sonin.mn

Нүүдлийн шувууд нь жигүүр цуцаан ирдэг уул Алтайдаа шаргал намрын өдрүүдэд эргэж ирлээ. Алтайнхан угаас ертөнцийн насыг элээсэн мөнгөн буурал уулсаа аминчлан өөриймсөх дуртай. Надад ч бас тийм зан бий. Их уулс минь намайг таньж ядах лугаа хөхөмдөг униар дундаа гэрэвшингүй сүүмэлзэнэ. Ингээд бодохоор би ус нутгаасаа цулбуур шувтран зулараад овоо уджээ.

 

Би Дарвийн нурууны хүн. Аймгийн төвөөс нутгийн зүг гарч, Хантайшир хайрханы ар зооноос хөхөмдөг уулсынхаа барааг харахуйяа дотор сэтгэлээс нэг их юм огшоод ирэв, сайхан ч юм даа.

 

Аймаг дээр би олон хүнтэй уулзаж, амар мэндээ мэдэлцсэн. Аймгийнхаа засаг дарга Ш.Амгаланбаяр, иргэдийн хурлын дарга Ш.Эрдэнэбат, гавьяат эдийн засагч, миний нутгийн хүү Балсангийн Авирмэд болон үзэг нэгт яруу найрагч, зохиолч Шунхайн Цоодол, Гочоогийн Чардаг, Д.Гомбожав, СГЗ, “Эрээн нуур”-ын Д.Лхагвасүрэн, эмч найрагч, өнөө цагийн яруу найргийн өнгө төрхийг илэрхийлсэн чамбай шүлэгтэй Ганхүрэл нартай уулзаж Алтай нутгийнхаа энэ жилийн өнгө төрх, ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэйг таньсан бөлгөө.

 

Манай аймгийн төв ямар л байлаа, гэтэл одоо нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцийгээд явчихсан нь баярлам таатай. Барилга байшин нэмэгдэж, замбараа цэгц тааруухан гудамж талбай цэгцэндээ орсон нь харах баясгалан. Шороо тоос өндөлзсөн гудамжаар нь хивс шиг засмал тосож, алдар суутны хөшөө дурсгалаар хотоо чимэж, хотын төв талбайд усан оргилуур солонгорч байх нь миний баган дуртгал үлгэр болон үлдэж ээ.

 

Бид хүүхэд байхдаа “Онгоцны толгой” хэмээх талын ганц толгойд чимээ анираас дайжин хичээлээ давтдаг байлаа. Гэтэл тэр өнчин толгойг танигдахгүй болтол тохижуулж, тэнд Алтайн хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэн, бид ч тэнд патиар татуулан төрөлх хотоо сайшаан бахдав. Би ч их хөөрлөө, хөгжил гэдэг энэ хэмээн сайшаатал тэд “Аргагүй шүү дээ, Таны аймгийн өнөөгийн дарга Танай нийслэлийн хөгжлийн судсыг барилцаж явсан.

 

 

Хот ямар өнгө төрхтэйг тэр хүн мэдэлгүй дээ, та биш!” хэмээн ам бардмаар надад сайрхах нь аргагүй байж. Ажил амьдрал нь урамтай өөдрөг газар хүмүүсийн сэтгэл санаа хангалуун, харах царайнаас элбэг уужим төрх бэлхэнээ танигдана. Хүмүүсийн яриа хөөрөө, инээд баясал нь хүртэл цаанаа бардам итгэлтэй байдаг даа, манай Алтайнхан тийм л хүмүүс байлаа.

 

Энэ жилийн Алтайд ард зон нь тайван налгар, ажил хэрэг санснаар бүтэмжтэйг харахаас байран суурин хүн байтугай явуулын хоноц маний хувьд ч таатай. Лав л Алтайнхан мөр бүтэн гэдэс цатгалан, хүний гар харахааргүй аж төрж буй нь энэ аймгийн жолоог атгалцаж буй бүх хүмүүсийн хүчин зүтгэлээс хамааралтай гэж би ам бардам хэлнэ. Угаасаа ч Алтайнхан болохгүй бүтэхгүйгээ урьтал болгон гувших бус болж бүтэж буйгаараа омог бардам явдаг улс.

 


Энэ жил Алтайд маань алаг цоог зуншлагатай байлаа гэлцэж, тэр дундаа манай Дарви тийш намраас л жаахан таана хэнзлэв гэсэн нь надад гандуу байжээ гэсэн бодол төрүүлэв.

 

Гэхдээ би Дарвитаа гантай өнтэй, зунтай зулагтай олон л цагаар ирж байсан. Манайхан тэр бүхнийг ажралгүй давж, нүүдэл суудлаа хийгээд л амь амьдралаа бөөцийлж байх. Ингээд бодохоор Дарвийнхан тэнгэрийн араншин, цаг нарны хэлийг гаргууд мэддэг улс гэж ам бардам хэлж болно. Миний багад ч тийм л байлаа. Хэдэн хөх тэмээндээ ачаалаад хөдөлсөн байхад цагийн хөлд гүйцэгдэхгүй, эргэх дөрвөн улирлыг мэнд давдаг л юм даа.

 


Бид алдарт Шаргын говийг өдөржин туулав. Тарга хүчээ авсан сүрэг тэмээ замд хөндөлсөн салхидаж, тэнд хэдэн жилийн өмнө амь тасрах шахаж байсан заг баярлам сэргэсэн нь харахаас урамтай.

 

Заг хэмээх энэ адармаатай хийгээд тэсвэр тэвчээрийн амьд шүтээн болсон ид шидэт мод их говийн амьдралын салшгүй хэсэг, харах баясгалан, хайрлах хайр байдгийг бид мэднэ. Энэ зуур би ус нутгийнхаа заг хэмээх их говийн энэ ховор ой шугуйн амийг таслахгүйн төлөө бүтээлч амьдралаа зориулсан эрдэмтэн, зөгнөлт зохиолч Ж.Галын тухай эргэн дурсав.

 

Шаргын говьд загийг үрээр тарьж ногоон шугуй болговол хүн болсны минь хэрэг бүтнэ гэж Гал маань гэгээн мөрөөдөл ярьдаг, түүнийхээ араас нойр хоолоо мартаж амьдарсан юмсан. Юутай ч Шаргын говийн заг сайхан шугуйлжээ. Энэ чинь нэг үе хувхайрах шахсан байсан. Харин манайхан юу хийснээ эгээрч өнөөдөр өнчин мөчир ч хугалдаггүй болсон нь сайшаалтай.

 

Шаргын говьд жинхэнэ налгар намар морилжээ, энэ говь өдийд нэг их сайхан байдаг юм. Угаасаа ч энэ жилийн намрын урт, налгар тавиунд баярлахаас яахав. Шаргын говьд манай Дарвийн долоон гавьяатын ууган Бавалын Пүрэвдорж хэмээх ажилсаг агрономич ажиллаж амьдарч, хадлан тариалангийн талбайн “хаан” явсан нь саяхан л юмсан, хөөрхий!..

 


Тэртээ хойно Б.Пүрэвдоржийн маань хадлангийн талбайн цаахана талд манай Дарвийн нуруу ганцхан том харайхад хүрмээр харагдавч бид яваад л байлаа, яваад л байлаа. Ш.Цоодол найрагч саяхан Дарви ороод ирсэн болохоор надад нутаг орны намаржаа, ажил төрөл, танил дотно хүмүүсийн талаар яриа дэлгэн аян замын алжаал үргээж явлаа.

 


Бид Шаргын голын гүүрийг бараадсан хэдэн айлд бууж аяганы амсар зууж суутал айлгүй хэдэн хараацай аягатай цай цалгиулах шахам сүрэглэн нисэлдэв. Айлын эзэгтэй “Манай өнөө хэд л жиргэж байна” гэж тэднийг нэг их өөртөө хамаатуулан хэлсэн нь цаанаа учиртай юм санж. Тэр хэд тэдний илүү гэрт үүрээ засч тухлан, айх аюулгүй хаваржиж, зусан амгалан жаргаж өдгөө үүр юугаа орхиж үл чадан эргэцэж байгаа нь энэ гэнэ. Тэд энэ айлын ам бүлд заяа нэгсэн хоёр ч жилийн нүүрийг үзэж байгаа азтай амьтас юм байх. Сонин юм шүү, ийм л сайхан амгалан, домог шиг буурал Алтай даа!


Дарвид биднийг сумын дунд сургуулийн захирал, яруу найрагч С.Сарантуяа, манай ангийн “жаал”, Дарви сумын нэртэй адуучин Осор агсны хүү Ганбаатар хоёр угтаж тухалуулав. Аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч, зохиолч Г.Чардаг тэр хоёр бага зэрэг албархан намар цагийн ажлын тухай ярилцав.

 

С.Сарантуяагийн хувьд “Хайрлана” нэртэй яруу найргийн номоо Ш.Цоодол багшаараа эх бариулан хэвлүүлснээс гадна, сургуульдаа уран зохиолын дугуйлан ажиллуулж, үе үеийн авьяаслаг сурагчдынхаа бүтээлээр “Цэцэгхэн” хэмээх хөөрхөн ном хэвлүүлж буян болсон дайчин, бүтээлч сэтгэлгээтэй багш бүлгээ.

 

Бид тэднийд мөн л хол ойрын яриа хөөрөө чөдөрлөж шөнө орой болгов. Тэнд юунаас ч болов, аймгийн засаг дарга,    мөнөөх Ш.Амгаланбаярын тухай яриа хөөрөө өрнөж, би түүнд анхаарлаа хандуулав.

 

Би тэр залуу даргатай аймаг дээр ажил төрлийн яриа хөөрөө өрнүүлж суухдаа “Түс тас яриатай боломжийн нөхөр байна” хэмээн дотроо талархан санаж билээ. Эргэж буцаж, энээ тэрээ болдоггүй ийм хүмүүс алдсан ч, оносон ч аливаа юманд шударга цэгцтэй байдгийг миний хэр насны хүмүүс амьдралаараа мэдэх юм.

 

Ний нуугүй үнэнийг хэлэхэд энэ хичээнгүй зоримог хүний тухай идсэн уусан, байцааж шалгаалаа гэсэн явган яриаг би сонин хэвлэл, нэтээс харж л байсан. Хүмүүс өөртөө таалагдахгүй юманд ямагт халгаатай ханддаг хойно. Тэгээд ч хэний санаанд тааруулах гэж ажил хийж явах юм, ингэж хэл ялд унаж яваа хичнэн хүнийг ч хэлж барах юм.

 

Түүнийг би тоогоогүй, тоолоо гээд ч яах юм. Ажил хийсэн хүний араас чулуу нүүлгэдэг энэ цагт ёстой яамай л байна гэж санаад өнгөрсөн. Өнөө цагийн төрх тийм л юм чинь. Тэгээд ч “Монгол хүн илүү үгэнд чих халууцах гэсэн нэг хууч үг байдаг даа, тэр нь хэн юу хэлнэв, чи зорьсон үйлсээсээ бүү буц. Эр хүн замын дундаас буцдаггүй гэсэнтэй утга нэг юм. Тиймээс тэр залуу хүн алба алдахгүй нь лавтай гэсэн итгэл надад төрсөн юм.

 


Амгаланбаяр хэмээх энэ залуу аймагтаа олон ажил хийснээс хоршооллын хөдөлгөөн өрнүүлэх талаар нэлээд анхаарсан нь миний анхаарлыг татсан юм. Учир юун гэвээс өнөө бидний “Зах зээлийн ороо бусгаа” цаг хэмээн гаслах шахам зазгадаж өнгөрүүлсэн тэр үйлгэр он жилүүдэд манай Дарвийн нутаг амьтай хоёр хархүү Б. Дөш, гавьяат Б.Авирмэд хоёр маань сумандаа хоёр хоршоо байгуулж ард олныхоо төлөө таваргаж байж сумынхаа хүн ам, мал сүргийн бүтэцийг хүртэл хадгалан дутах гачих юмгүй амьдрахад хэрэг тусаа нэмэрлэн авч үлдсэн юмдаг.

 

Тэгвэл Амгаланбаяр дарга тэр туршлагыг аймгийнхаа сумдад нэвтрүүлвэл зах хязгаар нутгийн ард түмэнд ашиг тустай хэмээн Авирмэдтэй гар нийлэн ажиллаж амжилт олж байсанд би дотроо сайшаасан бөлгөө. Ихэс нуурт буцах шувууд цуглан чуулж, Алтайн хөх салхи өрх дэвэлзүүлэн аргагүй л намрын аяс нөмөрчээ. Сумын засаг дарга Монхоны Ганбаатар сум орныхоо ажил төрлийн талаар урамтай яриа дэлгэж байв. Ганбаатарын аав Монхон бид мөн л нэг ангийн шалсайнууд явжээ.

 

Манай Монхон сургуулийн дотуур байранд гутал хувцасныхаа уранхай цоорхойг өөрөө оёж хатгаад өмсчихдөг, арцаар хөөрхөн шатар зороод сууж байдаг жаал байсан бөгөөд бүх насаараа Дарви сумынхаа хөгжил хөдөлгөөнд зүтгэж явжээ. Манай Дарви аймгийнхаа алслагдсан сумуудын нэг бөгөөд ам бүл цөөн, мал сүрэг ихтэй, газар нутгийн хувьд таатай.

 

Наяад онд намайг нэг удаа ирэхэд зуданд хамаг малаа барж, модоо барилаа хэмээн нулимс цийлүүлж суусан улс, дараа зун нь ирэхэд зуданд хорогдсон малаа наян гурван мянган толгойд хүргэж малчид сум, нэгдлийн дарга Дорждагватай “Малаа хүч хүрэхээ байлаа, хурга ишгээ ялгаж хүнд өг!” гэлцэн заргалдаж суув. Ийм л ажилтай улс. Гэтэл энэ жил нэг зуун дөч гаруй мянган толгой мал газар хотолзуулан бэлчиж байгаа сурагтай.

 

Говьдоо тэмээ хөшилдөж, нуруундаа хонь хурга цайрч, миний багын нутаг Гүнгэгийн овоо, Гозонгийн бэлчир, Элстийн ам гандуу хэдий ч янзаараа л байв. Ёстой мөнөөх “Ийм л холын Алтай даа... ’’ гэсэн нэгэн сайхан дууны эр хонгор аялгуу сэтгэлд гэгэлзэж байлаа. Цаг заваа гаргаж цавидар буурал Алтайдаа бууж мордож яваарай, хүн зон чинь хүлээж байгаа гэж хэнд ч юм захиж хэлмээр сайхан цагаар Алтайдаа яваад ирлээ.

Санжийн Пүрэв
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч