
ЭР-РИЯД, 2024 оны хоёрдугаар сарын 6 /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрхи Дорнодын орнуудыг зорихдоо хамгийн түрүүнд даваа гарагт Саудын Араб улсад хүрэлцэн ирлээ.
Энэ удаад түүний зорилго нь Саудын Араб, Израилын харилцааг хэвийн болгох яриа хэлцээг урагшлуулах, мөн байлдааны ажиллагаа дууссаны дараа Газын зурвасын засаглалын асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшил гаргах явдал юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдсанаас хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тус бүс нутагт тав дахь удаагаа очиж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Иордан дахь АНУ-ын цэргийн баазад нисгэгчгүй онгоцоор дайрсны хариуд Сири, Ирак, Йемен дэх Иранаас дэмжлэг авдаг зэвсэгт бүлэглэлүүдэд хариу цохилт өгч буй үед тохиож байна.
Э.Блинкен энэ долоо хоногийн сүүлчээр Египет, Катар болон Израилд очиж, ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар тохиролцоонд хүрэхийн тулд Египет, Катар улсуудын зуучлалаар хийж буй хэлэлцээг урагшлуулахыг зорьж байна.
Э.Блинкен мөн АНУ, Израил, Египет, Катарын өндөр албан тушаалтнууд өнгөрсөн сард Парист уулзах үеэр дэвшүүлсэн гал зогсоох саналыг хэлэлцэнэ. Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод Э.Блинкен тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман, Гадаад хэргийн сайд хунтайж Файсал бин Фархан Аль Сауд нартай уулзжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
палестины газраас тасалж еврей улсыг байгуулж болсон юм газар нутаг дээрээ байгаа палестинчууд палестин улсаа байгуулах эрхтэы байлгүй яах вэ еврейн улс дөчин зургаан оноос хойш арабын хичнээн ч газрыг мөлхөж мэрсээр өөрийн болгож байна даа