Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойг тэмдэглэх томоохон хуралдаан 7-р сарын 1-ний өглөө БНХАУ-ын нийслэл Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд боллоо. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус улсын нэр бүхий алдартнуудад "7-р сарын 1-ний одон"-г гардуулж, үг хэлэв.
Тэрээр, 105 жилийн хугацаанд манай нам Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандалтыг эрэлхийлэх үндсэн зорилгоо тууштай баримталж, тасралтгүй тэмцлийн үр дүнд түүхэнд үлдэх агуу амжилтуудыг гаргаж ирсэн гэдгийг онцоллоо. Ирэх шинэ аялалд намын бүх гишүүд өөртөө итгэлтэй байж, үргэлжлүүлэн хичээж, цаг үе, ард түмэнд зохистой шинэ амжилтуудыг байнга бий болгох ёстой гэв.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүд Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюэсян, Ли Си нар улсын дэд дарга Хан Жэнгийн хамт хуралдаанд оролцжээ.
Ши Жиньпиний илтгэлд өөртөө итгэлтэй байж, үргэлжлүүлэн хичээж, шинэ бодит байдлын үүднээс намын шилдэг чанаруудыг урагшлуулж, намын мөн чанар, өнгө, зан чанараа хэзээ ч өөрчлөхгүй байхын зэрэгцээ хүчтэй бүтээлч байдал, эв нэгдэл, тэмцлийн чадварыг хадгалах шаардлагатайг онцолсон байна.
Хурлыг даргалж буй Ли Чян Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний илтгэл нь улс орон даяарх бүх үндэстний ард түмнийг нэгтгэж, удирдан чиглүүлсэн ХКН-ын замнал, агуу ололт амжилтыг цогцоор нь авч үзсэнийг тэмдэглэв. Тэрээр илтгэл нь ХКН-ыг тасралтгүй амжилтад хүргэх, бүх намын гишүүдэд өөртөө итгэлтэй байж, шинэ замд үргэлжлүүлэн хичээх тодорхой шаардлагыг тавьж, бүх намд урагшилж, шинэ түүхэн алдар сууг бүтээх агуу уриалгыг гаргасан гэдгийг онцоллоо.
Хуралдаанд "7-р сарын 1-ний одон"-ы эзэн, Жилин мужийн Чанчунь хотын Куаньчэн дүүргийн Чаншань Хуаюань хорооны намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ү Ячинь илтгэл тавив.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүд болон ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүд, Цэргийн Төв зөвлөлийн дэд дарга нар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга нар, Төрийн Зөвлөлийн гишүүд, Ардын Дээд Шүүхийн дарга, Ардын Дээд Прокурорын Ерөнхий прокурор, Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дэд дарга нар хуралд оролцов.
Уг хуралдаанд мөн нам, засгийн газрын төв, цэрэг, олон нийтийн байгууллага нэгж, Бээжин хотын захиргааны гол албан тушаалтнууд, бусад улс төрийн намуудын төв хороодын удирдлагууд, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбооны удирдлагууд, түүнчлэн намын харьяалалгүй хүмүүсийн төлөөлөл, Хятадад ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүдийн төлөөлөл, нийслэлийн намын гишүүд болон олон нийтийн төлөөлөл, Бээжинд байрлаж буй цэргийн офицер, цэргүүдийн төлөөлөл зэрэг ойролцоогоор 3000 хүн оролцсон байна.
Г.Бямба
Пүрэв - 07 сарын 02,
2026

Сэтгэгдэл3
Дэлхийн хуваагдал Хятад, Америк гэсэн лагерь болж байна. Чимээгүй тушаал гарч 2026 оны 7 сарын 1 өдрөөс хагас дамжуулагч чип үйлдвэрлэх бүх технологиос хятадыг бүрэн салгажээ. Цаашид мэдлэг боловсрол хүртэл тус тусдаа сална. Монголын нэг зэсийн уурхай үйлдвэр аль нэг талд нь орохоос өөр замгүй болно. Оюутолгойг яахыг бид толгой мэдэх цаг ирж байна.
Брeжнeвийн үёийн Москвад болдог хурлуудтай адилхан том хурал болж !
Дэлхийд асар их өөрчлөлт авчирсан технологийн дэвшил цаашид хүчирхэг улсын өмч болж, жижиг улсууд нь мөлжүүлэх колончлол эхэлж байна.