sonin.mn

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 12-р сарын 8-нд эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Ерөнхий Сайд асан С.Баяр оролцов. 


Тэрээр: "57-р хуулийн тогтоолыг батлах үед УИХ-ын гишүүдийг би буруутгадаггүй. Учир нь хуулийн дагуу оруулж ирсэн, өөр сонголт, өөр цогц шийдэл тухайн үед байгаагүй учраас тэр л замаар явсан. Харин бидний засах ёстой нэг том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал. Түүнээс хойш долоон Засгийн газар солигдсон. Аль нэг Засгийн газарт заавал муу дүн тавимааргүй, зүтгэж ажилласан нь бий.


Миний дараа Ерөнхий сайд болсон С.Батболдын үед зээлийн хүүг бууруулах, хувь нийлүүлэгчийн гэрээг сайжруулах, хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой засвар оруулах зэрэг хэд хэдэн ажил хийгдсэн. 2021 онд Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдаад байсан өрийг зохицуулах тодорхой алхмууд хийсэн. Гэвч бусад Засгийн газрууд түүнийгээ залган, чанарын хувьд гэрээний дагуу тууштай ажиллаагүй нь нэг том алдаа.


Нөгөө нэг том алдаа бол төр, засгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байдал. Жишээлбэл, энэ сонсгол Засгийн газар тухайн асуудлаар хэлэлцээр хийж байх үеэр параламент нээлттэй сонсгол зохион байгуулсан нь ямар ч талаас авч үзсэн буруу. Яагаад гэвэл хэлэлцээ хийх үед байр суурь, тактик нууц байх ёстой. Олны өмнө бүх картыг дэлгэснээр Засгийн газарт хэлэлцээр хийхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг.


Өр өгөөжийн төлөө аливаа төсөл байдаг. Бидний ойлголтод дор хаяж 53 хувийн өгөөжтэй байх ёстой гэж үзэж байсан. Гэвч үүнийг ямар нэг байдлаар баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд, дараа нь Дубайн гэрээнд хүртэл 53 хувийн заалт орсон ч үндсэн зарчим, мөрдлөг болж чадаагүй нь харамсалтай. Үүнийг хуульчлан баталгаажуулах, хоёр талын гарын үсэг зурж буй гэрээнд заавал биелүүлэх үүрэг болгон тусгах ёстой байсан гэж би үздэг." гэв.


Н.Отгончимэг