Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ хуудас нээн, сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг Эрчим хүчний яамнаас 2026 оны зургаадугаар сарын 18-нд олон нийтэд ил тод, нээлттэйгээр зохион байгуулсан.
Улмаар Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нарны цахилгаан станцын төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг амжилттай сонгон шалгаруулсан ажлын хэсгийн гишүүдэд Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.07.01) батламж гардууллаа. Мөн өрсөлдөөнт дуудлага худалдаанд оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулав.
Тэрбээр “Та бүхний ур чадвар, уйгагүй зүтгэл, хоёргүй сэтгэлийн үр дүнд Монгол Улсад анхны нээлттэй дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдаж, 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. Том реформыг зөвхөн улс төрийн шийдвэрээр хийдэггүй.
Түүнийг бодит ажил болгодог хүмүүс бол салбарын мэргэжилтнүүд байдаг. Дуудлага худалдаанд шалгарч, гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн байгуулагдаад 80 гаруй хонож буй Засгийн газрын анхны өдрөөсөө шамдан эхлүүлсэн том зорилтод хамтран оролцож, эрчим хүчний шилжилтийн шинэ хуудсыг хамтдаа нээлээ” хэмээв.
Дээрх аукционд 5-26 жилийн туршлагатай аж ахуйн нэгжүүд шалгаран, нэг кВт.ц цахилгаан эрчим хүчийг хамгийн багадаа 4.85 ам.центээр нийлүүлэхээр болж, хямд үнийг тогтоосон бөгөөд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц батарей хуримтлуурыг ашиглалтад оруулахаар ажиллаж буй.
Ташрамд дурдахад, сэргээгдэх эрчим хүчний дараагийн аукционыг Эрчим хүчний яамнаас зарласан бөгөөд баруун болон зүүн бүсийн таван байршилд нарны цахилгаан станц ба батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.
Лхагва - 07 сарын 01,
2026

Сэтгэгдэл1
Сэргээгдэх эрчим хүч гэж солиорохоо болиод зүгээрл нүүрсний станцууд бариачээ энэ хөлдүү хүйтэн цаг ууртай улс гэдгээ сана бусдыг дууриаж хэрэггүй ашиггүй юмаар цаг мөнгөө үрэх юм