Эмэгтэй хүн нэг бүрд асар том олон хариуцлага буй. Тэдгээрийн нэг нь эрүүл хүүхэд төрүүлэх. Энэ бол ижилгүй чухал үүрэг, асар том хариуцлага. Ээж болох насны эмэгтэйчүүд энэ үүргийг биелүүлэх, энэ өндөр хариуцллагыг хүлээж чадах мэдлэгтэй, мэдээлэлтэй, эрүүл бие, саруул ухаантай байх ёстой. Эмэгтэй хүн өөрөө, эр нөхөр нь, мөн эцэг эх нь ч (хоёр талын) эрүүл хүүхэд төрөх нөхцөл, болзлыг мэддэг, сахьдаг, энэ талаар ихэд санаа тавьдаг байх үүрэгтэй. Охиндоо, бэрдээ үнэн мэдлэг, зөв мэдээлэл, ээж болоход шаардагдах боловсрол, хүмүүжил байгаа эсэхэд нь анхаарч, энэ талаар зөвлөж, сануулж байх ёстой. Манай ард түмэнд ийм талын зөв уламжлал байжээ.
Бэрийнхээ, хүргэнийхээ талынхны өвчин хууч, насны урт богино, удамшлын шинжтэй сул тал бүхнийг харгалздаг, тэр ч бүү хэл “Удам муутыг усан дотроос ч түймэр авдаг” гэх хатуухан зүйр үг ч байсан.
Нийгмийн гарал, баян хоосныг биш, голлож удамшлын шинжтэй доголдол, дутагдал, насны хэмжээ, өвчин эмгэг талыг нь тооцож хэлсэн үг юм. Монголчууд цус ойртохын муу үр дагаврыг их эрт таньж чадсан ард түмэн. Цус ойртохоос сэргийлдэг байгаль дахь бэлэн жишээ ч бас байжээ. Жишээ нь адуу. Үр төлөө сүргээсээ хасдаг чухал чанар адуунд байдаг. Энэний учрыг эрт таньж, амьдралдаа хэрэглэсэн, хатуу сахьж ирсэн талаараа Монголчууд бараг л дэлхийд тэргүүлэх байх. Гэтэл саяхан болтол л Европод (Ялангуяа язгууртнуудын давхраанд) ах, дүүгийн хүүхдүүд хоорондоо гэрлэхийг хөхүүлэн дэмждэг байсан юм шүү...
Олныг нуршилгүй ганцхан зүйл дээр тогтож ярилцъя.
Аутизм-энэ үзэгдэл, тохиолдол, дэлхий даяар түгшүүрийн харанга дэлдэх боллоо. Наад зах нь ээж болох насныхан энэ талаар мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Аутизмын шалтгаан болдог үндсэн 4 хүчин зүйл тодорхой болжээ.
Нэгдүгээрт, Удамшил,
Хоёрдугаарт, Эхийн өндөр халуун (халуурал)
Гуравдугаарт, Эхийн биеийн жин (таргалалт)
Дөрөвдүгээрт, Эхийн артерийн даралт, ихсэлт. Бас бус өөр шалтгаанууд байгаа нь ч мэдээж билээ.
Жирэмсэн байх үедээ эх хүн өндөр халуурах тохиолдол 3 удаа гарсан бол аутизмтай хүүхэд төрөх магадлал мөн 3 дахин нэмэгддэг ажээ. Өндөр халуурсан тохиолдолд эх хүн зөвхөн л парацетамол уух ёстой гэнэ. Напроксен, аспирин, ибупрофен ууж болохгүй юм байна. Тэд бүгд муу үр дагавартай. Жирэмсэн эхчүүд халуун бууруулах зорилгоор напроксен хэрэглэх аваас цус алдаж болно, төрөлт саатаж болно, мөн хэвлий дэх хүүхдийн бөөр гэмтэж болно. Ибопрофен хэрэглэх аваас үр зулбах, төрөлтийн процесс удаан үргэлжлэх муу үр дагавартай. Аспирин хэрэглэх нь цус алдах, хэвлий дэх хүүхэд тахир дутуу болох, бүр амьгүй болох аюултай гэнэ. Энэ бүхэн бол шинэвтэр мэдээ, дүгнэлт юм шүү. Биеийн жин хэвийн байх болзлыг сахих боломжтой, мөн артерийн даралтаа хэвийн байлгах ч боломжтой. Харин удамшлын тухайд нөхөр болон эхнэрийн талын судалгаа, мэдээлэл хэрэгтэй. Удамшлын шалтгаан байгаа бол эмчид хандаж зөвлөгөө авах, холбогдох шинжилгээ хийлгэх шаардлагатай юм байна.
Жирэмсэн эхчүүд шаардлагтай бүх вакцин хийлгэх мөн гэр бүлийхэн нь ч элдэв үрэвсэлт өвчин, халдвараас вакцин хийлгэх ёстой.
Жирэмсэн үедээ халуурахаас аль болох сэргийлэх, өндөр халуурахаас урьтаж халуунаа буулгах, эмчийн заавраар парацетамолыг тунг тохируулан уух нь аутизмаас сэргийлэх чухал арга юм.
“Эрүүл биед саруул ухаан оршдог” бол эрүүл ээжээс л эрүүл хүүхэд төрдөг юм байна. Байгаль бүх амьтнаас л эрүүл байхыг шаарддаг, эрүүл амьтны л үр удам байгальдаа үлдэх жамтай. Энэ бол байгалийн шалгарлын хууль шаардлага.
Аутизм урд өмнө нь Монголд байгаагүй гэж манайхан ярьцгаадаг. Тэр нь ч үнэн. Учир нь Монгол ахуй, бэлчээрийн мал, нүүдэл суудал, хүн амын сийрэг байрлал, хөдөлгөөнт амьдрал аутизмыг бүрэн үгүйсгэж байжээ. Эр эмгүй л илүүдэл жингүй, өвчин халдвар бага, артерийн даралт хэвийн, хүүхэд аутизмтай төрөх магадлал ноль байв. Ингэхлээр аутизм удамших нөхцөл, тохиолдол ч алга байжээ.
Байгальдаа ойрхон байх, идэвхтэй хөдөлж амьдрахын ач холбогдол үнэхээр их юм. Өнөөдөр гэхэд л тарган хүмүүс хотод, хоол нь ихэдсэн, хөдөлгөөн нь багадсан хүмүүс хотод, ханиад томуу тусаж өндөр халуурсан хүмүүс хотод, олон талын хорт зуршилд автаж, донтож, генийн мутацид орсон хүмүүс хотод л олон байгаа нь үнэн.
Жин нэмэх, таргалахыг дагалдаад тун ч олон сөрөг үр дагавар, үхэлд хүргэдэг өвчин, эмгэг буй болсоор байна. Жингийн их илүүдлийг дэлхийн хэмжээнд өвчин гэж үзэх болов. Бүр 12 төрлийн хорт хавдар үүсэх нөхцлийг илүүдэл жил үүсгэдэг нь ч нотлогджээ. Улаан хоолойн, хөхний, цөсний хүүдийн, бөөрний, бүдүүн гэдэсний умайн хүзүүний, бамбай булчирхайн, элэгний, нойр булчирхайн, төмсөгний шулуун гэдэсний хорт хавдрын нэгэн том шалтгаан нь хэт таргалалт юм байна.
Мөн тархинд цус харвах, эрт зөнөх, даралт ихсэх, цус өтгөрөх, цусанд бүлэн үүсэх, зүрхэнд цус харвах, элэг өөхлөх, саахрын шижин, үргүйдэл, судасны хатуурал, тулай зэрэг өвчин, гажиг ч гэсэн хэт таргалалт, илүүдэл жинтэй холбоотой ажээ. Хэт таргалалт, илүүдэл жин залуучуудад, бүр бага насны хүүхдүүдэд ч байх болсон нь том аюул дагуулах болов.
Аутизмтай хүүхэд төрөхийн хамгийн түгээмэл, том шалтгаан нь хэт таргалалт, илүүдэл жин болохыг эмэгтэйчүүдэд бүр охин цагаас нь эхлэн баттай ойлгуулсан байх хэрэгтэй.
Эрүүл мэндийн, эмнэлэг-гэгээрлийн, болж өгвөл сувилагчийн, бүр ядахдаа асрагчийн түвшний мэдлэг, чадвартай хүн л өөртөө арчаатай байж, эрүүл амьдарч, урт наслаж байгаа нь ч мөн нэгэн үнэн юм.
Тийм хүн эцэг, эхээ ч сайн асрана, үр хүүхдээ ч эрүүл өсгөнө, найз нөхөд, танил талдаа ч үнэтэй зөвлөгөө өгч чадна. Ухаантай хүний ач тус улс эх орондоо ч, төрөл садандаа ч, найз нөхөддөө ч, олон улсын харилцаанд ч их байдаг билээ.
“Аутизмтай хүүхэд төрдгийн нэг шалтгаан бол вакцинууд мөн” гэсэн цуурхал баруунд, АНУ-д нэг хэсэгдээ өргөн тархсан юм. Гэхдээ энэ нь худал болохыг хэд хэдэн оронд хийгдсэн нарийн судалгаа (олон сая хүүхэд хамарсан) хөдөлшгүй нотолсон билээ.
Вакцинууд нь халдвар, үрэвсэл, өндөр халуурахын эсрэг гэх нөлөөгөөрөө аутизмын тохиолдлыг харин нилээд бууруулдаг нь үнэн болно.
Шинжлэх ухаанаар нотлогдсон үнэн мэдлэг, зөв мэдээлэл бол эрүүл аж төрөхийн баталгаа юм. Вакциныг эсэргүүцэж элдэв цуурхал тараадаг, ганц хоёр золгүй тохиолдлыг бараг 100 хувь өсгөж хүмүүст айдас төрүүлдэг, өөрөө энэ талаар ямар ч мэдлэггүй болчимгүй хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль санаачилж батлуулах нь чухал байна. Нярай хүүхэд, бага насны хүүхдэд хийх ёстой товлолт вакцинуудыг хийгээгүй эмч нарт ч хариуцлага тооцох ёстой.
Хэвлий дэх үрээ аутизмтай болгочихгүйн тулд жирэмсэн эхчүүд орой 10.30-аас өглөөний 7.30-ийн хооронд унтаж амарч байвал дархлааны эсүүд үржиж олон болоод хэрийн өвчин, халдвар авахгүй байх боломжтой. Мөн өмнө дурдсан цагуудад хүний мэдрэлийн эсүүд, дүрсэлж хэлбэл, “Халуун усанд орж, үс гэзэг, биеэ угаагаад гарсан хүн мэт” сэргэж, идэвхийждэг байна. Сэргэсэн, идэвхийжсэн мэдрэлийн эсүүд ямар ч үүргээ тун сайн, түргэн, чанартай гүйцэтгэдэг ажээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд аутизм бол хүн төрөлхтөнийг оюун ухаант амьтан болохын нь хувьд мөхөхөд хүргэж болзошгүй сөрөг хүчин зүйлүүдийн нэгэн үр дагавар юм.
Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, архи тамхи, дархлааны сулралт, ген дэх сөрөг мутаци, үрэвсэлт өвчний тархалт, байгаль орчны бохирдолт, хотжилтын сөрөг үр дагавар зэргийн илрэл, тусгал болж аутизм, альцгеймер мэтийн үзэгдэл, тохиолдол ихсэж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл10
Аутизм гэдэг өвчин байдаггүй юм. Мангар хүүхдүүдтэй болсонтой эвлэрцээ!
Энэ бол таны огт мэдэхгүй сэдэв байна. Тэгэхээр та өөрөө юу мэддэг юм, түүнийхээ л тухай бич.
Завтай байгаа Чуукаа өвгөнийг хааяа өрхийн эмч болон эмэгтэйчүүдийн эмч хийлгээд цалин хөлсийг нь ахиухан өгч бай ! өөрөө ч дургүйцэхгүй байх ! Одоогийн хөдөаний монголчууд цус их ойртсон ! зардал бага гэж үзээд ойрын зайнаас гэрэлдэг болсон ! Үүнийг зохицуулах хууль байхгүй ! Дээр нь хотын хүүхдүүд багаасаа их порно үзэж байна ! насанд хүрэхээрээ бэлгийн сонирхолгүй болж байна ! их орой гэолэж байна ! зарим нь гэрлэхчгүй байна ! Мөн үүнийг зохицуулах хууль байхгүй байна ! Одоо юм бүхэнд хууль хэрэгтэй ! Аутимзтай хүүхэд гаргахгүй байхад хүртэл хууль хэрэгтэй !
Ehchyyd emegteichyyd bygded buruutai bolohnee? Etsegyyd erchyyd ni yadag yum bolj baina? Odiid iim setgelgeetei sudlaach bas professor hyn Mongold baina aa?
Энэ Чулуунжав гэж золиг шиг хүн юм аа. Бүх сэдвээр мэдэмхийрч байдаг. За даа, ингэж байхгүй бол таашаал авахаа больж, бухимдаж байдаг өвгөчүүл олон байдаг. Энэ нөхөр бараг 80 хүрсэн байх.
Баярлалаа, маш хэрэгтэй сэдвийг бодитойгоор, охид эмэгтэйчүүдэд хайр халамж шингээж хөндсөнд. Аутизмын эрсдэл, өдөр тутмын урьдчилан сэргийлэлт, дархлаа сайжруулах зөвлөмжүүдийг ингэж ойлгомжтой бичсэн нийтлэл ховор байдаг. Охид бүсгүйчүүд бидэнд ийм мэдээллийг цаг тухайд нь хэлж өгдөг хүн олддоггүй үе байдаг. Хойч үеэ бодсон, хайр мэдрэгдсэн Таны энэ бүтээлд талархаж байна.
“Вакциныг эсэргүүцэж элдэв цуурхал тараадаг, ганц хоёр золгүй тохиолдлыг бараг 100% өсгөж хүмүүст айдас төрүүлдэг, энэ талаар ямар ч мэдлэггүй болчимгүй хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль санаачилж батлуулах нь чухал байна.”
Хүн янз янзаар зөнөдөгийм гэнэлээ, Чулуунжав бичиж зөнөж бгаа юм дагаа даа.
Чулуунжав профессор сонин мэдээ тавьжээ. Үүнийг яаралтай шалгаж болно. Аутизмтэй хүүдүүдийн ээж нараас судалгаа авах. Бас аутимзтэй хүүхэд хотод олон уу хөдөө олон уу? Эмч нарт ямар таамаглал байдаг бол гэх мэт
Чулуунжав бусдын төлөө л бичиж байгаагаас бус ямар нэг ашиг хонжоо харах хүн биш. Нээрээ ч үүнийг нь залуу ээж нар уншаад анхааралдаа авснаар тийм хүүхэд арай багасах бус уу