181 улсаас 124 дүгээр байрт жагсчээ. Сүүлийн таван жилд 2023 оныг эс тооцвол Монголын индекс тасралтгүй муудсаар ирсэн ч энэ жилийн хувьд онцгой буюу бүтэн 10 байраар ухарсан байна.


1995 онд анх хэрэгжиж эхэлснээс хойш Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь төрийн салбар дахь авлигыг хэмжих дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж ирсэн. Энэхүү индекс нь Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, хувийн эрсдэлийн болон зөвлөх компаниуд, судалгааны төвүүд зэрэг 13 гадаад эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурлан дэлхийн 182 улс, нутаг дэвсгэрийг төрийн салбар дахь авлигын түвшний талаарх төсөөллөөр нь үнэлдэг. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин, бизнес улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол, төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа эсэх зэргийг харгалзан оноогоор дүгнэдэг.


Харин зарим хүмүүсийн шууд утгаар ойлгодгоор авлига авсан өгсөн тохиолдол тус бүрийг хэмждэггүй. Мөн татвараас зугтааж зайлсхийсэн, хууль бус санхүүгийн гүйлгээ, мөнгө угаах гэмт хэрэг далд эдийн засаг, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөө зэргийг хэмждэггүй байна. Манай улсын хувьд АТИ-ээр түүхэнд байгаагүй муу дүн авахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг Монголд хамаарах зөвлөмжид тодорхой бичжээ. Тэгвэл энэ муу үзүүлэлтэд хүрэх хамгийн гол шалтгаан юу байв.


Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт буурсан


Манай улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн ч тогтвортой бус, түр зуурын шинжтэй байгаа нь анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болжээ. Цаашид үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх зайлшгүй хэрэгцээ тулгарч байна. Мөн халамжийн оновчгүй бодлого, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа үр дүнгүй байгаа зэрэг нь эдийн засаг талаас сөрөг үнэлгээ өгөх шалтгаан болжээ.


Бизнесийн орчин хүндэрч, бизнес эрхлэгчдийн итгэл суларсан


Бизнес эрхлэгчдэд ээлтэй бус байдал манай улсын Авлигын төсөөллийн индексийг харлуулах нэг шалтгаануудын нэг. Бизнес эрхлэгчдийн зүгээс хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор хэт дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдвэрлэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг байдаггүй зэрэг шалтгаануудыг нэрлэсэн нь энэ салбарын үнэлгэнд ихээхэн нөлөө үзүүлжээ. Зөвхөн дотоодын гэлтгүй гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах өртөг нэмэгдэж, хөрөнгө оруулалт гэдэг нь өөрөө эрсдэлтэй үйлдэл болж харагдах болж. Тиймээс ч манай улсад өгсөн зөвлөмжид эрсдэлийг бууруулах, бодлогын тодорхой, тогтвортой орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.


Хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр


Төрийн байгууллагын нэгэн хэвшмэд байдал, тэр дундаа аливаа асуудалд хариуцлага тооцдоггүй механизмууд хангалтгүй хэвээр байна. Хэдийгээр наанаа ардчиллын төлөө мэтээр төр засгийн удирдлагууд онцолж ярих нь их ч үйлдэл дээрээ хариуцлага тооцох явдал асар дутагдалтай байгаа нь үг үйлдлийн зөрүү болж байна гэсэн үг. Мөн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх хязгаарлагдмал байгаад онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзжээ. Ил тод байдлыг хангах чиглэлийн хүрээнд улс төрийн намын санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай.


Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах


Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох, өндөр эрсдэл бүхий, их хэмжээний гэрээ хэлцлийг ил тод бус нөхцөлд байгуулах явдал түгээмэл байгаа нь олон нийтийн дунд хардлага, үл итгэлцлийг нэмэгдүүлж байна. Иймд томоохон төрийн өмчит компанийн удирдлагыг нээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтын журмаар томилдог тогтолцоог бүрдүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлыг хангах, шийдвэр гаргах болон гэрээ байгуулах үйл явцыг ил тод болгох нь зүйтэй гэжээ.


Уул уурхайн засаглалыг бэхжүүлэх


Дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ өсөж, дотоодын эдийн засгийн боломж хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих эрсдэл бодитоор нэмэгдэж байна.


Энэ байдлыг далимдуулан хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчил, далд өмчлөл бүхий үйл ажиллагаа нэмэгдэх нь салбарын засаглал, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.


Иймд Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдал, ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох, мөн хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, шаардлага, шалгуурыг тусгах нь зүйтэй. Эдгээр суурь зохицуулалтгүйгээр хэрэгжүүлэх аливаа бодлого, хөтөлбөр нь авлигын эрсдэл, байгаль орчны хохирол, хүний эрхийн зөрчлийг бодитойгоор бууруулах боломжгүй.


Хууль хэрэгжилтийн тогтвортой байдал, ял завшихтай тэмцэх


Авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зарим үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийж, Зөрчлийн тухай хуулиар хөнгөн шийтгэл ноогдуулах боломж байгаа нь нийгмийн шударга ёсны зарчимд сөргөөр нөлөөлж, ял завших тухай ойлголтыг бий болгож байна. Иймд авлигын шинжтэй үйлдэлд хүлээлгэх хариуцлагын шатлалыг тодорхой болгож, эрүүгийн болон захиргааны хариуцлагын заагийг оновчтой тогтоох замаар хуулийн хийдлийг арилгах, хуулийг сонгомол байдлаар бус тэгш, ялгаваргүй хэрэгжүүлэх институцийн баталгааг бүрдүүлэх шаардлагатай.


Хүний эрх хамгаалагч болон шүгэл үлээгчийн бодит хамгаалалтыг бүрдүүлэх


Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчны талаарх хэлэлцүүлэг 2017 оноос хойш үргэлжилж байгаа боловч өнөөг хүртэл холбогдох хууль батлагдаагүй, бодит хамгаалалтын механизм бүрдээгүй хэвээр байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг шүгэл үлээгчдийг хамгаалах нь авлигын эсрэг тогтолцооны суурь элемент тул аюулгүй, нэрээ нууцлан мэдээлэх суваг, өшөө авалтаас хамгаалах бодит механизм бүхий, олон улсын сайн туршлагад нийцсэн шүгэл үлээгчийн хамгаалалтын хуулийг яаралтай батлах шаардлагатай гэж зөвлөмжид онцолсон байна.


Дэлхий нийтээр авлигатай тэмцэх эрч саарч байна


Манай улсаас гадна дэлхий нийтээр Авлигын төсөөллийн индекст юу өөрчлөгдөж, юуг анхаарах шаардлагатай байна вэ гэдгийг тусгайлан гаргажээ. 2025 онд дэлхийн олон улс оронд авлигын эсрэг Z үеийнхний манлайлсан томоохон эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж байсан. Гэвч эдгээр жагсаал цуглаануудыг засгийн газрууд үл ойшоосон хандлагатай байгааг анхааруулжээ.


Дани улс индексийн хамгийн өндөр оноог (89) найм дахь жилдээ авч тэргүүлсэн бол Финлянд (88) болон Сингапур (84) улсууд удаалж байна. Харин иргэний нийгэм ноцтойгоор хавчигдаж, тогтворгүй байдал өндөр түвшинд хүрсэн Өмнөд Судан(9), Сомали(9), Венесуэл(10) улсууд хамгийн муу оноо авчээ.


Авлигын төсөөллийн индекс (АТИ)-д дурдсанаар, авлига дэлхий даяар улам бүр газар авч, манлайлал сулрахын хэрээр ардчилал бэхэжсэн орнуудад ч авлига ихэссээр байна. Энэ жилийн индексээс харахад арван жилийн өмнө 80-аас дээш оноо авч байсан 12 улс орон байсан бол энэ жил ердөө таван улс болж буурчээ. Мөн олон улс оронд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх болон тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах явдал нэмэгдэж байгааг анхааралдаа авах шаардлагатайг дурджээ. Дэлхий нийтийн хэмжээнд авлигатай тэмцэхэд зоригтой, шийдэмгий манлайлал дутагдаж байгаа нь олон улсын авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулж, улмаар дэлхийн улс орнуудад шинэчлэл хийх дарамтыг багасгах эрсдэлтэй байгааг Транспэрэнси Интернэшнл байгууллага анхааруулжээ.


Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин