sonin.mn

Өнгөрсөн долоо хоногт Бондай-Бич наранд шарлагын газарт гарсан эмгэнэлт явдлын дараа Австралийн засгийн газар галт зэвсэг эзэмшихтэй холбоотой шийдвэр гаргаж, Венесуэлийг бүслэн хааснаа Д.Трамп мэдэгдэж, В.Путин ээлжит "хэвлэлийн их хурлаа" хийлээ. Ингээд өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 


В.Путиний хэвлэлийн их хурал боллоо 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэдтэйгээ дөрөвдэх удаагаа шууд ярилцан санал хүсэлтийг нь сонсож, дотоодын ба гадаадын сэтгүүлчдийн асуултуудад хариулах хэвлэлийн “их хурал”-аа хийлээ. Энэ оны ярилцлагын өмнө В.Путинд хандан 3 сая гаруй асуулт, хүсэлт ирсэн бөгөөд шууд ярилцлага 4 цаг 27 минутын турш үргэлжилжээ. Тэрбээр Оросын иргэд болон дотоод, гадаадын сэтгүүлчдийн 80 гаруй асуултад хариулсан байна.


Европын орнууд Украинд 90 тэрбумын зээл олгоно


Европт царцаагдсан Оросын хөрөнгөөр Украинд санхүүгийн тусламж үзүүлэх тухай асуудлыг Европын Холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүн нар 16 цагийн турш хэлэлцсэн боловч зөвшилцөлд хүрч чадсангүй. Гэхдээ 2026-2027 онд тус холбооны төсвөөс хамтын зээл хэлбэрээр Украинд 90 тэрбум еврогийн тусламж олгохыг тэд дэмжсэн байна. Харин уг зээлийг олгоход оролцохгүй гэдгээ Унгар, Словак, Чех улсууд мэдэгджээ. Түүнчлэн Оросын активыг ашиглах нь зохистой эсэхэд эргэлзэж байгаагаа Италийн тал болон Оросын царцаагдсан мөнгөнөөс 193 тэрбум еврог хадгалж буй Euroclear хадгаламжийн төв байрладаг Бельги улс илэрхийлсэн байна. Оросын хөрөнгөнөөс Украинд зээл олгосон тохиолдолд үүсэх эрсдэлийг хаах баталгаа гаргахыг Бельгийн тал шаардсан нь олон орны удирдагчдыг эргэлзэхэд хүргэжээ.


Венесуэлийг бүрэн бүслэн хаажээ 


Венесуэлийг бүрэн хэмжээгээр бүслэн хаасан бөгөөд “нэвтрэх ёсгүй хэнийг ч тийш нь нэвтрүүлэхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Тодорхой хэлбэл, Венесуэлээс гарч байгаа болон тус улсад нэвтэрч буй “хоригт орсон” танкер хөлөг онгоцуудыг саатуулах ажээ. Үүний сацуу АНУ-ын Гадаадын активуудыг хянах газраас Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна.


Тик-Ток АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 


“TikTok” нийгмийн сүлжээний платформын удирдлага АНУ дахь хөрөнгийнхөө 80 хувийг “Oracle”, “Silver Lake”, “MGX” гэсэн гурван хөрөнгө оруулагчид зарах гэрээнд пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус платформ АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болж байна. Тодорхой хэлбэл, TikTok” нь Америкийн засгийн газрын хоригоос зайлсхийж, тус улсын 170 сая гаруй хэрэглэгч уг платформыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Гэрээг ирэх нэгдүгээр сарын 22-нд эцэслэх төлөвтэй байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар “TikTok”-ийг тус улсад ашиглахыг хориглоно хэмээн Америкийн эрх баригчид удаа дараа анхааруулсаар ирсэн юм. Харин дээрх тохиролцоонд хүрснээр тус платформыг эзэмшдэг “ByteDance” компани олон жилийн турш үргэлжилсэн тодорхойгүй байдалд цэг тавилаа.


Австралид галт зэвсгийн хяналтыг эрс чангатгана 


Австралийн Сидней хотын Бондай-Бич хэмээх алдартай наранд шарлагын газарт болсон халдлагын үеэр 16 хүн амиа алдаж, 60 орчим хүн шархадсан байна. Тус газарт еврейчүүдийн Хануки баяр болж, 2 мянга орчим хүн цугларсан байх үед эцэг хүү хоёр гэнэт гарч ирээд, буудаж эхэлжээ. Цагдаа нар эцгийг буудан устгаж, хүүг нь шархдуулан баривчилсан байна. Энэхүү эмгэнэлт явдлаас сургамж авсан Австралийн засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт зэвсгийг худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хүрээнд хамгийн түрүүнд галт зэвсгийн эргэлтийг зохицуулах тухай үндэсний хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулна. Засгийн газар уг хөтөлбөрийг муж улсуудтай хамтран 50:50 харьцаагаар санхүүжүүлэх бөгөөд галт зэвсгийг цуглуулах, иргэдэд төлбөр олгох ажлыг бүс нутгууд шууд гүйцэтгэнэ.


У.Дембеле улирлын шилдгээр шалгарлаа 


“Пари Сен-Жермен” багийн довтлогч Усман Дембеле Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ 2024/25 оны улирлын шилдэг тоглогчоор шалгарлаа. Бүх улс орны шигшээ багуудын дасгалжуулагчид, багийн ахлагчид, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид, хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар оны шилдгийг тодруулж, The Best FIFA Football Awards шагнал гардуулах ёслол Катарын нийслэл Доха хотод боллоо. Өнгөрсөн улиралд У.Дембеле ПСЖ багийн бүрэлдэхүүнд 53 тоглолтод оролцож, 35 гоол оруулсан байна. Тэрбээр Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, Францын АШТ, Францын цом ба Супер цомын тэмцээнүүдэд түрүүлснээс гадна клубүүдийн ДАШТ-ий финалд тоглосон юм. Мөн “Алтан бөмбөг”-ийн эзнээр шалгарчээ.


Тэргэнцэртэй хүн анх удаа сансарт нисжээ 


Европын Сансрын агентлагийн /EKA/ инженер Михаэла Бентхаус бямба гарагт Америкийн Blue Origin компанийн New Shepard хөлгөөр 11 минутын турш сансрын дэд тойрог замд богино хугацааны нислэг үйлдлээ. Энэ удаагийн нислэгийн онцлог гэвэл, түүхэнд анх удаагаа бэлхүүсээс доош мэдрэлгүй хүн сансарт ниссэн явдал юм. Герман улсын Киль хотын иргэн, 33 настай эмэгтэй М.Бентхаус 2018 онд уулын дугуйгаар аялж яваад нугасандаа гэмтэл авснаас хойш тэргэнцэр дээр явж байгаа юм. Гэвч энэ нь сансарт нисэх гэсэн түүний мөрөөдөлд саад болсонгүй. Хүүхэд ахуйдаа “Оддын дайн” киног үзсэнээс хойш сансарт нисэхийг мөрөөдөх болсон тэрбээр эх дэлхийдээ газардсан даруйдаа “хэзээ ч мөрөөдлөөсөө ухарч болохгүй, хэзээ нэгэн цагт мөрөөдөл биелэх цаг ирнэ гэж би боддог” хэмээн ярилаа.


Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох гол үйл явдлууд:


  • Даваа гарагт Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Марокко улсад 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
  • Камбож, Тайландын хилийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх АСЕАН-ы гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалт Малайзад даваа гарагт эхэлнэ.
  • Мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-Венесуэлийн асуудлаар яаралтай хуралдана. 
  • Сар руу Apollo 8 хөлгийн багийг илгээснээс хойш 57 жил өнгөрчээ.
  • Пүрэв гарагт Катарын нийслэл Доха хотод шатрын түргэн ба блиц тоглолтын ДАШТ эхэлнэ.
  • Бямба гарагт Кот-д’Ивуар улсад парламентын доод танхимын сонгууль болно. 
  • Ням гарагт Гвиней улсад ерөнхийлөгчийн сонгууль, Мьянмар улс, Төв Африкийн БНУ-д ерөнхийлөгчийн ба парламентын сонгууль болно.



Б.Адъяахүү