sonin.mn

Саяхан л УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг “…Нүүрсний хулгайч” гээд барьж идэж байсан “талууд” МАН-ын Их хурлаас хойш таг болжээ.

Нэг болохоор “…Д.Амарбаясгалан Тавантолгойн нэг хэсэг Бортээгийн ордыг ухаад ачаад явчихсан” ч юм шиг, аль эсвэл “…Д.Амарбаясгалан Бортээгийн ордыг эзэмшихийг завдсан” ч гэх шиг толгой эргүүлсэн янз янзын мэдээлэлтэй хэсэг явсан. 


Ерөнхий сайд Г.Занданшатар ч 2025 оны есдүгээр сарын 30-нд “… “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг яагаад уурхайн амнаас 18 км цаана яагаад байгуулав. Бид долдугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр маань үр ашиггүй байсан. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн.



Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн барьмагц УИХ-ын дарга гурван сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь, УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан” гэж мэдэгдсэн.



Ердөө гурван жилийн өмнө 2022 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа “…Ер нь нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудыг Засгийн газар анхаарч, хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулан ажиллаж байгаа” гээд зогсож байсан Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсныхоо дараа өөрөө “…Нүүрсний хулгайч” хэмээн цоллуулав.Гэтэл нэг хачин сонин явдал сүүлийн өдрүүдэд болж байна. Д.Амарбаясгалан “…Авсан, авахыг завдсан, аваагүй” гээд байгаа Бортээгийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” ХК мэддэг. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцдаг. Тэгвэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар 2022 оны арваннэгдүгээр сараас хойш С.Наранцогт ажилласан. “Эрдэнэс Монгол” нэгдэл ЗГХЭГ-ын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг. С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” нэдглийн захирлаар очихоос гурван сарын өмнө буюу 2022 оны наймдугаар сард Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Тэд ийм байдлаар шууд харьцдаг албан тушаалд 2022-2024 оныг хүртэл хоёр жил орчим хамт ажилласан. Өдгөө Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд хоёрын яриад байгаа асуудлын цаг хугацааны хувьд дээрх онуудтай тохироод байгаа юм. Гэтэл УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Томилогдох нь тодорхой болов. Энд нэг зүйл ойлгомжгүй байна. Юу гэвэл, хэрвээ Д.Амарбаясгалан Бортээгээр “асуудал”-тай гэвэл Тавантолгойг “харж” байх үүрэгтэй С.Наранцогт хамааралгүй байх боломжгүй юм. Тиймээс, С.Наранцогтыг албан тушаал ахиулж байгаа нь Д.Амарбаясгаланд “асуудал” алга гэсэн үг болж таарах уу. Тэгж “уншигдаад” байна. 


Б.Гарьд



Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин