sonin.mn

Манайд аль нэг албан тушаал дээр хувийн ашиг сонирхолгүй ажиллаад буудаг хүн үнэндээ ховорджээ. Бүгдээрээ л “...Суусан газраасаа шороо атгах” хэмээх сүйхээтэй сэргэлэн занг ядарсан төрийн байгаа жаахан дээр гаргаж, түүнээс хумсалж үзүүлэх юм. Мэдээж, том ажлын багахан ч атугай хаялга байж л таарна. Тэр ойлгомжтой.


Гэхдээ, бүгдээрээ ижил тэгш эрхээр хувааж хүртэх ёстой зүйлийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хувьдаа завшаад явчихдаг. Тэр нь тун нийтлэгдүү болж байна. Тиймээс, ийм үйлдэл гаргасан албан тушаалтныг цаг хугацаа хамаарахгүйгээр хариуцлага тооцдог арга хэрэгсэл, жишиг манайд алга.


Хууль нь байгаа ч хэрэгжүүлсэн нь бараг үгүй юм. Нэлээд хэдийнээс яригдсан нэгэн дарга асангийн асуудал саяхнаас дахин сөхөгдөж байна. Түүнийг Бадарчийн Одсүрэн гэнэ. 1995 оноос хойш “Монгол карт системс” ХХК-ийн ерөнхий захирал, “Эн Эс Жи” ХХК-ийн захирал, “Миний байшин” төсөл санаачлагч, “Тайм констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал, “Эм И Ар Си” ХХК-ийн ерөнхий захирал, “Метро девелопмент групп”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдож ажилласан. Дараа нь 2024 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.


Тэгвэл 2022 оны наймдугаар сарын 12-нд Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын зүүн урд талд 5.4 га газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэсэн хүсэлтийг гаргажээ.


Тус “Танан мөнх орон” ХХК /5044863/ нь 2006 оны хоёрдугаар сарын 17-нд байгуулагдсан. Тэрээр тус компанийг Б.Ганболд, Ө.Мөнхтуяа, Б.Батэрдэнэ, Б.Гэрэлсүрэн, “Элит маркет адвайзари” хХК, “Гооден хорс адвайзери” ХХК-ийн хамт эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Б.Гэрэлсүрэн ажилладаг. Хамгийн гол нь Б.Одсүрэнгийн хамаарал бүхий компанид дээрх 5.4 га газрыг тухайн үеийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг олгосон байна. Г.Батзориг үүний дараа Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга болж дэвшсэн. Дахиж дэвшээд одоо Хотын ерөнхий менежерээр ажиллаж банйа. Харин Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-ийн амины орон сууцны зориулалтаар авсан уг 5.4 га газарт өдгөө орон сууцны хороолол босож байгаа аж. Тодруулбал, тус компанийн хүсэлтийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 28 дугаар хурлаар 2025 оны зургадугаар сарын 12-нд хэлэлцээд “Үйлчилгээтэй орон сууцны цогцолбор” барих загвар зургийг нь баталсан.


Ер нь бол Б.Одсүрэнгийн хамаарал бүхий компанийн эзэмшиж орон сууцны хороолол барьж буй газар нь Байгаль орчны яам, нийслэл хоёрын дунд маргаантай явж ирсэн. Байгаль орчны яамны харьяа гэхээр улсын тусгай хамгаалалтад авах ёстой газар гэсэн үг л дээ.


Тэр тусмаа, Яармагийн замын урдах морин тойруулгын хавийн газрыг жирийн иргэн лав хэзээ эзэмшиж чадахгүй нь баталгаатай үнэн. Яг үнэндээ өнөөдөр иргэд ийм том 5.4 га байтугай эзэмших, өмчлөх эрхийн 0.07 га газрынх нь олголтыг нийслэлээс зогсоогоод бараг хоёр жил болж байна. Товчхондоо, энэ бол дабл стандарт бөгөөд зөвхөн эрх мэдэл, албан тушаалын хүчээр бүтэх ажил мөнөөс мөн. Б.Одсүрэнгийн энэ асуудлаар урьд нь хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байжээ. Гэвч, хэн ч тоолгүй өнгөрсөн байна. Угтаа, хотын удирдлагууд, хууль хяналтын байгууллага ингэж эс үйлдэхүй гаргаж болохгүй юм.



Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин