sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирээдүйн залгамжлагчийнхаа талаар "байнга" бодож, боломжит нэр дэвшигчдийг аль хэдийн авч үзэж байгаа гэж мэдэгджээ. "Орос. Кремль. Путин 25 жил" баримтат кинонд телевизийн хөтлөгч Павел Зарубинтай ярилцах үеэрээ тэрбээр нэр дэвшигч тус бүрийг үнэлж байгаа гэдгээ баталжээ.


Путин шинэ ерөнхийлөгч ард түмний итгэлийг хүлээх ёстой, эс тэгвээс "ямар нэгэн бодитой зүйл хийх боломж хомс” гэж хэлээд иргэдэд "ийм төрлийн хэд хэдэн хүн гарч ирсэн нь дээр" гэсэн сонголт байх ёстой гэж нэмж хэлжээ. 


Хэвлэлүүд Путиныг залгамжлах магадлалтай хүмүүсийн дунд янз бүрийн жилүүдэд Ерөнхий сайд Михаил Мишустин, Шадар сайд Дмитрий Патрушев, Засгийн газрын орлогч дарга Сергей Кириенко, Дмитрий Козак, Москва хотын дарга Сергей Собянин, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Дюмин нар байсныг дурджээ.


Путин өөрөө 1999 онд ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин сайн дураараа огцорсны дараа ерөнхийлөгч болсон бөгөөд 2024 оны гуравдугаар сард тав дахь удаагаа улиран сонгогдохдоо Путин 72 настай байжээ.


Сонгуулийн төв хорооны мэдээлснээр тэрбээр 87 хувийн санал авч, 77 хувийн ирцтэйгээр ялалт байгуулсан байна. Путин өмнө нь 2000, 2004, 2012, 2018 онуудад сонгогдож байсан бөгөөд 2008 онд Үндсэн хуулийн саадын улмаас гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй болоход ерөнхийлөгчийн суудлыг тухайн үеийн Ерөнхий сайд, одоо ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаа Дмитрий Медведев авсан юм. Хэрэв одоогийн Ерөнхийлөгч албан тушаалаа хашиж байхдаа нас барвал хуулиар түүний чиг үүргийг Ерөнхий сайдад түр шилжүүлэх юм байна.

 


Ж.Бат

Эх сурвалж: trt.global