sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 дэх жилийнхээ босгыг даваад гурав дахь сардаа (тасралтгүй 1181 өдөр шөнө) явж байна. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ, Украины Ерөнхийлөгч олон Барууны улс төрчдийн мэдэгдэл, оросын хэлэлцэгчийн санал бодлоос орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Орос-Украины дээд түвшний хэлэлцээ, түүнд хоёр Ерөнхийлөгч оролцох эсэх, Трамп нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт дэлхий дахиныг хэд хоног эзэмдлээ. Тавдугаар сарын 15-нд Туркэд шууд уулзаж хэлэлцээ хийе гэж Путин санал дэвшүүлээд түүнээсээ бултаад алга боллоо. Зеленский саналыг нь шүүрээд авна чинээ бодож төсөөлөөгүй, ердөө цаг хожих, энх тайванч дүр эсгэх, суртал нэвтрүүлгийн фронтод Украинаа ялах гэсэн биш өөрөө шившиг болов. Путин үнэнээс зугтаав. Үнэн гэж юу вэ гэвэл хоёр л ҮНЭН байна. 

1) ОХУ хөрш зэргэлдээ тусгаар тогтносон, бүрэн эрхт Украин руугаа халдан түрэмгийлээд хүний нутагт өнөө хүртэл байлдаж байна. Үүнийг эзлэн түрэмгийлэх шударга бус дайн гэнэ. Хожим түүх буруутгана. Орос зайлж чадахгүй.

2) Украин нь тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалан эх орондоо байлдаж байна. Үүнийг эх орноо хамгаалах ариун дайн, шударга дайн гэнэ. Хожим түүх бахархана. Гавьяа нь мөнх оршино.


Стамбулд ийм үнэнийг шүүн хэлэлцэхээр Украин ба түүнийг тууштай дэмжигч Барууны холбоотнууд нь бэлтгээд байв. Юуны өмнө 30 хоногоор гал зогсооно. Дараа нь дайн дуусгах тухай ярина. Гэхдээ Украин нь газар нутаг ба хүний амиараа наймаалцахгүй гэж Зеленский мэдэгдсэн. Буруугүй байж буруутан болохгүй, эзлэн түрэмгийлүүлчихээд дайны гэмт хэрэгтэн мэт бууж өгөхгүй–энэ бол Украины байр суурь. Тиймдээ ч эх орноо хамгаалах дайндаа Украин огтхон ч ялагдахгүй, стратегийн санаачилгыг Орост алдахгүй 4 дэх жилдээ байлдаж буй.



Оросын байр суурь ил тод. Бодит байдал гэж их ярих болсон. Бодит байдал гэдэг нь Украины 4 мужид Оросын цэрэг байна. Орос нь Үндсэн хуулиараа тэр 4 мужийг ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж тунхагласан. Түүнийгээ л Украин ба Баруунаар хүлээн зөвшөөрүүлэх, бас болоогүй ээ, Украиныг нацизмгүй болгох хэвээрээ, Киев дэх дэглэмийг солих шаардлага хэвээрээ. Цэрэг армигүй болгоно, НАТО-д элсүүлэхгүй... 2022 оны хэлэлцээнд тавьсан шаардлагуудаа тоть шиг давтаад явж очно гэж байтал яг тэгэв. Оросын шинэ 4 бүс нутгаас цэргээ гаргахыг Украинаас ичих нүүргүй шаарджээ. Ерөөсөө эзлэн түрэмгийлээд цэргээ суулгачихаад тэр нутгаа Оросын Үндсэн хуульд “ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг” гээд заачихвал гүйцээ, бусад нь яаж ч чадахгүй хэмээн зүтгэдэг Оросын тоглоомын дүрэм НҮБ-ын Дүрэмд эрс харшилна. НҮБ-ын Дүрмийн 2.4-т “Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний зорилгод харшлах ямарваа бусад үйлдлийг цээрлэнэ” гэж хатуу зааж өгчээ.

 

Стамбулд хэлэлцээ хийхээр ОХУ-ыг төлөөлж очсон Ерөнхийлөгчийн туслах гэх Мединский хэлжээ:–Энэ бол оросын газар нутгийн нэг хэсэг. Украин бол оросын ертөнцийн салшгүй хэсэг. Украинд бандерчууд дүүрчихсэн юм биш. Тэнд янз бүрийн хүмүүс бий. Украины дэглэм, украины ард түмнийг ялгаж салгах хэрэгтэй. Үзэл суртлын хувьд зомбичлогдсон хэсэг нь ёстой үгүй шүү гэжээ. Мединскийн (цаана нь Путин) үздэгээр энх тайван гэдэг нь ялагдуулж буулгаж авах үйл явц аж. Харилцан найрамдахын өмнө Кремлийнхэн ийм л нөхцлийг Киев рүү тавина, тойруулж үзэл суртал-гүтгэлэгийн маш том кампани өрнүүлнэ. Ганц Киев рүү биш, Барууныхан, НҮБ рүү хандуулж Януковичийн үеэс (бүтэн 11 жилийн) хуримтлуулсан бүх гомдлоо (ихэнхи нь хориг, Украинд цэргийн тусламж үзүүлэхгүй байх гэх мэт хэдэн зуу, мянган гомдол) гаргаж тавина. 


Стамбулд Украин, Оросын хэлэлцээ хоёр цаг үргэлжлэхдээ ганц тохиролцоо, тус бүр 1000 олзлогсдыг суллаж солилцохыг харилцан зөвшөөрөв. Бусад асуудал: Кремлийн түрэмгий шаардлагыг биелүүлэх, биелүүлэхгүй бол дахин хоёр мужийг чинь эзлэн авна гэх заналхийллээр өндөрлөв. ОХУ нэгэнтээ нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэчихсэн 4 мужаас цэргээ гарга, гаргахгүй бол Сума, Харьков мужаа алдана гэж мэд–Оросын хэлэлцэгч сүртэй дуугарав.

 

Зеленский Туркээс буцахын өмнө хэвлэлийн бага хуралд ингэж ярив:

1. Хэрэв Путин гал зогсооход бэлэн бол бид уулзах ёстой байсан. Бид энд Анкарад байна, харин тэр энд ч, Стамбулд ч алга. Бид түүнийг хайж дэлхий тойрч хөөцөлдөөд байж чадахгүй. 

2. Трамп эрх мэдэл бүхий хүмүүсээ хэлэлцээ хийлгэхээр илгээсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рубио, Турк, Украины Гадаад хэргийн сайд нар энд байна. Гэтэл ОХУ нь юуны өмнө АНУ, Туркийг хүндэтгээд ирэх ёстой атал тэгсэнгүй.

3. Оросууд биднийг хүндэтгэдэггүй, харин манайд бол эсрэгээрээ. 

4. Би Путинд ямар ч санал тавиагүй. Путин нэн даруй гал зогсоохыг хүсэхгүй, харин хэлэлцээ хийх тухай мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ маш хүчтэй хоригт орохоо хойшлуулахын тулд л хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ тэр харуулахыг хүсч байна.

5. Крым бол Украины газар нутаг, бид хэзээ ч Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй.

6. Трамп Орос, Украин хоёр улсад хоёуланд нь шахалт үзүүлж байна. Гэвч манайхыг илүү шахаж байна уу гэж харж байна. 

7. Хэрэв дайн зогсоох бодитой алхам ОХУ хийхгүй бол бид АНУ, Европын Холбоо, бусад улс орнуудаас Оросын эсрэг хатуу хориг тавихыг хүсэх болно.

8. Бид газар нутаг, амиараа тохиролцож наймаалцахыг хүсэхгүй гэжээ.


Трамп зөрчилтэй мэдэгдлээ хийгээд эхлэв. Өөрийгөө Путин, Зеленский хоёрын хоёулангийнх нь дарга гэдэг үзлээ ярив. “Би Туркэд очих гэж бодоогүй, тэгэхлээр Путин очсонгүй” гэсэн нь өөрийг нь Путин сүүдэр мэт дагалдаж явах ёстой, Путин өөрийг нь хүндэтгэдэг гэдэг элийрлийг нь илтгэв. Харин Путин нь Трампыг Стамбулд хүлээлгээд муухай царайлуулж, эсвэл Трамп нь Мединскийтэй уулзаад жижгэрч байхыг харж бах таваа хангах гэсэн нь азаар бүтсэнгүй.  


Рубио хэлжээ:–Маргааш би Украины төлөөлөгчидтэй уулзана. Оросын талаас хэн нэгэн хүн уулзах байх. Гэхдээ би биш харин Орос л доод түвшний төлөөлөгч илгээлээ. Хэлэлцээнд ахиц гарна гэж би бодохгүй байна. Гал зогсоох ёстой. Трамп ба Путины хооронд шууд холбоо барих хэрэгтэй. Путингүйгээр дэвшилд хүрэх бололцоогүй гэжээ.


Путиныг дайны гэмт хэрэгтэн хэдийнээ болчихсон, Орост ухрах зам байхгүй, ухарвал Орос орон тэр чигтээ хөмрөнө, иймээс эцсээ хүртэл байлдах, эсвэл Путины биологийн үхлийг хүлээх хоёрхон зам байгаа гэдгийг Трамп ба түүний Засаг захиргаа ойлгож мэдрэхгүй, мунгинасаар байх нь Трамп, Рубио нарын мэдэгдлээс харагдаж байна.


Путин Барууныхан ба Украиныг хамтад нь доромжилж чадлаа гэж бодож суух хооронд нь Турк-Америк-Украины Гадаад хэргийн сайд нарын маш чухал уулзалт тохиож, стратегийн сонирхлоо ойртуулж, Оросын эсрэг банк-санхүү, эрчим хүчний том хориг тавих тухай нөөц хувилбараа тохиролцсоныг Путин мэдэрсэнгүй нь бас нэг дэвшил юм. Хориг хаашаа чиглэхийг Европын Холбоо хэдийнээ шийдчихсэн. Шинэ хориг нь хийн хоолойн “Умард урсгал 1”, “Умард урсгал 2”-ын эсрэг чиглэгдэх бөгөөд оросын худалдааны “сүүдрийн флот”-ыг (нефть хий зөөвөрлөдөг хэдэн зуун танкер, жишээ нь Габоны далбаа мандуулсан оросын танкер Эстоны эрэгт саатуулагдсан) хөндөнө. Мөн ОХУ-аас нийлүүлэх газрын тосны үнийн дээд хязгаарыг буулгана. АНУ, Саудын Араб бас тэр хувилбар дээр тохирсон.



Трампын мухардал дээр Европ нь өөр өнгө төрхөө олоод авсан. Улам бүр эв нэгдэлтэй болж байна. Украины фронт дээр Орос ялагдаж сүйрч байж л бат бэх энх тайванд хүрнэ гэдэг дээрээ эвлэлдэн нэгдэж байна. Үүнд ХБНГУ томхон тоглогч, ивээн тэтгэгч болж гарч ирэх нь улам бүр тодорхой боллоо. Шинэ канцлер Фридрих Мерц эрс шийдэмгий зам сонгожээ. Тэрээр “Дэлхийн II дайн төгссөнөөс хойш, тэгэх тусмаа Европын хуваагдлыг даван туулснаас хойш Европт зэрэгцэн оршихын тулд бидний тогтоосон бүх дүрмийг Орос зөрчсөн. Украинд Оросын түрэмгийллийн дайн гурван жил гаруй үргэлжилж байна. Орос цэргүүд өдөр бүр эмэгтэйчүүд, хүүхдүүд, энгийн иргэд, цэргүүдийг алж хөнөөж байна. Энэ дайн олон зуун мянган хүний амь насыг авч одсон, тэр дундаа Оросын тал ч олон зуун мянган хүнээ алдсан. Одоо энэ дайн ба түүний үр дүн зөвхөн Украины хувь заяаг шийдэх юм биш. Цаашид Европт болон дэлхий дахинд хууль, дэг журам ноёрхох уу, эсвэл дарангуйлал, цэргийн хүч, хүчтэй нь ноёрхох уу гэдгийг энэ дайны үр дүн тодорхойлох болно” гэж тэмдэглэжээ. Том сануулга Путинд өгсөн байна. 


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте дайсан хэн бэ гэдэгт хоёр утгагүйгээр шууд нэрлэжээ. Түүний хэлснээр дайсан бол:

1. Орос;

2. Хятад;

3. Терроризм гэжээ.

Орос бол өөрөө урт хугацааны аюул заналхийлэл гэдгийг бид олон удаа давтан хэлдэг. Хятад нь зэвсэгт хүчээ эрчимтэй хөгжүүлж байгаа нь мэдээж хэрэг ихээхэн анхаарал татаж байна. Тэд 10 жилийн дараа гэхэд цөмийн цэнэгт 1000 хошуутай болно. Терроризм бол НАТО-гийн терроризмтой тэмцэх үндсэн үүрэг учраас терроризм бас НАТО-гийн анхаарах салбаруудын нэг гэдгийг бид давтан хэлье–Рютте. 


Оросын аюулын эсрэг хамгийн хүчирхэг армийг Европт байгуулна, батлан хамгаалах зардлаа эрс өсгөнө хэмээн Германы Мерц амласаар үүрэгт ажилдаа орсон. 


       Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь