sonin.mn
Н.Алтанхуягийн намтар энгийн. Гэхдээ сайтар нягтлан харвал ялимгүй унаж, яагаад ч юм дахин өндийж ирсээр өнөөдөртэй золгожээ. Гагцхүү тэр өндийлт бүхэнд улстөр хийх ил тод, сонгодог үнэт зүйл алдагдаж, басхүү хэн нэгэн улстөрөөс шахагдаж ирсэн байна. Тэр өөрийнхөө унаж босож ирсэн тухайд “Уналаа, уналаа, бослоо, уналаа. Алийн болгон унаж байх вэ дээ” гэсэн нь бий. Босохоороо зөвхөн ах, дүү хамаатан садан, ойрын найз нөхдөө албанд залгуулдаг тэрбээр өөрийг нь дарга болгохоор унаж, тусталаа зүтгэдэг намынхаа болон өмнө нь хамтран зүтгэж явсан нөхдөө “чөтгөр” гэж үздэгээ илэрхийлж байсан удаатай. Мөн түүний үйл ажиллагааг харахаар “Төрлөө бодоод төрөө тэвчиж ирсэн” мэт сэтгэгдэл төрдөг. 
 
1958 онд төрсөн, физикч мэргэжилтэй. Ардчиллын анхдагчдын нэг. 1990 оноос АН-ын /тухайн үеийн МСДН/ удирдлагад ажилласан. 1996-2000, 2004-2016, 2020 онд таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. АН-ын тав дахь дарга, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд. 2014 оны арваннэгдүгээр сард түүний Засгийн газар АН-ын Х.Баттулга даргатай МоАХ фракц, З.Энхболд даргатай Шонхор фракцийн гишүүдийн өөрсдийнх нь оролцоотойгоор огцорсон. АН-ын даргын албан тушаалаа УИХ-ын дарга асан З.Энхболдод шилжүүлсэн. Хангалттай хугацаанд төр засгийн хамгийн өндөр албан тушаалд заларч явсан хүн. Ийм л хүн төр, засгаас хариуцлага нэхэх гэж байгаа бол тэр хариуцлагыг үүрэлцэх ёстой хүний нэг. 
Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж байсан ч, тэр дороо бодлоо өөрчилж, АН-ын даргад нэрээ дэвшүүлэн 5 сумын уралдаанд орж С.Эрдэнэд ялагдсан билээ. 
Н.Алтанхуяг 2000 онд байгуулагдсан АН-д анх “Алтангадас фракцийг байгуулсан хүмүүсийн нэг. Тэд л 2004 оны сонгуулийн дараа М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан нарыг намаас нь хөөж, УИХ дахь МАХН-ын бүлэгт нэгдэн тэлээ хурганууд гэгдэн шоолуулж, 2008 оны Их үймээний дараа С.Баярын стандарт бус Засгийн газарт гүйн орж явлаа. 
Тэр үед энэхүү Алтангадас бүлэглэлийг Монгол даяараа Алтангэдэс, гудас боллоо хэмээн ярилцаж байсан түүхтэй. 
 
 
 
2012 онд Ерөнхий сайд болоод төрд өөрийн ойр дотныхноо шахаж, АН-ын жирийн гишүүд дэмжигчдийг “чөтгөр” гэж үзэх болсноо өөрөө хэлж байлаа. Өөрийгөө Ц.Элбэгдорж нарт “хонгилдуулсан” гэдэг ч эсрэг талынхан нь түүнийг өөрөө “хонгил” анх байгуулсан хүн хэмээдэг. 
 
 
 
 
Амардаггүй “Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд маань амарч, зугаалаад Бурхан Халдунд төөрөөд мажийхаа шахаж, улс орныг бужигнуулж байсан түүхтэй. “Чингис”, “Самурай”, “Дим сам” бондууд гаргаж олон тэрбум ам.доллар зээлж монгол улсын өр зээлийг нэмэгдүүлсэн. Энэ өрөө ирээдүйд үр хүүхдүүд минь төлчихнө биз гээд хэнэг ч үгүй чуулганы танхимд Ерөнхий сайдын суудлаас хэлж суусан юм. Мөн Н.Алтанхуягийн хамгийн супер ажил нь Багануурын нүүрс шуудайлж зарах болсон явдал. Утаатай хийх тэмцэл энд хүрээд зогсож билээ. 
Монгол угсаатны дээд өвөг болох хүчирхэг Хүннүг дахин нэгтгэж нүүдэлчдийн Их гүрэн цогцлоон байгуулж, “Хэрэмнээс хойших газрыг нум баригчдынх...” болохыг Хятадын Хан улсаар хүлээн зөвшөөрүүлж байсан Модун шаньюй “Төрөө бодоод төрлөө тэвчиж ирсэн” хэмээсэн байдаг. Мөн Их Монгол улсыг байгуулсан Эзэн Чингис хаан ч төрийн том албыг алтан ургийн төрөл садандаа бус хамтран зүтгэгчиддээ хариуцуулан өгч байсан түүх бас бий. Тэгвэл Монгол улсын Засгийн газрын Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг л лав үүний эсрэгээр “Төрлөө бодоод төрөө тэвчдэг” нэгэн юм шиг санагддаг.
Бүр 1990-ээд оны сүүлээс л түүний энэ байдал ажиглагдаж эхэлсэн билээ. Ерөнхий сайд байх үеийнх нь гэхэд л Хүргэн Дэнзэн, охин А.Сайнзаяа нарынх нь асуудал гээд л явна.”Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсхийн хэрэг, Багануурын нүүрс зарж байсан Л.Гансүхийн хэрэг гээд л үргэлжилнэ.
 
 
 
Н.Алтанхуяг төр, засгийн эрх мэдлийг өөртөө л зориулж ирсэн нь энэ бүхнээс илт. Түүнийг эд хөрөнгө завшсан хэмээн АН-аас хасч байсан. 
 
 
 
Энэ бүхэнд өс, хонзон санасан Н.Алтанхуяг энэ удаа Х.Баттулгын талын Ц.Тувааны буюу О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Түүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваагүй учир талбай дээр өлсөж хэвтэнэ. 
Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх хуулийн үндэслэл байхгүй гэдгийг хуульчид хэлж байна. 
 
 
С.Самдан