Үндэсний аюулгүй байдлын стратегид ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурснаас 1 сарын дараа Дайны сайд П.Хегсет “Үндэсний батлан хамгаалах стратеги”-д гарын үсэг зурж ёсчлон баталлаа.
Батлан хамгаалах стратегийн хувьд Үндэсний аюулгүй байдлын стратегийн үргэлжлэл бөгөөд цэргийн арга хэрэгслээр Трампын тодорхойлж буй “энх тайвныг тогтоохын тулд хүчирхэг байх”, “Эн тэргүүнд Америк” зарчмыг хэрэгжүүлэх баримт бичиг гэж үзэж болно.
19 хуудас бүхий Батлан хамгаалах стратеги нь үйл ажиллагааны төлөвлөгөө бус харин бодлогын баримт бичгийн хэв шинжтэй байна. Уг стратеги нь популист шинжтэй бөгөөд өмнөх засаг захиргааны, тэр дундаа Трампын эхний засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын бодлогыг үгүйсгэсэн хандлагатай байна. Уг баримт бичиг нь аюулгүй байдлын орчны үнэлгээ болон Стратегийн чиглэлүүд гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд Байдены засаг захиргааны баталсан стратегитай харьцуулан үзвэл дараах өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Үүнд:
Томоохон өөрчлөлтүүд: Америкийн нутаг дэвсгэр болон бөмбөрцгийн баруун хагасын аюулгүй байдал нь тэргүүлэх чиглэл болж өөрчлөгдсөн боловч үүнтэй уялдуулан Зэвсэгт хүчнийг хэрхэн ашиглах талаар тодорхой дурдаагүй байна. Хар тамхи, хууль бус цагаачлалын эсрэг арга хэмжээний талаар нэлээд хэлэлцүүлэг өрнөж байгаа ч Америкийн нутаг дэвсгэрт уг зорилгоор Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүнийг ашиглах талаар одоог хүртэл дурдагдаагүй. Европын аюулгүй байдлын асуудлыг европчуудад бүрэн шилжүүлэн АНУ зөвхөн дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна. АНУ-ын хувьд Орос, Умард Солонгос нь уламжлалт зэвсэгт мөргөлдөөний аюул гэж тодорхойлоогүй.
Бага зэргийн өөрчлөлтүүд: Хойд америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системд “Алтан дээвэр” хэмээх шинэ концепц оруулсан нь шинэ төрлийн хамгаалалтын системийг туршин зэвсэглэлд нэвтрүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой байх магадлалтай. Хойд Солонгосыг аюул заналхийлэл гэж үзэж байгаа ч энэ нь голчлон Өмнөд Солонгос, Япон буюу батлан хамгаалах гэрээний бүсэд хамаатай гэж үзсэн. Харин АНУ-ын эх газарт цохилт өгөх боломжтой пуужингийн чадавхад анхаарлаа хандуулж түүний эсрэг чадавхыг хөгжүүлэхээр тусгажээ.
Өөрчлөлтгүй чиглэлүүд: Тайваньд үзүүлэх дэмжлэг болон Хятадын эсрэг бодлого үндсэндээ үргэлжлэн хэрэгжинэ. Мөн цөмийн зэвсгийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг бэхжүүлэх бодлого улам хүчтэйгээр үргэлжлэн хэрэгжихээр байна. Үндэсний аюулгүй байдлын стратегид Ойрх Дорнодыг аюулгүй байдал, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бус, хоёрдогч ач холбогдол бүхий бүс нутаг хэмээн эрэмбэлсэн бол батлан хамгаалах стратегид Иран болон терроризмын аюулд анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үнэлсэн байна.
Хасагдсан чиглэл: Уур амьсгалын өөрчлөлт, жендерийн болон тэгш оролцооны зарчмын асуудлууд уг стратегид тусгагдаагүй байна.
Трамп 2.0 буюу “Эн тэргүүнд Америк”: Америкийн засаг захиргаа бүр өөрийн тулгарч буй аюулгүй байдлын орчныг үнэлэн шийдвэрлэх стратеги, тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулдаг. Трампын анхны засаг захиргаа “өрсөлдөх, тогтоон барих, тэргүүлэх” гэсэн уриатайгаар их гүрнүүдийн өрсөлдөөнд анхаарлаа хандуулж байсан. Байдены засаг захиргаа Хятадтай хийх стратегийн өрсөлдөөнийг тэргүүлэх чиглэлээ гэж үзэж байсан. Харин Трамп 2.0 буюу 47 дахь ерөнхийлөгчийн хувьд “Эн тэргүүнд Америк” уриаг дэвшүүлэн “өөрийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдал”-д илүүтэй анхаарал хандуулах, америкийн эх газарт учрах аюулаас сэргийлэн, улмаар бөмбөрцгийн баруун хагаст өөрийн ашиг сонирхол, нөлөөний бүсээ дахин сэргээх, ялангуяа стратегийн онц чухал байрлалууд болох Грийнланд, Панамын суваг болон Америкийн хоолойд хяналтаа бүрэн тогтоохыг тэргүүлэх чиглэлээ хэмээн үзсэн.
Сүүлийн гурван засаг захиргааны үед баримталсан үндэсний батлан хамгаалах стратегиудыг харьцуулан үзвэл бүтцийн хувьд нэлээдгүй өөрчлөлт орсон нь ажиглагдаж байна.

Тусгайлан анхаарах чиглэлийн хувьд тухайн засаг захиргаанаас шалтгаалан өөрчлөгдөж ирсэн. 2022 оны стратегид уур амьсгалын өөрчлөлт тусгагдаж байсан бол энэ удаад бөмбөрцгийн баруун хагасын стратегийн онц чухал байрлалууд болох Грийнланд, Панамын суваг болон Америкийн хоолойн асуудал танилцуулагдсан байна. Бусад асуудлууд дотор Хойд Солонгос, ҮОХЗ, Африк болон Арктикийн асуудлуудыг хамруулан оруулсан. Стратегид тусгагдсан үндсэн чиглэлүүдээс анхаарал татсан зарим хэсгийг тоймлон, хэрэгжүүлж болзошгүй арга хэмжээ, чиглэлийг задлан үзлээ. Үүнд:
Америкийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдал: 9 дүгээр сарын 11-ний халдлагаас хойш Америкийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдал хоёр намын бодлогын тэргүүлэх чиглэлд байсаар ирсэн. Гэсэн хэдий ч энэ удаагийн батлан хамгаалах стратегид тусгагдсан шиг тэргүүлэх чиглэл болохоос гадна дотоод болон гадаад хүчин зүйлүүдийг авч үзэж байгаагүй.
Трампын эхний захиргааны үед нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын зорилго нь пуужингийн довтолгооноос хамгаалах, терроризмын эсрэг тэмцэх, кибер аюулгүй байдал зэрэг агуулгатай байв.
Харин дахин засгийн эрх авсан өдрөөс эхлэн хар тамхины хууль бус наймаатай тэмцэх (“наркотерроризм”) болон хууль бус цагаачлалын эсрэг хил хязгаарыг хамгаалах томоохон ажиллагаа эхлүүлсэн. Энэхүү ажиллагаанд Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүн бүхий анги нэгтгэлүүдийг өргөн хүрээтэй оролцуулж эхэлснээрээ онцлогтой. Өмнөх засаг захиргааны үед дотоодод байнгын бүрэлдэхүүн бүхий анги нэгтгэлүүдийг хязгаарлагдмал хүрээнд буюу байгалийн гамшгийн хор уршгийг сэргээх, хууль сахиулах байгууллагуудад дэмжлэг үзүүлэх (Жишээлбэл агаарын, инженерийн, кибер дэмжлэг гэх мэт) зорилгоор ашиглаж ирсэн.
Харин өнөөгийн засаг захиргаа хилийн хяналтад Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүн бүхий анги нэгтгэлүүдийг түлхүү ашиглах замаар Хил, гаалийн хяналтын агентлаг (US BCEA)-н хүч хэрэгслийг нутгийн гүн дэх хууль бус цагаачдын эсрэг ажиллагаанд шилжүүлэн ашиглах бодлого хэрэгжүүлж байх магадлалтай.
Мөн энэ бодлогын хүрээнд шууд дурдаагүй ч Европын, Төвийн болон Энэтхэг-Номхон далайн зэрэг ач холбогдлоор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн командлалуудаас зарим анги, нэгтгэлүүдийг стратегийн онц чухал байрлалууд болох Грийнланд, Панамын суваг болон Америкийн хоолойд хяналт тогтоох зорилгоор шилжүүлэн байрлуулах боломжтой.
Хятад: “Энх тайвныг тогтоохын тулд хүчирхэг байх”: Обамагийн засаг захиргааны үеэс эхлэн энэ бүс нутагт анхаарал хандуулан энх тайван, тогтвортой байдлыг хангахыг чухалчилж байсан бол Трамп эхний засаглалын үедээ Энэтхэг-Номхон далайн бүс нутагт бүгд ижил эрхтэй байхыг шаардаж байв. Байдены засаг захиргаа холбоотнуудад суурилсан бүс нутгийн аюулгүй байдлын архитектураар дамжуулан чөлөөт, нээлттэй бүс нутгийн дэглэм байгуулахаар зорьсон бол харин Трампын шинэ засаг захиргаа Хятадыг цэргийн, эдийн засгийн гэх мэт бүхий л үзүүлэлтээр Америкийн дараа хоёрт орох хүчирхэг улс хэмээн хүлээн зөвшөөрч худалдаа, эдийн засгийн харилцааг хэвийн явуулах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтуудыг тусгажээ. Хэдий тийм боловч бүс нутагт Хятадтай ижил хэмжээний цэргийн хүчийг барьж, тэнцвэрийг хадгалах бодлого хэрэгжүүлэх талаар дурдаж байгаа. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой заагаагүй байна. Мөн Тайваний тухай огт дурдаагүй боловч тэргүүлэх зорилт хэвээр байх нь мэдээж. Батлан хамгаалахын сайд Пете Хегсетийн өмнө дурдсанаар Хятадыг тогтоон барьж, тэнцвэрийг хадгалах зорилгыг дараах арга замаар хэрэгжүүлэх бололтой. Үүнд:
- Америкийн дайчин уламжлалыг (Warrior ethos) сэргээснээр Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байрлаж буй Америкийн зэвсэгт хүчний анги салбаруудыг хамгийн орчин үеийн зэвсэг, техникээр хангаж өндөр түвшинд сургаж бэлтгэх.
- Зэвсэгт хүчнийг дахин зохион байгуулах зорилтын хүрээнд батлан хамгаалах аж үйлдвэрийн бүтцийг оновчтой, үр ашигтай болгох замаар байлдааны анги салбаруудад шаардлагатай зэвсэг, техникийг хурдан шуурхай хүргэх.
- Тогтоон барих стратегийг сэргээх чиглэлээр түнш болон холбоотон орнуудтай хамтран Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь “Хятад”-ын тэлэлтийн эсрэг тогтоон барих стратегийг хэрэгжүүлнэ. Холбоотон болон түнш орон бүр бүс нутгийн тогтоон барих стратегийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн онцлогт тохирсон хувь нэмрийг оруулах ёстой.
Орос: Европын зохицуулж болох асуудал: Стратегид дурдсан гол онцлог бол Оросыг НАТО-гийн зүүн жигүүр болон Европт учруулж буй аюул, заналхийлэл гэж үзэхийн зэрэгцээ мөн АНУ-ын нутаг дэвсгэрт цөмийн зэвсгийн аюул учруулах бүрэн боломжтой бөгөөд цаашид томоохон хэмжээний дайн хийх стратегийн нөөц, боломжтой улс хэмээн үнэлсэн. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсгийн аюулаас бусдаар Орос нь Америкийн оршин тогтнолд учруулж буй аюул гэж үзэхгүй. Харин Оросын аюулыг Европын орнууд бүрэн зохицуулах эдийн засгийн болон хүн хүчний нөөцтэй (2024 оны байдлаар ЕХ-ны ДНБ нь Оросоос 13 дахин их) тул АНУ нь хязгаарлагдмал хүрээнд нэн шаардлагатай цэргийн дэмжлэг үзүүлэх бөгөөд харин Европын оролцоо ихсэх тусам тивд буй цэргийн хүчийг бууруулах арга хэмжээ авна.
Иран, Хойд Солонгос ба терроризм: Байден болон Трампын засаг захиргааны хувьд Иран, Хойд Солонгос болон терроризмын аюул заналыг ижил түвшинд авч үзэн нэгтгэн бүлэглэсэн байна. Эдгээр нь их гүрнүүдийн хувьд оршин тогтнолд учруулах аюул биш, харин бүс нутгийн болон хоёрдогч аюул занал гэж үнэлсэн байна.
Бусад: Аль ч нам засаг захиргаанд гарснаас үл хамааран батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг бэхжүүлэх ач холбогдлыг онцлон дурддаг. Украинд зэвсэг, сум нийлүүлэх, Номхон далайд гарч болзошгүй мөргөлдөөнд зориулж зэр зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагаас үүдэн гарч буй үйлдвэрлэлтэй холбоотой хүндрэлүүд нь батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх ач холбогдлыг улам бүр тодотгож байна. Трампын засаг захиргаа нь “зуунд нэг удаа тохиолдох Америкийн аж үйлдвэрийн сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд батлан хамгаалах үйлдвэрлэлийн баазыг “нэмэлт хүчээр цэнэглэх” тухай дурдсан.
Цаашид батлан хамгаалах аж үйлдвэрийн тогтолцоогоо дайны үеийн байдалд шилжүүлэн зэвсэглэл, галт хэрэглэлийн нөөцийг нэмж бүрдүүлэх, холбоотнуудад зэвсэг, галт хэрэглэл нийлүүлэхийн тулд аж үйлдвэрлэлийн одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, ингэхдээ үйлдвэрлэлийн үндсэн шугам болон ханган нийлүүлэх сүлжээг аль болох Америкийн эх газарт шилжүүлэх бодлого баримтална.
Цөмийн зэвсэглэлийг Трампын засаг захиргаа их гүрнүүдтэй тэнцвэрийг хадгалах үндсэн арга хэрэгсэл хэмээн үзэж байна. Ингэхдээ 1980-д оноос хойш дорвитой шинэчлэл хийгээгүй байгаа цөмийн зэвсэг тээх уламжлалт платформуудыг шинэчлэх (цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц, тив алгасагч баллистик пуужин, алсын зайн бөмбөгдөгч онгоц), удирдлагын системийг шинэчлэх зэрэгт хөрөнгө оруулах магадлалтай. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн шинэ концепц болох “Алтан дээвэр” нь одоо байгаа Хойд Америкийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем (NORAD)2-ийг шинэчлэн сайжруулж пуужин, нисэх хэрэгслээс гадна жижиг, дунд оврын нисгэгчгүй нисэх хэрэгсэл, сансрын объектуудаас хамгаалах төдийгүй зардлын хувьд хямд, үр ашигтай байх системийг хөгжүүлнэ.Өмнөх засаг захиргааны үед батлагдаж байсан стратегиудад шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татдаг асуудал бол нэгэн зэрэг хэдэн театрт байлдааны ажиллагаа явуулах бэ гэдэг асуулт юм. Энэ удаагийн стратегид “1+1” хандлага хэвээр үргэлжилж буй хэдий ч зарчмын шинжтэй дараах өөрчлөлт орсон байна. “to be prepared for the possibility that one or more potential opponents might act together in a coordinated or opportunistic fashion across multiple theaters.”
Хэдийгээр үндсэн нэг театрт байлдааны ажиллагаа явуулах концепц хэвээр гэж үзэж болох ч өөрийн нөлөөний бүсэд идэвхтэй ажиллагаа явуулах, холбоотнуудын явуулж буй театрт дэмжлэг үзүүлэх зэргээс авч үзэхэд “1+2” буюу үндсэн нэг театр, туслах чиглэлд хоёр ажиллагаа гэсэн шинэ концепц руу шилжин орох хандлага ажиглагдав. Стратегид харин зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт болон цэргийн тооны талаар ямар нэгэн асуудал хөндөгдөөгүй ч 2027 оны төсвийн хуулиар (NDAct) нарийвчлан гаргаж ирэх боломжтой.
ДҮГНЭЛТ
Батлан хамгаалах стратеги нь Үндэсний аюулгүй байдлын стратегийн үргэлжлэл бөгөөд цэргийн арга хэрэгслээр Трампын тодорхойлж буй “энх тайвныг тогтоохын тулд хүчирхэг байх”, “Эн тэргүүнд Америк” зарчмыг хэрэгжүүлэхийг илэрхийлсэн бодлогын баримт бичиг гэж үзэж болно. Уг стратегийн хүрээнд Вашингтон Бээжинг урт хугацаанд стратегийн гол өрсөлдөгч хэмээн тодорхойлж, дэлхийн аюулгүй байдлын орчныг хоёр төвтэй өрсөлдөөнд бүрэн шилжсэн гэж үзэж байна. Батлан хамгаалах стратегийг ерөнхийд нь дүгнэвэл аюулгүй байдал, гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх цэргийн бодлого гэхээсээ илүү ерөнхийлөгч Трампын улс төрийн зорилгод нийцүүлсэн тунхаглалын шинжтэй баримт бичиг болсон гэж харагдаж байна.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Пүрэв - 02 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
Гаж педофиль Эпштейний баримтуудаас болж барууны нацфашист либерал алиалагч улс төрчид сүйрч байна. Хүзүүгүй тарвага эЛГБТдорж гуай худалч хулгайч төдий биш бас гаж педо амьтан байсан нь Эпштейний баримтаар илэрчихлээ! 😂😂😂
Дэлхийн цагдаа ру хэн халдах вэ дэ ! Цагдаа өөрөө өвчигнөөд гэмгүй улсыг чихдэж байна ! Трампын сая байгуулсан энх тайвны зөвлөл гэдэг чинь цагдаагийн нэг пост шүү дэ ! Манай сахалтай тоорой очоод бүртгүүлчихсэн байна лэ ! Аминдаа НҮБ д төлөх татвараа өгөхгүй гэж байгаа царай нь тэр !