УИХ-ын гишүүн Г.Ганбаатартай ярилцлаа.
Та орон нутгаас сонгогдсон гишүүдийн нэг. Орон нутагт багш нарын цалин хөлсний асуудал ямар байна? Цалин нэмэгдсэн гэсэн хэр нь бодит байдал дээр үгүй гэж яриад байна?
УИХ-ын чуулган завсарлаад, энэ хооронд УИХ-аас гарсан бодлого шийдвэрийг сурталчлах зорилгоор тойрогтоо ажиллаад ирлээ. Өмнөговь аймгийн 13 сум, Мандалговь, Сайншанд хотод ажиллаад ирсэн. 3000 гаруй км зам туулж, 4000 гаруй сонгогчидтойгоо уулзлаа. Орон нутагт УИХ-аас гарч байгаа бодлого шийдвэрүүд, ялангуяа сая асуусан багш эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуудал маш их маргаан дагуулж байна.
2026 оны төсвийн тухай хууль дээр 2026 оны 1-р сарын 01-нээс багш нарын цалинг 50 хувиар, 11-р сараас 25 хувиар гээд доод тал нь 2,8 сая төгрөгт хүргэнэ гэсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр 2 сар гараад багш нар 1-р сарын цалингийн цэсээ хараад маш их бухимдаж байна.
Яг одоо миний ширээн дээр Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн багш ажилчдаас ирсэн захиа байна. Та иргэд сонгогчдын төлөөллийн хувьд үнэн зөв мэдээллийг зохих шатанд нь ойлгуулж, хэлсэн амандаа хүрэх ёстой гэдгийг төрөөс шаардаж байна гэдэг утгатай захиа. Нэг багш өөрөөрөө жишээ авсан байна. Боловсролын салбарт 34 жил ажиллаж байгаа багш цалин нэмэгдээгүй байхад 2,6 сая төгрөг гар дээрээ авдаг байсан бол одоо 50 хувь нэмэгдсэн гэсэн хэр нь сая гар дээрээ 2 сая 770 мянган төгрөг авлаа. 742 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн цалин бодит байдал дээр 30-с дээш жил ажилласан багш нарт 170 мянган төгрөгөөр л нэмэгдэж байна. Ингэж худлаа ярьж, биднийг молигдох хэрэг байна уу? Дээрээс нь эрх бүхий албан тушаалтнууд цалинг 50 хувиар нэмнэ гэж ярьснаас бол бараа бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Багш нарын хоол унаа, ур чадвар, заах арга зүйн нэмэгдлүүдийг бүгдийг нь хасчихсан. Бодит байдал ийм байна гэдгийг олон түмэнд дуулгаж өгнө үү гэсэн захидал ирсэн.
Ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл дээр УИХ-аар 2026 онд 542,5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Манай ихэнх ахмадууд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа.
Яаж нэмэгдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал мөн боловч бүгдийг нь 80 мянган төгрөгөөр биш, бүрэн тэтгэврийн доод хэмжээгээ 200-300 мянган төгрөгөөр нэмэх боломж байна гэж тухайн үед УИХ-ын гишүүд үзэж тэр эх үүсвэрийг төсөвт баталж өгсөн юм. Хэрэв тэгсэн бол 700 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадууд 950 мянгаас 1 сая төгрөгийн тэтгэвэр авах байсан. Гэтэл 80 мянган төгрөгөөр л нэмсэнд ахмадууд их бухимдаж, биднийг доромжиллоо гэж үзэж байна. Цалин тэтгэвэр нэмэх сургаар хөдөө орон нутагт юмны үнэ нэмэгдчихсэн, дээрээс нь бодит цалин ерөөсөө нэмэгдээгүй байна. Ийм асуудал байна. Уг нь УИХ-аас багш нарын цалинг нэмэх эх үүсвэр дээр 518 тэрбум 620 сая төгрөгийг 2026 оны төсөвт баталж өгсөн. Энэ бол анх Засгийн газраас оруулж ирж байсан боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг 2026 оны 01-р сарын 01-нээс 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх эх үүсвэр нь юм. Гэтэл яг 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх эх үүсвэрийг баталж өгөөд байхад тэр мөнгө хааччихав? Орон нутагт эмнэлгүүдээр явж уулзсан. Мөн сая Улсын 2-р төв эмнэлэг дээр очиж уулзаад ирлээ. Гэтэл УИХ-аас баталсан эмч эмнэлгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэх 190 тэрбум 300 сая төгрөг бодит байдал дээр яасан бэ гэхээр, 1-р сард 15 хувиар нэмсэн юм байна.
Сувилагчийн цалин 1 сая 721 мянган төгрөг, үүн дээр 15 хувиа нэмбэл 2 сая төгрөг гарах байж. Гэтэл байгууллагын дарга нь хурал хийгээд 2-р сараас 15 хувийн нэмэгдэл өгч чадахгүй шүү гэсэн байна. УИХ батлаад өгч байхад нэг байгууллагын дарга яагаад өгөхгүй гэж байгаа юм.
Энэ талаар уулзалтын үеэр яагаад өгч чадахгүй юм бэ гээд асуухад 2-р эмнэлгийн батлагдсан орон тоо нь 576 юм байна. Гэтэл үүн дээр нэмээд эмнэлгийн даргын найз юм уу, эсвэл элдэв намын шахаа юм уу 84 хүний орон тоо байгаа юм байна. Ингээд батлагдсан орон тооноос хэтэрсэн 84 хүнийхээ цалинг тавих гэж УИХ-аас гаргасан бодлого буюу 15 хувийн нэмэгдлийг эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин дээр нэмэхгүй гэж ярьсан байна. Ингэж болох уу? Өөрөөр хэлбэл байгууллагын дарга нар эрх мэдлээ хэтрүүлээд олон орон тоо нэмж аваад, цалин нэмэх мөнгийг зарцуулж байна. Би өөрөө очиж уулзсан учраас 2-р эмнэлэгт ийм зүйл болж гэдгийг хэлж байна. Өөр бусад газруудад ямар байгаа юм. Бусад эмнэлгүүд дээр энэ талаар судалгаа хийх хэрэгтэй байна. Яг ийм хэлбэрээр УИХ-аас боловсролын салбарт нэмж баталсан мөнгө аль нэгэн сургуулийн захирлын ч юм уу, эрх мэдэлтнүүдийн, тэнд орсон шимэгчдийн цалин болоод явж байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна.
Яг үүнтэй ижил асуудлууд үүсдэг талаар мэдээлэл их байдаг. Боловсролын байгууллага дээр ч тэр, эрүүл мэндийн байгууллага дээр ч дарга нар нь өөрсдийн хүнээ оруулдаг байдлыг хэрхэн яаж халах вэ? Үүнээс үүдээд төсвийн мөнгөөр бодит үр дүн гаргаад цалинг нэмэх гэхээр чадахгүй, өөр зүйлд зарцуулаад байна.
Тантай санал нэг байна. Тийм ч учраас би 2-р эмнэлэг дээр үүссэн байдлыг жишээ болгоод байгаа юм. Энэ бол нэг л эмнэлгийн жишээ. Үүн дээр боловсролын салбарт гүйцэтгэлийн санхүүжилт гэж байдаг. Түүнийг сургуулийн захирал хувийн үзэмжээр, өөрт нь таалагдаагүй учраас ч юм уу төсвөө хэмнээд, батлагдсан төсөв дээр өөр орон тоо гаргаж, найз нөхдөө, эсвэл намын гишүүдээ гэдэг ч юм уу аваад, УИХ-аас баталсан төсөв санхүүжилт зорилтот бүлэгтээ очихгүй байгаа юм. Энэ хамгийн том асуудал. Гэхдээ УИХ-ын нэг бүрэн эрх бол хяналт тавих. Гаргасан хууль болон шийдвэртээ хяналт тавьж байх ёстой.
Хяналтын системээ сайжруулах ёстой юм байна. Мөн би Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаас энэ чиглэлээр асуулга бэлдэж байна. Аль эмнэлгүүд дээр орон тоо илүү байна, аль сургуулиуд дээр орон тоо илүү байна гэдэг судалгааг хийх ёстой.
Шинжлэх ухааны салбар, халамж тэтгэвэр ороод 946 тэрбум төгрөг буюу бараг 1 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг УИХ-аас шийдэж өгсөн. Гэтэл “Шинэ хоршоо” гээд сонгуулийн санал авсан бөөн луйвар болсон зүйл чинь 848 тэрбум төгрөг болсон шүү дээ. Энэ мөнгө Монгол улсын бүх багш ажилчдын цалинг 50 хувь нэмэх, эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 15 хувиар нэмэх мөнгө байсан байна шүү дээ. Үүнээс 100 орчим тэрбум төгрөгөөр илүү санхүүжилтыг УИХ-аар баталсан. Харамсалтай нь бодит байдлын зааг маш их зөрүүтэй байна.
Боловсролын сайдаас бодит байдал дээр цалин 742 мянган төгрөгөөр нэмээгүй байна гэдэг асуудлыг тодруулахад багш нар өөрсдөө ойлгохгүй байна гэдэг зүйлийг сайд нь хэлж байна. Тэгэхээр Боловсролын сайд ойлгохгүй байна уу? Багш нар ойлгохгүй байна уу?
Багш нар ойлгохгүй байна гэж байхгүй шүү дээ. Салбартаа 30 гаруй жил ажиллачихсан хүмүүс ч байна. Надад захиа бичсэн хүн бол 34 жил ажиллачихсан байна шүү дээ. Боловсролын сайд нэгдүгээрт ажлаа ойлгохгүй байна. Хоёрдугаарт бага зэргийн залилан маягийн юм хийгээд байна, ний нуугүй хэлэхэд.
Үүнийгээ бодитоор хэлэх ёстой. Боловсролын салбарт үнэхээр төсөв, орон тоо хэтэрсэн зүйл байгаа бол менежмент хийгээд аль сургуульд орон тоо хэтрээд байна, эмнэлгийн жишээ шиг аль сургуулийн захирал тийм үйлдэл гаргаад байна, ямар алдаа байгаа вэ гэдгээ хүлээн зөвшөөрч, менежментээ сайн хийх хэрэгтэй.
Хоёр дахь гол зүйл бол цалинг 50 хувиар нэмнэ гээд эд нар өөрсдөө ярьсан биз дээ. 2 сая төгрөгийн цалинтай хүн 3 сая төгрөг авдаг болбол миний цалин 50 хувиар нэмэгдлээ гэж ойлгоно шүү дээ. Гэтэл еэвэнгийн тал шиг юм яриад, үндсэн цалин нэрлэсэн цалин гэдэг хачин зүйл яриад, үндсэндээ 742 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн бол 742 мянган төгрөгөөр л нэмэгдэх ёстой шүү дээ. 2026 оны 01-р сарын 01-нээс 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ гээд УИХ-аар батлуулсан мөнгөн дүнтэй төсвийн заалт нь байна шүү дээ.
Гэтэл Боловсролын сайд нь багш нар ойлгохгүй байна гэдэг тайлбар өгөөд зогсож байна л даа.
Тэр хүн салбараа ойлгохгүй байна.
Ярилцсан М.Чойжал
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл2
Goviin sda yu hutsaad bgan, chinii l batlaltsan tusuv shd
Гишүүгн байж иррэдийн ярьсаныг тэр чигээр нь давтаад л ятал талаас нь бодооч Байгууллагууд хоол унаа гэж өгөх есгүй юмаа 90 ээд онд цалин дэндүү бага баых үед тэгэж арралж байсан юм Одоо бол холдох хэрэгтэй Харин цалин гаыгүй болох хэрэгтэй 2 р эмнэлгийн дарга бас ч хүнээ бодсон байна 80 гаруй хүнийг шууд халвал тиым тооны өрх члууралд орох байсан