
МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 16 /DW/. Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа лхагва гарагт Москвад айлчлах үеэрээ Орос, Сири хоёр улсын хооронд өмнө нь байгуулсан бүх хэлэлцээрийг Сирийн шинэ засгийн газар дагаж мөрдөнө гэж мэдэгджээ.
Аш-Шараагийн энэ мэдэгдэл нь Сирид байрлаж буй Оросын хоёр цэргийн баазын /Оросын тэнгисийн цэргийн бааз, Хмеймим дэх нисэх хүчний бааз/ ирээдүй баталгаатай болсныг илтгэж байна.
Аш-Шараа Москвагийн эртний холбоотон Башар Асадыг өнгөрсөн оны сүүлчээр түлхэн унагасан бөгөөд өмнө нь Абу Мохаммед аль-Жулани нэрээр танигдаж, террорист “Аль-Каида” байгууллагын Сири дэх салбар болох "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийг толгойлж байсан юм. Оросын эрх баригчид уг бүлэглэлийг 2020 онд террорист байгууллагуудын жагсаалтад оруулжээ.
“Орос, Сири хоёр улсын хооронд нийтлэг сонирхол бий. Бид өмнө нь хүрсэн бүх тохиролцоог хүндэтгэж байна. Бид Оростой байгуулсан харилцааны шинж чанарыг дахин тодорхойлохоор ажиллаж байна” гэж аш-Шараа Кремльд хэлэлцээ хийхийнхээ өмнө мэдэгдсэн байна.
Харин Путин хариуд нь мэдэгдэхдээ, аравдугаар сарын эхээр парламентын сонгууль явуулсанд Сирийн удирдагчид баяр хүргэжээ. “Энэ бол нийгмийг нэгтгэхэд хувь нэмэр оруулж байгаа учраас та бүхний хувьд маш том амжилт гэж би үзэж байна” гэж Оросын Ерөнхийлөгч хэлээд, Дамасктай тогтоосон харилцаагаа шинэчлэхэд бэлэн байгааг онцлон дурдсан байна.
Москвад хийсэн аш-Шараагийн айлчлалыг олон шинжээч улс төрийн маш эмзэг алхам гэж дүгнэж байна. Олон жилийн турш Оросын эрх баригчид Асадыг Сирийн босогчидтой тэмцэхэд нь дэмжиж байсан бөгөөд эдгээр босогчийг Аш-Шараа удирдан 2024 оны 12 дугаар сард төрийн эрхэнд гарсан юм. Асадыг түлхэн унагасны дараа Москва түүнийг болон түүний гэр бүлд улс төрийн орогнол олгосон билээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, Асадын гэр бүл одоо Москвад олны нүднээс далд амьдарч байгаа аж.
Аш-Шараа хэлэлцээний явцад Башар Асадыг шилжүүлэн өгөхийг албан ёсоор хүсэх төлөвтэй байгаа гэж "Reuters" агентлаг Сири дэх хоёр эх сурвалжийг эш татан мэдээлсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Америк 4150 томахавк пуужингийнхаа 20-50 ширхэгийг Киевт өгч магадгүй байна. Энэ нь одоогийн болон цаашдын Киевийн нөхцөл байдалд онцгой нөлөө үзүүлэхгүй бөгөөд зөвхөн Оросын хариу үйлдэлийг тандах зорилготой гэж барууны ажиглагчид таамаглажээ!