sonin.mn

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ёслол 10-р сарын 16-ны өдөр боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны сайд Э.Бат-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд, хатагтай Шэнь Миньжуань нар оролцлоо.


Монгол улсын Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны сайд Э.Бат-Амгалан арга хэмжээний үеэр хэлэхдээ, Ногоон нуур 1008 айлын орон сууцын төсөл нь орчин үед барилгын салбарт хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгаагийн нэгэн жишээ юм. Орчин үеийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор баригдсан чанартай, стандарттай, иргэд оршин суугчдын сэтгэл ханамжийн баталгаа болсон энэ төсөл ашиглалтад орж буй нь нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг багасгах, ундны усны эх үүсвэр, агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой юм. Энэхүү төсөлд буцалтгүй санхүүгийн туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын засгийн газар, ард түмэн, мөн энэ төсөлд оролцсон бүх инженер, техникийн ажилтан, албан хаагч нарт энд оршин суух иргэдийнхээ өмнөөс баярлаж талархаж буйгаа илэрхийлье гэлээ. 


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд, хатагтай Шэнь Миньжуань, Буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлсэн энэхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны төслийг хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага чиглэл дор хэрэгжүүлсэн бөгөөд талуудын “Бүс ба зам” санаачилга болон “Талын зам” стратегитай уялдан хэрэгжсэн чухал бүтээн байгуулалтын төсөл юм. Мөн энэ төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж хүлээн авагч улс орон өөрөө хэрэгжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлсэн хамгийн том гадаад тусламжийн бие даасан төсөл болж байна. Талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд, тус төсөл Ковид цар тахал, үнийн өсөлт, ажиллах хүчний хомсдол зэрэг олон хүндхэн сорилтуудыг даван туулж, 5 жилийн хугацаанд ийнхүү амжилттай баригдаж дууслаа. Энэхүү 1008 айлын орон сууцыг хамгийн өндөр чанарын стандартын дагуу, дэвшилтэт техник технологи, чанартай барилгын материал ашиглан барьж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн амьдрах орчин нөхцөл, амьдралын чанарыг сайжруулж, хотын орон зайн ашиглалт, өнгө үзэмжид хувь нэмрээ орууллаа. Уг төсөл цаашид шинэ эрин үеийн Хятад, Монгол хоёр улсын найрсаг харилцааны бэлгэдэл, хоёр орны ард түмний зүрх сэтгэл, харилцан ойлголцлыг ахиулах бүтээн байгуулалт болох юм гэв. 


Энэ төсөл нь 1008 айлын орон сууцны 8 барилга, дулаан авто зогсоол, туслах тоног төхөөрөмжийн өрөө, гадна инженерийн шугам сүлжээ, зам талбайн тохижуулалт, дасгал хөдөлгөөн болон хүүхдийн тоглоомын талбайг багтаасан болно.