sonin.mn
   "Дорж Шүгдэн сахиус"
 
Бидний мэдэх "Цогт Тайж" кино бол Билгүүн номч Б. Ринчен (1905.11.21-1977.03.04)  гуайн зохиолоор туурвисан хорьдугаар зууны кино урлагийн шилдэг бүтээл. Тэрхүү зохиолын ёгт далд утгуудыг тэр үеийн мэргэд л тодорхойлох байсан байх. 
Тийн боловч үзэх тусам олон олон нарийвчлал зураглал ажиглагдана. Зураг чимэг дээр хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүй дор олноо "Уран" хэмээн алдаршсан УГЗ Д. Данзан (1916.07.01-2005.02.05) багш ажилласан байдаг. Өөр олон зөвлөх мэргэжилтэн болон хуучны ном эрдэмтэй лам нар оролцсон гэдэг. 
Энэ зураг дээр Тавдугаар Далай Лам Лувсанжамц гэгээнтний дүрийн ард Дорж Шүгдэн сахиусны эртний дэлгэмэл хөрөг залаастай байдаг нь их сонин. Тэр үед олон олон бурхан, сахиусны танх байсан авч, яагаад Дорж Шүгдэнгийн хөргийг залав гэдэг нь сонирхол татна.
 
Түмэдийн Алтан Гэгээн (1507- 1582) ханы ач Дөрөвдүгээр Далай лам Ёндонжамц (1589-1661) тодорсон боловч, Төвдийн эрх баригчид түүнийг Лхасад залалгүй байсаар эцэстээ хүлээн зөвшөөрөгдөж, Бодала ордонд заларч ширээнд сууснаар жил тойрон болоод егүүтгэгдсэн учир, түүний хойд дүрийг тодруулах тал дээр Лувсанжамц лам (1617-1682) хөвүүнийг төвдүүд тодруулсан боловч монголчууд үл зөвшөөрөн Банчэн Соднамдагва (1478-)-ын хойд дүрээр тодорсон Брүлгү Дагважанцан хөвүүнийг манай Далай Лам хэмээн дэмжиж байжээ. 
 
Хоёр лам өсөж өндийх үед Брэйбүн хийдийн дээд ордны хувилгаан Дагважанцан лам (1619-1656) эрдэм үйлсээрээ Төвдийн хаан Далай Лам Лувсанжамцаас илүү алдаршиж үйлс нь түгсний шалтгаанаар Төвдийн "Тив удирдагч" буюу "Дэсрид" Соднамравдан тэргүүтэн улс төрийн атаархал болсноор түүнийг бүрэлгэн егүүтгэсэн юм. Түүний дараагаар Брүлгү Дагважанцан ламын таалал номын сахиусны дүрд хувилан Дорж Шүгдэн хэмээн алдаршсан түүхтэй. 
Бас энэхүү киноны нэгэн сонин үзэгдэл нь Төвдийн "Тив удирдагч" буюу "Дэсрид"-ийн ард ханан дээр эртний зээгт наамал таван дүрийн Дорж Шүгдэн сахиусны дэлгэмэл танх залаастай байх нь бүр л их ёгт санаа агуулсан мэт. 
 
Түүхэнд Лигдэн Хутагт хаан (1592-1634) болон Цогт Хун Тайж Түмэнхэн (1581–1637) нарын төвдийн Замба Дэсрид, Бэри хаан тэргүүтэнтэй сүлбээлж Тавдугаар Далай Ламын барьж байсан төрийг булаах бодлого хаана юун дээр очиж алдав гэдэг асуудал гарч ирнэ. 
 
Энэхүү түүхэн сэдэвт кинон дээр тэрхүү адармаатай түүхийг коммунизмын тухайн цаг үеийн суртал ухуулгаар хийгдсэн ч тэр үеийн хуучцуул нууцлагдмал түүхийг их л ёгт утгаар харуулсан хэмээхтэй санал нийлдэг юм. Бас тэдгээр хоёр чухал дүр болох Тавдугаар Далай Лам болон Дэсридийн ард халх тэргүүтэй монголчуудын дэмжиж байсан Брүлгү Дагважанцан ламын хойдын дүр Дорж Шүгдэн сахиусны хөрөг залаатай байгаа нь яалт ч үгүй олон талын эргэцүүлэл хийхэд хүргэв.
 
 
Зава Дамдин ринбүчи
 
16.10.2020. 
Улаанбаатарын балгад.