УИХ-аар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг О.Номинчимэг нарын УИХ-ын 78 гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг санаачилсан хамгийн гол шалтгаан нь янжуур тамхинаас гадна сүүлийн үед хүүхэд, залуусын дунд түгээмэл тархаад буй, хэрэглээ нь жил бүр өсөн нэмэгдэж байгаа электрон тамхины хэрэглээг хязгаарлахад оршиж буй.
Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин, электрон тамхины шингэн болон төхөөрөмжийн хэмжээ 2020 оныхоос 175 дахин нэмэгджээ.
Тодруулбал, 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхийг Монгол Улсын гаалиар оруулж ирж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болсон байна. Хамгийн ноцтой нь 13-17 насны сурагчдын 25 хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгааг 2023 онд ДЭМБ судлан тогтоожээ. Электрон тамхины үнэр таатай, никотины хэмжээ янжуур тамхинаас хэд дахин өндөр учир ихээр донтуулдаг. Мөн электрон тамхитай зэрэгцэн шинэ өвчин анагаах ухаанд бий болсон билээ. Ингээд электрон тамхины сөрөг, муу талыг тоочоод байвал олон. Тиймээс хэрэглээг зохицуулахаар хуулийн төсөл санаачлаад буй О.Номинчимэг нарын 78 гишүүнд талархууштай. Төр иргэнээ, хүүхдээ хамгаалах үүрэгтэй билээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Хорт бодис агуулдаг, амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх, судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтуулах эрсдэл өндөртэйгөөс гадна электрон тамхи нь утаат тамхинаас гарах арга хэрэгсэл болохгүйгээр үл барам өсвөр үе, залуусын тамхинд орох магадлалыг 3-5 дахин ихэсгэдгийг тогтоожээ.
Иймд электрон тамхийг Сингапур, Норвег, Чили, Энэтхэг, Турк зэрэг дэлхийн 46 улс бүрэн хориглож, 82 улс хууль тогтоомжоор эдийн засгийн болон эдийн засгийн бус зохицуулалтыг хийсэн байна. Үүний дотор Эстони, Финланд, Австрали, Герман, АНУ БНХАУ Нидерланд, Шинэ Зеланд зэрэг 20 улс амт, үнэрийг нь хоригложээ. Харин Монгол Улсад өнөөдрийг хүртэл хуулийн ямар ч зохицуулалтгүй байна” гэж мэдээлсэн юм.
Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл0