sonin.mn

 

Дэлхийн өвд бүртгэгдээд байсан Өгийнуурын усны түвшин одоогоос тав зургаан жилийн өмнөөс багасч, энэ нууранд ирж чуулдаг ховор үзэсгэлэнтэй шувуудын амьдрах орчин хомсдож, загас жараахайнуудын төрөл зүйл цөөрч байгаа тухай нутгийхан ярьж байна.
 
 
Тийм ч учраас хуучнаар Байгаль орчны яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллага хамтран дөрвөн жилийн өмнөөс Өгийнуурын ойр орчмыг хамгаалах төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч нуурын гол цутгал болох Орхон голын ус татарснаас төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж.
 
 
Гурван жилийн өмнөөс уг асуудал Засгийн газар, яамны түвшинд яригдаж, усны газар болон бусад мэргэжлийн байгууллагаас Хангай нуруунаас эх авсан Шарын гол, Хужиртын эхээс эх авсан Хужиртын гол хоёр нийлэх бэлчрээс Хөгшин Орхон болон урсдаг энэ томоохон усны эх үүсвэрийн урсацын хэмжээ яагаад багассан тухай дүгнэлтүүдийг гаргасан байна.
 
 
Тухайлбал: 2009 оны судалгаагаар Өгийнуурын усны түвшин буурсан шалтгаан нь цутгал голуудын урсацаар шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл Өгийнуурыг тэжээгч хөгшин Орхон голын голдрил алдагдсанаас усны урсац саарч, түвшин багасахад нөлөөлжээ.
 
 
Орхон голын эрэг нь зарим газраа бүр 45 см болтлоо намсчээ. Ялангуяа дулааны улиралд бороо орохоор гол эргээсээ хальж, голдрилоо эвдэх болсон байна.
Харин 2011 оноос нуурын усны түвшингийн бууралтыг зогсоох зориулалтаар улсын төсвөөс 42.0 сая төгрөгийг орон нутгийн төсөвт нь суулгаж өгчээ.
 
 
Усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд Өвөрхангай аймгийн Хархорин сумын МК1 сувгийг цэвэрлэх, Орхон голын Өгийнуурт цутгах цутгалын ойр орчмыг цэвэрлэж, урсацыг нэмэгдүүлэх, голдрил нь эвдэгдсэн хэсэгт өндөрлөг хийх ажлын тендер шалгаруулсан боловч мэргэжлийн байгууллагууд төсөв нь хүрэлцэхгүй шалтгаанаар хойшлогдсоор 2012 оны 9-р сард "Ногоон хэрэм" ТББ байгууллага ажлыг гүйцэтгэхээр болж, Нуурын цутгах хэсгийн цэвэрлэгээ, МК1 суваг цэвэрлэх, орхон голын зарим ус алдаж байгаа хэсгийн эргийг өндөрлөж, далан босгох ажлуудыг гүйцэтгэсэн байна.
 
 
Үүний үр дүнд нуурын усны түвшин 2-5 см нэмэгдсэн хэдий ч дахин 1км газрын эргийг 2 метрээр өндөрсгөх, МК1 сувгийг дахин цэвэрлэх ажлууд төсвийн санхүүжилт цагтаа орж ирээгүйн улмаас хийгдээгүй байна.
 
 
Гэхдээ өмнөх ажлын үр дүн гарч, намрын цагт зарим хэсэгтээ татарч, хуурай сайр болдог хөгшин Орхон энэ жил тасраагүй гэнэ. Өмнө нь Өгийнуур хөгшин Орхон голоос цутгаж, ус нь сэлбэгдэн гадагш урсдаг байсан бол одоо гадагш урсахаа байсан байна.
 
 
Тиймээс голын бохирдол үүсч, загасны тоо толгой цөөрч байгаа аж. Энэ нь нутгийн малчид гэхээс илүү Өгийнуураас 20 км-ийн ойролцоо байдаг мянганы замаар дайран өнгөрч буй зорчигчид, нуурын эргэн тойронд байрлаж буй жуулчны баазуудаас үйл ажиллагаас шалтгаалж байгаа гэдгийг сумын байгаль хамгаалагч Н.Эрдэнэтуяа ярьж байна.
 
 
2006 онд сумын хамгаалалтанд авсан Өгийнуурыг экосистемийг хамгаалж, байгаль бохирдуулагчдад хариуцлага тооцоход учир дутагдалтай гэнэ. Учир нь тус суманд байгаль орчны улсын байцаагч байхгүй учраас байгаль хамгаалагчийн зүгээс торгох, хариуцлага тооцох, бусад арга хэмжээ авах эрхгүй байдаг байна.
 
 
Ирэх жилээс орон нутгийн хөгжлийн сангаас төсөв гаргуулж, бохирдлын шинжилгээ хийлгэх, загас ан амьдтын нөөцийг тогтоолгохоор болсонд сумын байгаль хамгаалагч нь олзуурхаж байна. Юутай ч жил бүр нутгийн иргэдийн оролцоотойгоор голын голдрилыг жигдрүүлэх, нуурын ойр орчмыг цэвэрл үүлэх ажлыг өрнүүлээд байвал үзэсгэлэнт нуурын өнгө төрх сэргэхгүй гэх газаргүй юм.
 
 
Г.Жавзандулам
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин